Уурхайгаас болж гурван хүүгээ алдсан, нутгаасаа хөөгдсөн иргэдийг яах вэ

Уул уурхайн бүс дэх иргэд ус, гол нь ширгэсэн, тоосжилттой орчинд амьдарч, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохироод барах­гүй амь насаа алдсан тохиолдол ч гарсаар байна. Компаниуд өрөмдлөг хийж, гүн суваг, шуудуу ухчихаад нөхөн сэргээлгүй орхисноос хүн мал осолдож байгаа аж. Хамгийн харам­салтай нь Өмнөговь айм­гийн Гурван тэс сумын малчин айлын бага насны хоёр хүүхэд уурхайн өрөмдлөгөөс шавхаж тогтоосон усанд унаж амь насаа алдсан бол насанд хүрсэн бас нэг хүү нь овоолсон шороонд мотоциколтойгоо он­­хол­­дож нас барсан байна. Нэг айлын гурван хүүхэд үрэгдчихээд байхад хэн ч хариуцлага хүлээлгүй, хэрэг хаагдаад өнгөр­­чээ. Малын гэдэс дотор хар­лаж, хүүхдүүд нь уушгины хатгалгаагаар өвдөх нь энүүхэнд гэнэ. Тиймээс тухайн нутгийн иргэд ямар байдалд амьдарч байгаа талаар хуралд оролцохоор ирсэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын малчидтай ярилцлаа.

Гүнд үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа “Жавхлант орд” уурхайг эсэргүүцэж байна
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын малчин А.Ариунаа:

-Танай сумын хувьд байдал ямар байна. Тоосжилт, усны хомсдол  хэрхэн нөлөөлж байна вэ?

-Зөвхөн гурван том уурхайн үйл ажиллагаанаас болоод хүн мал аяндаа шахагдаад эхэлсэн. Тэнд ямар ч хүн амьдрах нөхцөлгүй, зүгээр л тоосон дотор байж байна. Харсаар байтал бидний ууж ундалдаг ус, гол ширгэж, малын бэлчээр устлаа. Хар багаасаа малаа дагаж ирсэн энэ нутагт усны асуудал хамгийн ихээр тулгамдаж байна. Гол, булаг ширгэж байсан бол одоо худаг хүртэл ширгэлээ.

Одоогоор ашиглалтынхаа лецин­зийг авчихсан хэд хэдэн компани байгаа. Нутгийн гүнд “Жавхлант орд” гээд уурхайн компани үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Үүнийг манай малчид ихээхэн эсэргүүцэж байгаа. Яагаад тухайн орон нутгийн иргэдтэй ярьж, уулзаж байж лицензээ өгдөггүй юм. Бид эсэргүүцэж байна. Энэ компанийн үйл ажиллагааг эхлүүлмээргүй байна.

Бид мал аж ахуйгаа авч үлдэхийн тулд тэмцэнэ гэж бодож байгаа. Уурхайн хавьд байгаа малын гэдэс дотор идэхийн аргагүй буглаа шарх шиг болчихсон байдаг. Тэгээд гаргаж хаячихаад махыг нь идэхээс өөр аргагүй. Одоо уурхайн хавьд ганц хоёр айл байгаа. Энд тэнд нь дэлбэрэлт тэсэлгээ хийгээд л яг л дайны талбарт байгаа юм шиг боллоо.

 
-Малчдын өвчлөл ямар байна вэ. Усны хомсдолд орсон гэж ойлгож болох уу?

-Бид бохирдсон уснаасаа ууж л байгаа. Бидэнд өөр арга байхгүй. Хэдэн жилийн дараа ямар сөрөг үр дагавар гарахыг мэдэхгүй байна. Нарийн шинжилгээнд хамрагдахгүй байгаа болохоор өвчлөлийн талаар хэлж мэдэх­гүй байна. Гэхдээ тэр их тоосжилтод амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Аргагүй эрхэнд л эвлэрээд явж байна. Тиймээс бид нутгийнхаа төв хэсэг рүү уурхай байгуулахыг ерөөсөө зөвшөөрч чадахгүй.

 
-Танай нутаг ховор ан амьтантай, онцгой зохилд­лого­той нутаг гэгддэг. Одоо амьтад хэрхэн нутагшиж байна вэ?
-Уурхайн хавьд байсан хулан, зээр байхгүй болсон. Тэнд байх ямар ч нөхцөлгүй. Гэрийн тэжээмэл тэмээ хүртэл тийшээ бэлчихгүй байгаа. Бид байгалийн нөхөн сэргээлт гэж яриад байдаг. Гэтэл одоо өмнө нь байсан тэр сайхан ан амьтдыг эргүүлж авчирч чадахгүйд хүрсэн. Энэ их харамсалтай байна.

Өсөж үрждэг малаа авч үлдэх үү, хувхайрч барагддаг баялгаа аваад байх уу
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын малчин Ж.Баянбаатар:

-Уул уурхайн үйлдвэрлэл малчдын амьдралд яаж нөлөөлж байна вэ?

-Уул уурхайн тоос шороонд байгаа малын уушиг харалсан тохиолдол зөндөө байдаг. Худаг ус ширгэсэн тохиолдол ч бий. Ингээд бодохоор бид ер нь өсөж үрждэг мал аж ахуйгаа аваад явах юмуу, хувхайрч барагддаг баялгаа аваад явах юмуу гэдэг асуудал хөндөгдөж байна. Монгол хүмүүсийн хувьд үнэхээр эмзэглэмээр зүйл болж байна. Баялгаа аваад явахад монголын мал аж ахуйн дууссан байна.

Хэзээ ч сэргэхгүйгээр устсан байх болно. Тоосжилтийн асуудал үнэхээр хүнд. Ургамал гэж байхаа больсон. Мал байхад хэцүү болсон. Шивээ хүрэн­гийн хилийн наад талын нүүрс тээвэрлэдэг замд тэнгэрт тулсан тоос байдаг. Энэ жил хур бороо сайхан байсан ч ургамал ургахгүй байна.

 
-Усны асуудал ихээхэн тулгам­даж байгаа. Танай нутагт хичнээн гол горхи ширгэсэн бэ?

-Гол ус нь ширгэхээс гадна худаг хүртэл ширгэж байна. Хамгийн сүүлийн жишээгээр найман сарын сүүлээр айлын хоёр худаг ширгэчихсэн. Одоо хаанаас ус авах нь тодорхойгүй. Усны судалгааг аваад үзэхээр бодит амьдралтай зөрдөг. Тухайн нутагт амьдарч байгаа малчид бид ямар гол, булаг ширгэж байгааг мэднэ. “Баясах” багт 20 гол байдгаас 10 нь ширгээд алга болсон. Энэ нь Сүмбэрийн орд хайгуул явуулсны улмаас алга болсон. Салаа болгондоо голтой, булаг, шандтай газар байсан. Малчинд үүнийг мэдэж байгаа.

 
-Малчдын зүгээс төр засагтаа ямар асуудлыг тавьж байгаа вэ?

-Ард иргэдийн санал бодлыг сонсдог байгаа ч гэж хүсмээр байна. Бид эхэндээ төр засаг шийдвэрээ гаргаж, уул уурхайгаар улс орноо өөд нь татах юм байна гэж горьдож харсан. Гэтэл одоо тийм биш юм байна. Тиймээс бид дуу хоолойгоо нэгтгэнэ. Байгалийн баялаг бол ард түмний өмч гэж заасан байдаг. Харин ухаад гаргасан хойноо бол бидний баялаг биш юм байна гэдгийг ойлголоо.

Газар доргитол давхилддаг байсан хулан, зээрийн сүрэг үлгэр боллоо
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн А.Нинжбадгир:

-Одоо танай нутагт байдал ямар байна вэ?

-Хариуцлагатай уул уурхай хүний амьдралд хэрхэн нөлөөлд­гийг би сайн мэдэхгүй. Харин хариуцлагагүй, эмх замбараагүй уул уурхай манай суманд сөргөөр нөлөөлж байна. Ард иргэдийн зан, ёс суртахуун, амьдрах орчин, уламжлалт ёс заншил гээд бүх зүйлд сөргөөр нөлөөлж байна. Уул уурхайгаас болж ан амьтан дайжсан бол одоо нутгийн ард иргэд дайжиж байна.

 

Хүссэн хүсээгүй амьдрах орчин нь танагдаад ирлээ. Агаар орчин нь бохирдож байна. Тиймээс уул уурхайг эхлүүлэхдээ тухайн газрын малчдын амьдрал ахуйг эхлээд тооцож үзэх шаардлагатай юм байна. Манай монголчуудын мөнхийн амьдрал ахуйгаа тэтгэж ирсэн зүйл бол мал аж ахуй. Гэтэл түр хугацааны уул уурхайгаас болоод бидний үргэлж эрхэлсээр ирсэн мал аж ахуйгаа устгах вий гэдгээс үнэхээр айж байна.

 
-Тоосжилт, усны хомсдол малчдад хэрхэн нөлөөлж байна?

-Хуучин булаг, шандтай байсан нутаг одоо усгүй боллоо. Усгүй л бол манай говь нутагт амьдрах аргагүй. Тэгэхээр говьд амьдрал байхгүй болж байна гэж хэлж болно.  Тоосжилт бол манай иргэд, ялангуяа бага насны хүүх­дийн хувьд гол өвчлөл болсон. Уушгины хатгалгаа, харшил бол хүмүүсийн нийтлэг өвчин.

 
-Амьтад одоо хаашаа дайж­ан бол. Нутгийн иргэдэд үзэгддэг үү?

-Манай нутагт хулан, зээр, тахийн сүрэг байсан. Одоо ингээд ярихад бараг үлгэр шиг болж дээ. Газар доргиж байгаа юм шиг давхилддаг байсан нутаг. Одоо бол ганц нэгхэн хулан харагддаг гэсэн. Би өөрөө хараагүй. Хүмүү­сийн яриагаар ганц нэгээрээ явж байгаа хулан дуу чимээнээс үргэж, цочихоо байж, мангар юм шиг болчихсон гэдэг. Зээр үргэж, дайжихаа мэдэхгүй, гэрэл тусгавал хэвтээд өгдөг гэсэн. Олон жолооч явдаг болсон болохоор үнэгэнд янз бүрийн хоол өгчихдөг юм байлгүй их галзуурдаг гэж ярьдаг. Тэгэхээр байгалийн зохицолдолгоо бүрэн ёсоороо алдагдаж байна гэж үзэж болно.

 
-Танай нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудад асууд­лаа тавьж байсан уу?

-Маш их тавьсан. Компаниуд бид хууль ёсныхоо дагуу үйл ажиллагаа эрхэлж байна гэдэг. Хэрэв үйл ажиллагааг зогсоовол манай төлбөр тооцоог гаргаж өг гэдэг. Тэгэхээр ард иргэд бидний талд үйлчилдэг хууль байхгүй. Ганцхан уул уурхайд үйлчилдэг хуультай юм байна гэж л ойлгож байгаа.

М.Сувд

Эх сурвалж:”Монголын Мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих