Жиргэнгээ «жийлцэв»

Манай төрийн түшээдээс байнга твиттерт жиргэж, бусадтай үзэл бодлоо хуваалцдаг нь цөөнгүй.

Заримдаа аль нэг сэдвээр бүхэл бүтэн хэлэлцүүлэг өрнүүлэх нь ч бий. Саяхан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хандан Жижиг дунд үйлдвэрийг хэрхэн дэмжих гэж байна гэсэн асуултыг нэгэн сонины сэтгүүлч, твиттерээр дамжуулан тавьжээ. Твиттерт юм бичихдээ 140 тэмдэгтэд багтаах шаардлагатай байдаг. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бүхэл бүтэн салбарын болдогыг 140 үсэгт багтааж бичнэ гэдэгт эргэлзсэн бололтой “140 тэмдэгтэд багтааж жиргүүлээд сонин дээр гаргах гэж байгаа юм уу, мөн аюул аа” хэмээн жиргэж орхиж.

Гэвч Х.Баттулга “Бага хүүтэй, урт хугацаатай зээлийн бодлогоор дэмжинэ” гэж бичээд, 73 тэмдэгтэд багтааснаа Ё.Отгонбаяр гишүүнд харуулсан юм. Харин түүний хариулт Ё.Отгонбаяр гишүүн мэдээлэл биш, гарчиг байна хэмээн өдөж, Х.Баттулга сайдын дургүйг хүргэж орхижээ. Өөрийнх өгсөн мэдээллийг гарчиг хэмээн доош хийсэнд эгдүүцсэн сайд Ё.Отгонбаяр гишүүнд хандан Та нар шиг хавтгай лоозон ярьж хуурахгүй л дээ, хүү минь” хэмээн басамжилсан үгээр хариу барьсан юм.
Ийн жиргэнгээ “жийлцэж” байгаа хоёр эрхмийг харсан өөр нэг хүн “хоёр агаа үзэх гээд байна уу, үгүй юу” хэмээн хөндлөнгөөс хошуу дүрээд авав.

Э.ДӨЛГӨӨН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих