Үлгэрт итгэх монголчууд

Яг ийм нэртэй нийт­лэлийг жилийн өмнө бичиж байсан юм. Харин өнөөдөр үргэлжлүүлж бичмээр са­нагдлаа.

Үлгэр их олон янз. Ихэмсэг баян хүн ядуу гуйл­гачин болж байгаа тухай, залхуу тэнэгдүү эр заль мэх гаргаад алдар нэртэй болж байгаа тухай, хэн нэгэнд  хүлэг морь нь, загасны уурга нь, атгасан шагай нь тус болж, сайн сайхан амьдралд хүргэж байгаа гээд тоймгүй олон “загвартай”.

Гэхдээ  үлгэрт  баян тар­ган, ихэс дээдэс язгууртан хү­нийг ихэнхдээ  муу муухай, тэнэг мангарын “үлгэр жишээ” болгох нь элбэг. Энэ нь эртнээс нааш хүн байх уг ча­нартай нь холбоотой бо­лолтой. Ерөөс хүн ний­гэм­шин амьдрах болсон үеэс ажил хөдөлмөрөөс хойш сууж, амар хялбар аргаар амь­дарчих сонирхолтой хү­мүүс олон байсан байх.

Гэхдээ үлгэрт баян тарган, ихэс дээдэс язгууртан хүнийг ихэнхдээ  муу муухай, тэнэг мангарын “үлгэр жишээ” болгох нь элбэг.

Энэ нь эртнээс нааш хүн байх уг чанартай нь холбоотой бо­лолтой. Ерөөс хүн ний­гэмшин амьдрах болсон үеэс ажил хөдөлмөрөөс хойш сууж, амар хялбар аргаар амьдарчих сонирхолтой хүн олон байсан байх. Тийм хүмүүсийн хувьд  хөдөлмөр хийж,  эд баялагтай болж байгаа хүмүүстэй эртнээс өстэй. Ингээд л эртний өст язгууртнуудад зориулан тэд­нийг тэнэг мангарын туйл, эргүү зүүлгийн загвар гээд л үлгэр зохиож ярин, түүндээ бага ч болов итгэн өөрсдийн бухимдлаа тайлж байсан болов уу.

Улс орон бүр өөрийн гэсэн үлгэртэй. Зарим улс оронд энгийн тариачин амс­хийх  чөлөөгүй ажиллаж байж амжилтад хүрсэн ту­хай гардаг байхад манай монголчуудын хувьд арай өөр амар хялбар аргаар ам­­жил­тад хүрсэн тухай өгүүл­дэг. Ийм  жишээг  “Буш­хүүгийн үлгэр”-ээс харж болно. Энэ үлгэрт, Лусын хаан гөрөөсний дүрд хувилан явсан охиных нь амийг аварсан Бушхүүд бэлэг болгосон шагай нь түүнийг эхнэр, өргөө гэр, адуу малтай болгодог. Орчин үеийн хэллэгээр бол Лусын хааны бэлгийн шагайг Буш­­хүү дэрлэж унтаад л гүйцээ, өглөө нь бүх юм “ОК” гэсэн үг. Харамсалтай нь энэ бүхэн үлгэр.

Бүр харамсалтай нь үлгэрт итгэх монголчууд олон байгаа явдал юм. Өнөөдөр ч гэсэн хонжворт сугалаанд, утасны хонжвортой нэгжид, лам, зурхайчийн өгсөн тарни шившлэгт зүйлд битүүхэндээ итгэн хэдэн хүн дэрлэж унтах нь холгүй байгаа бол. Тэдний хүсэн хүлээсэн үр нь гэнэт баяжиж, байшин, машинтай болох, алдар нэ­рийн оргилд хүрэх, идэх хоол өмсөж зүүхээр ду­та­хаар­гүй болох тухай.

Өдгөө барууны соёлжсон улс орнуудад сугалаат ху­дал­­­дааны менежмент үеэ өн­гөрөө­сөн, бараг хэрэг­лэ­дэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, суга­лаатай худалдаанд худал­дан авагчид итгэхгүй гэсэн үг. Харин манайд бол тэс өөр. Байр орон сууц, унаа машины сугалаатай худалдаа ар араасаа цуварна. Бие биеэ давах гэсэн учир утгагүй суга­лаат уралдаанууд ар араасаа үргэл­жилнэ. Нийтлэлч Анхаа­­гийн бичсэнээр удах­гүй  байр, машин,  эхнэр ам­­ласан  хонжворт сугалаат ху­дал­даа зарлаж магадгүй бол­чихоод байна.

Ерөөс хүмүүсийн үлгэрт итгэх нэг чухал шинж бол ямар хялбар аргаар баяжих. Ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн биеэ зовоолгүй бая­­жих ямар арга байна вэ. Энэ бол үлгэрт итгэх хүмүүсийн үндсэн сонирхол. Мэдээж эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг зах зээ­лийн зарчмын  дагуу иргэ­дийн  эрэлтэд нийцсэн ний­лүүлэлтүүд байх.

Тэдний нэгийг Саран авхай гэнэ. Мань хүнд ака­демич, зурхайч, шинжлэх ухаа­ны доктор, бясалгагч,  зөн билэгтэн, энерги аура тэнц­вэржүүлэгч  гээд олон цол гуншин байдаг юм билээ.

Гэхдээ тэрбээр бусдад “амар­­хан мөнгөтэй болох аргыг заагч” гэдгээрээ алдар­тай. Ноднин өдийд  “UB палас”-ын их танхимд 2-3 өдөр дараалан уншсан  түү­ний  “Яаж мөнгөтэй болох вэ” лекцийг сонсохоор очсон монголчууд пиг дүүрэн бай­­сан. Лекцийн агуулга хүмүүст их таалагдсан гэ­нэ. Учир нь хүн мөнгөтэй болохын тулд ажил хийхээс илүүтэй  түрийвчиндээ мөн­гөө зөв авч явах ёстой л гэнэ. Тарни шившлэг унших хэрэгтэй л гэнэ,  дороо тойрон эргэлдэх ёстой юм байх. Гол нь эдгээрийг сэтгэлээсээ, үнэн зөв хийгээд  байхад л мөнгө өөрөө түрийвч рүү чинь үсрээд ороод ирэх юм гэсэн шүү. Бүх  насаараа  шинжлэх ухааны мөр хөө­гөөд “баяжиж” чадаагүй нэгэн энэ лекцэнд  очсон гэнэ билээ.

Харин энэ жил Саран авхай маань усны тухай лекц уншсан гэсэн. Чих  та­вин сонирхвол мань авхай энэ талаар бараг л “шинэ ша­шин” нээчихсэн суут нэгэн бололтой.  Түүний шашныг “Усанизм” гээд нэрлэчихэж бол­моор. Одоогоос 2500 га­руй жилийн тэртээ эртний Грекийн анхны философич  Фалес ертөнцийн бүх зүйл уснаас бүтсэн гэж үзсэнийг хүн төрөлхтөн өдий болтол нотолж, танин мэдэж ча­даагүй байсныг  талын  Монголын Саран авхай ийн­хүү 2500 жилийн дараа нотолж байгаа ажээ.

Зүй нь бол түүний энэ алдар гавьяаг Гиннесийн номонд бүртгүүлж,  дэлхийн хэмжээний философич гэж хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ.  Усанизмын гол онцлог  усны тусламжтай хүнийг эмчлэх, эдгээх, баяжуулах явдал гэнэ. Ямартай ч Уса­низмын өөрийн гэсэн “сүм”-тэй бөгөөд энэ сүмд зочлон усны үр шимийг хүр­тэхээр олон хүн  зорьж байгаа  гэсэн.

Дараагийн хүнийг Оюун­гэрэл хатагтай гэнэ. Ма­найхан “Орифлэйм”-ын гэд­­гээр нь андахгүй. Бас л хэцүү зүдүү ажил төрөл хийлгүйгээр амархан баяжих аргыг бусдад заагчдын нэг. “Орифлэйм”-ыг дагавал сард 1-5 сая төгрөг авах бо­ломж­той гэж тэрбээр ухуул­даг. “Орифлэйм” гэдэг нь угтаа бол гоо сайхны бараа бүтээгдэхүүний сүлжээний бизнес. Ерөөс сүлжээний бизнесийн нэг онцлог бий. Пирамид тогтолцоогоор үйл ажиллагаа нь явагддаг тул хэдий чинээ олон хүн энэ сүлжээнд элсэж, энэ ком­панийн бүтээгдэхүүнийг хэ­рэг­лэнэ, төдий чинээ Оюун­гэрэлийн түрийвч түнтийнэ гэсэн үг. Үнэн хэрэгтээ  олон хүнийг ажилтай, орлоготой бол­гож байгаа гэж ярьдаг ч олон хүний  хөлс хүчээр өөрөө хүчирхэгжиж байгаа нэгэн.

Хамгийн сонирхолтой нь Оюун хатагтайн “Хэрхэн арван­хоёрдугаар сарын 21-нд амьд үлдэх” тухай лекц.

Товчхондоо бол мөнгө олох шинэ менежментийн санаагаа Оюун хатагтай “Дэл­хий сөнөх тухай” сэд­вээр сонгоод авчихсан хэрэг. Сонирхолтой нь бидний цөөн  монголчуудын нэлээд хувь нь ашиг хонжоо л олж байвал юу ярьж, юу ч хий­хээс буцахгүй энэ мэтийн хагас галзуу хүмүүсийн ийм эм­гэнэлтэй, инээдэмтэй ч гэмээр ярианд итгэж байгаа нь харамсалтай.

Арванхоёрдугаар сарын 21 болдгоороо болж, амьд­рал үргэлжилдгээрээ үргэл­жилж, дэлхий эргэдгээрээ эр­гэж, нар манддагаараа л ман­дана.  Харин энэ өдрийн дараа худал буруу ярьж, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн хэргээр Оюун ха­тагтай мэтийн хүмүүсийг хариуц­лагад татах хэрэгтэй.

Үлгэр, үнэн хоёрт өдөр шөнө шиг ялгаа бий. Үлгэрт хэдий чинээ итгэнэ, үнэн бодит байдлаас төдий чинээ холдоно гэдгийг сайн санах хэрэгтэй. Энэ мэтийн шашин ч гэмээр, номлол ч гэмээр, яриа ч гэмээр, ятгалга ч гэмээр зүйлд итгэх нь оюун­лаг ухамсрыг боомилж, хийр­­хэлт ухамсрыг өдөөдөг тал­тай.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.