Аюулгүй байдал хангагдаагүйн улмаас дахин нэг хүн амиа алджээ

Өчигдөр Баянгол дуүргийн XI хорооны нутаг дэвсгэр буюу Хасбаатарын гудамжинд байрлах 40 дүгээр сургуулийн ард баригдаж буй барилга дээрээс хүн унаж амиа алджээ. Тодруулбал, зургаан давхар 12 айлын орон сууцны хоёр давхрын барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх үед тавцангийн тороос тасарсны улмаас 50 настай Б гэгч унажээ. Яаралтай түргэн тусламжийн дуудлага өгч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн боловч тэрээр гэмтлээ дийлэлгүй амиа алдсан байна. Тус барилга нь иргэн Лхагвадоржийн нэр дээр баригдаж байгаа бөгөөд хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас осол гарсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийнхан болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд шалгаж байгаа аж.

Д.ДАВААСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих