Алдарт цайны зам

Хүн төрөлхтөний түүхэнд Ази, Европ тивийг холбосон өнө эртний алдарт хоёр зам байдаг. Нэг нь Монголчуудын соёл, түүхийг агуулсан алдарт Торгоны зам юм. Нөгөө нь Хятадын өмнөд хязгаар Фунчань боомтоос ачаа, бараа тээвэрлэн Москва хүртэл явдаг алдарт Цайны зам билээ. Энэхүү цайны замаар эртний хятадын ааг, амт чанараараа гайхагдсан цай их Оросын хаанд хүрч улмаар Москвагаар дамжин Европ тивд түгэн дэлгэрчээ.

 

Өөрөөр хэлбэл дэлхий дахинаа цай түгэн дэлгэрэхэд Цайны зам ихээхэн үүрэг гүйцэтгэсэнтэй маргахын учиргүй. Хүн төрөлхтөний ахуй, соёлын үнэт өвийн нэг цай хэмээх ундааны анхны түгээх замыг ийнхүү Монгол нутгаар дамжуулсан учраас Цайны зам манай улсын соёл иргэншилд ч ихээхэн нөлөөлсөн байдаг. Цайны замын тээвэр нь Хаалган хотоос үхэр тэргээр жимлэн Замын-Үүдэд ирээд Монголчуудыг хөлслөн тэмээн жингийн цуваагаар Чойроор дайрч, Хүрээгээр дамжин Хярааны хонхорын хилийн харуул хүрч улмаар Хиагт хот ортол явдаг байв.

 

Нэг удаагийн тэмээн жинд ачаа бүхий 1000 шахам тэмээ явдаг байжээ. Хятадын өмнөд боомтоос олон зуун бээр газрыг туулж ирсэн цайны ургамал бүхий ачааг Хиагт хотод хүлээн авах, гаалийн татвар ногдуулах, ангилан ялгах, заримыг нь хагас боловсруулах худалдааны томоохон төв ажилладаг байж. Гадаадаас оруулж ирсэн барааны орос орны анхны хүлээн авагчид болсон Хиагтын худалдаачид тухайн цагтаа үлэмж баячууд байсан тухай түүхэнд тэмдэглэн үлджээ.

 

Гурван зууны турш ердийн хөсгөөр тээвэрлэсэн Цайны замын хөгжилд 1903 онд ашиглалтад орсон Дорнод Сибирийн төмөр зам ихээхэн үүрэг гүйцэтгэж, орчин цагийн цайны бүтээгдэхүүний боловсруулж тээвэрлэхэд шинэ алхам болсон байдаг. Хиагт хотын төв музейд Цайны замын үүх түүхийг агуулсан тусгай тасаг байдаг юм билээ. Оросын алдарт аялагч Мартос 1823 онд бичсэн тэмдэглэлдээ ч түүртэлгүй тайван орж ирнэ” хэмээн бичиж үлдээжээ.

 

Цайны зам Хятадаас улбаалан Монголоор дамжин Европ тивд хүрснээр хүн торөлхтөний хэрэгцээнд хэдэн зуун төрлийн цай, цай бэлтгэх технологи нэвтэрч улмаар цай буцалгах сав, цайны аяга зэрэг нь урлагийн төгс шийдэл бүхий үл давтагдах өөр өөрийн цаг үеийн түүхийг агуулсан бүтээгдэхүүнүүд болсон билээ.
Эх сурвалж: “Соёмбо”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих