Өвөрхангайн АН-ын хоёр гомдлоосоо татгалзжээ

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сонгуулийн сурталчилгаа хийхдээ хууль зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн шүүх шийдвэрлэсэн. Учир нь тус дүүргийн шүүхэд АН-аас нэр дэвшигч Д.Зоригт болон Г.Батхүүгийн өмгөөлөгч нар гомдол гаргаад байсан юм. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч маргааныг өнгөрсөн долдугаар сарын 3-нд хэлэлцсэн шалтгааныг Онцгой ажиллагааны журмыг баримталсан гэж тайлбарласан билээ. Харин Н.Төмөрхүү, С.Чинзориг нар “Маргааныг харьяаллын бус шүүх хэлэлцэх нь хууль зөрчиж байна” гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэдний гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн сард хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Маргааныг Хан-Уул дүүргийн шүүх бус Өвөрхангай аймгийн шүүх хэлэлцэх ёстой.

Мөн тэднийг сонгогчдодоо архи, чихэр, бэлэн мөнгө тараасан, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд тоглуулсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгасны дараа шүүх маргааныг хэлэлцэх нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан юм. Учир нь сонгуулийн маргааныг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл байхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага шалгасны дараа дахин шүүхэд хандах эрхтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч тал болох АН-аас нэр дэвшигчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд гомдол гаргасан.

Дээд шүүх гомдлыг өчигдөр хэлэлцэхээр товлосон байсан. Гэвч нэхэмжлэгч тал хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзах хүсэлтээ хүргүүлжээ. Тиймээс дээрх хэргийг Дээд шүүх хянан хэлэлцээгүй бөгөөд нэхэмжлэгч талын гомдол гаргаагүйд тооцох аж.

Ц.ӨРНӨХ


URL:

Сэтгэгдэл бичих