Ё.Отгонбаярын нууж байсан “F” үнэлгээ

Ё.Отгонбаяр ажлаа өгөх хүртлээ нууж дарж байжээ. Үүний нотолгоо нь Олон улсын боловсролын үнэлгээний нийгэмлэг, Германы өгөгдөл дата боловсруулах төв, АНУ-ын Бостон коллеж, Канадын статистикийн газар хамтран хийсэн “ТИМСС ба ПИРЛС 2011″ судалгааны дүн юм. Уг судалгааны дүнгээр Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын чанарын дүгнэлт олон улс дахь хамгийн доод түвшин буюу “F” үнэлгээ авчээ. Тус судалгааны байгууллагад тухайн үеийн БСШУЯ-ны зүгээс 1.5 сая ам.доллар төлсөн байна. Яамны бүтэн жилийн төсвийн тал хувийг тушаан байж хийлгэсэн судалгааны дүн Монголын хүүхдүүдийн боловсролын түвшин шалан дээр байгааг нотолсон хэрэг болжээ. Сонгуулийн дүнд муугаар нөлөөлнө гэж үзсэн бололтой тухайн үеийн яамны удирдлагууд судалгааны дүнг хав дарсан байна. Аль дөрөвдүгээр сард хийгдсэн судалгааны дүн уржигдархан олон түмэнд дэлгэгдлээ. Эцэг эхчүүд бид үр хүүхдүүдээ ямар түвшинд суурь боловсрол эзэмшиж байгааг хараад гутарлаа. Засаг солигдоогүй бол энэ мэтийг нуусаар, бүх асуудал окей гэж ойлгуулсаар дуусгах байжээ. Ё.Отгонбаяр сайд, МАН-ын дарга нар олон зүйлийг ард түмнээс нуусан байж болно. Харин үр хүүхдүүдийнх нь хувь заяаг ээж ааваас нь нууж болохгүй байсан юм. Тухайлбал, сайд асан Ё.Отгонбаяр та боловсролын системийн шинэчлэл нэртэй төсөл боловсруулаад тэрбумаар нь мөнгө угааж байсан нөхдийг нууж болно. Харин түмний үр хүүхдийн боловсролын чанар шалан дээр унасныг нуусан тань дэндүү муухай хэрэг болжээ. Үүний чинь төлөө таныг Их хурлын гишүүний сэнтийгээс буулгамаар байна. Та болоод танай намын дарга нар жилийн 18000 ам.долларын төлбөртэй америк сургуульд хүүхдээ сургадаг байж болно. Харин өөрсдийн хүүхдүүдийн сурч байгаа орчин шигээр ардын хүүхдүүдийг ойлгож болохгүй байсан юм. Та бүхний амьдрал тасарсаан тасарсан. Харин ард түмний амьдрал бол ахиж дэвжээгүй хэвээр байгаа. Хэдэн бор хүүхэд нь нэг ширээн дээр гурав дөрвөөрөө шахцалдаж суугаад хичээлээ хийж байгаа. Үүнээс болж Монголын хүүхдүүдийн 68 хувь нь ямар нэг ужиг өвчний шинж тэмдэгтэй болсон судалгааны дүн хүртэл гарсныг ноён сайдтан мэдэж байсан уу, үгүй юу. Наад захын ийм л юмыг ойлгохгүй, мэдрэхгүй Боловсролын сайдтай байсан нь монголчуудын эмгэнэл юм.

Олон улсад боловсролын чанарын баталгаа болдог дээрх судалгааны “ПИРЛС”-аар дөрөвдүгээр ангийн сурагчдын унших чадварын түвшнийг судалсан бол ТИМСС нь дөрөв болон наймдугаар ангийн сурагчдын математик байгалийн ухааны мэдлэгийн түвшинг тогтоосон юм билээ. Тус судалгаанд 80 гаруй улс орон хамрагдсанаас манай улс анх удаа оролцсон аж. Судалгаанд хотын 12, хөдөө, орон нутгийн 28 сургуулийн дөрөвдүгээр ангийн 43 бүлгийн 1313 сурагч, наймдугаар ангийн 40 бүлгийн 1297 сурагч, тэдний эцэг эх идэвхтэй хамрагдсан байна.

Судалгааны дүнг дүгнэх явцад л эхнээсээ муу дүн авч эхэлжээ. Наад зах нь сургуулиас ирүүлсэн сурагчийн овог, нэр, төрсөн онтой холбоотой мэдээллээс эхлээд их алдаатай, тэр бүү хэл зарим багш, сургууль хэдэн хүүхэдтэйгээ ч мэдэхгүй байсан байна. Тестийн шалгалтын ерөнхий үзүүлэлтээс харвал манай улсын дөрөвдүгээр ангийн сурагчдын хувьд бичгийн хээ муухай, алдаатай бичдэг, уншаад ойлгох чадвар сул байна. Хот, хөдөөгийн зарим сургуулийг харьцуулан нарийвчилсан судалгаагаар хотын захын зарим сургууль хөдөөгийн сургуулиас илт муу байжээ. Хөдөөгийн сурагчдын үзүүлэлт хотынхоос доогуур боловч бичгийн хэв сайн, хариулах чадвар чанартай байсан байна. Ер нь бол сурагчдын унших, ойлгох чадвар муу байгаа нь тестийн шалгалтын үеэр зөв хариултыг таамгаар сонгох, хариултыг багцаалан хайж байгаагаас тодорхой харагдсан гэж судалгааг гардаж хийсэн мэргэжилтнүүд дүгнэлтдээ тусгажээ. Ийнхүү судалгаанд оролцсон дөрөвдүгээр ангийн сурагчдын сурлагын чанарыг хангалтгүй гэж үзсэн бол наймдугаар ангийн сурагчдын тестийн дүнг маш муу гэж дүгнэсэн байх юм. Тухайлбал, Улаанбаатарын сургуулиудын математикийн дундаж дүн 28 хувь, байгалийн ухаан 33.6 хувь гэсэн үнэлгээ авсан байхад Баян-Өлгий аймгийн сургуулиуд математик 14.9 хув, байгалийн ухаан 17.0 хувь гэсэн үнэлгээ авчээ. Нэгтгээд улсын хэмжээнд дүгнэвэл манай улс 39.6 хувь буюу олон улсын үнэлгээгээр “F” үнэлгээ авчээ. Ийм л муу үр дүнтэй гарсан Монголын боловсролын салбарыг шинэчлэлийн Засгийн газар хүлээн авч байгаа бололтой. .Хэдий хугацаанд, ямар үр дүн гаргаж ажиллахыг мэдэхгүй байна. Харин бодит үнэн гэвэл нийтээрээ нийлэг шахуу болчихсон Монголын бага дунд боловсролыг өмнөх засгийн нөхөд Кембирж мембирж гэсэн яриагаар хуурч өнөөдөрт хүрсэн байсан нь л үнэн байна.

П.ХАШЧУЛУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих