Д.Баасан ламыг хордож амиа алдсан гэж мэдэгдлээ

Ардчиллын  салхийг Монгол нутагт  сэвэлзүүлсэн гавьяатай   Ардчиллын 13-ын нэг Д.Баасан ламыг  өвчний учир зуурдаар таалал төгссөн гэдэг мэдээлэл нэгдүгээр сарын сүүлээр олонд хүрсэн. Тэгвэл өнөөдөр түүний ар гэрийн хүн болоод хамтран зүтгэж явсан хүмүүс нь хэвлэлийнхэнд хандлаа. Өчигдөр талийгаачийн 49 хоног болсон бөгөөд тэд 50 дахь хоног дээр нь ийн мэдээлэл хийхдээ  Д.Баасан ламыг зуурдаар нас бараагүй, хордож амиа алдсан гэж мэдэгдлээ.

Түүнийг суугаагаараа нас барсаны дараа ойр тойрных нь хүмүүс тодорхой хугацаанд ажигласан бөгөөд гарынх нь  хумс  тас хар болж, нүүрэн дээр нь цохисон мэт хар толбонууд гарч ирсэн байсан гэж хэллээ. Мөн задлан шинжилгээ хийсэн Энхбат гэж залуу эмч үхлийн шалтгааныг нь  гадны хүчтэй хордолтын улмаас нойр булчирхайд нь нөлөөлж амиа алдсан гэсэн дүгнэлтийг анх гаргасан ч, энэ хариу нь гэнэт  өөрчлөгдөж зүрх нь зогссон гэсэн хариу болж хувирсан хэмээн  гэр бүлийнх нь хүн Д.Алтанцэцэг  хэлж байна.

Тэрбээр амтгүй, үнэргүй, өнгөгүй ургамлын гаралтай хороор Д.Баасан ламыг хордуулсан гэж үзэж буй юм байна. Мөн хэн хордуулсан, хор хаанаас ирсэн бэ гэдэг нь тодорхой баримттай мэдэж байгаа гэлээ. Тэгэхдээ хууль хяналтын байгууллага энэ ноцтой асуудлыг үнэн,  шударгаар шийдэхийг  харж, хүлээж байгаа гэлээ.  Учир нь, Чингэлтэй дүүргийн цагдаад шалгуулахаар гомдол гаргасан. Мөн  холбогдох бүх материалыг Прокурорын байгууллагад хүргүүлэхээр зэхэж буй гэв.

Мөн тэрбээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө, лам нарынхаа төлөө ихээхэн зүйлийг хийсэн.  Хийхийн төлөө зүтгэсээр байсан  Д.Баасан ламыг  олон ч удаа хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан гэж байна. Өмнө нь өвчин хэлж байгаагүй Д.Баасан ламын үзэл бодол, тэмцэгч чанарт дургүйцэх хүмүүс лам нар дотор ч багагүй байсан гэлээ. Хэвлэлийн хуралд гэр бүлийнх нь хүнтэй хамт ирсэн Санжааноров гэж лам  “Гандантэгчинлэн хийд бол үнэн үг хэлсэн лам нараа хэлмэгдүүлдэг, улс төр мөнгөний машин болсон газар” гэж байсан юм.

Бат-Болор


URL:

Сэтгэгдэл бичих