Өв залгамжлагчид ба өнөө үеийн залуус

Улс төрд шинэ үеийн залуучууд гарч ирэх цаг нь ойртжээ. Олны танил томчуудын хүүхдүүд өв залгамжлан орж ирж байгаа нь харагдана. “МАК”-ийн захирал Нянтайширын хүү Номтойбаяр, Гадаад хэргийн сайд асан Гомбосүрэнгийн хүү Билэгсайхан, “Гацуурт” компанийн захирал Чинбатын охин Номин, “Их Засаг” дээд сургуулийн захирал Ням-Осорын хүү Учрал, Отгонбилэг агсны хүү Содбилэг, Ерөнхий сайд Батболдын хүү Батбилэг нарын нэрс улс төр, бизнесийнхний дунд ил далд дуулдах болов. Улстөрчдөөс илүүтэй толгой баячууд үр хүүхдээ улс төрд сойж эхэллээ. Эрх танхи охид хөвгүүд ээж, аавынхаа өврөөс гарч Монголын нийгмийн оройлох хэсэгт ханцуй шамлан орж байна. Эд хөрөнгө, эрх мэдэлтэй эцэг эхийн буянд гадаад, дотоодын хамгийн өндөр боловсролоос суралцсаных олны дундаас оройлон гарч ирэхгүй гээд ч яах билээ. Сурсан эрдэм боловсролынхоо ид хавыг эх орондоо гаргахаар ирж байгаа тэднийг алагчлах нь дэмий хэрэг юм. Өнгө мөнгөтэй нь улс төрд ордог гэж адлах биш алгаа тосоод угтах ёстой биш үү.

Сүүлийн үед эрдэм боловсролоор бус эрх мэдэл, хөрөнгөтэй аав, ээжээр нь ялгаварлах хандлага ажиглагдах болов. Боловсролын хэмжүүр нь гол болохоос хэний хүү болж төрсөн нь буруу юу байхав. Өнөөдөр ардын хүүхдүүд гэж нэрлэгдсэн борогхон айлын хүүхдүүд суралцаж, боловсорч чадахгүй байна гэж ялархдаг цаг хэдийнэ өнгөрсөн. Хэн өөрийнхөө төлөө тэмцэнэ, тэр хэнээс ч дутахгүй амьдарч чадаж байна. Өнөөдрийн бодит байдлыг харахад засгаас сар бүр олгодог 21 мянган төгрөгийг хүртэл дугаарлаж авлаа гэж төрдөө тунирхах юм. Энэ нь бэлдээд ирсэн хоолыг халбагадаж өгсөнгүй гэж байгаатай ялгаагүй хэрэг. Өөрийн залхуугаас зуданд мал хуйгаа алдчихаад тэнгэр, төр засагт тэрсэлж сурсан шиг үр хүүхдээ боловсролтой болгож хүмүүжүүлээгүй бурууг хэнээс эрэх гээ вэ? Ардын хүүхдүүд алийн болгон ингэж, тэгж ч чадахгүй байна гэж ялархах юм бэ. Хүн бүрт тэгш хэмээр заяасан тархины хэмжээгээ ихэсгэж багасгахыг та болон таны эцэг эх мэдэхээс бус өрөөлөөс өө эрээд ч яах билээ. Монголын боловсрол Монголд хэзээ ч гологддоггүй. Харин оюутан ахуй цагийг баар, ресторан төдийхөн хэсч дарвидаг жишиг гологдчихлоо. Хэрэв та малчин бол үр хүүхэд чинь сайн сайхан явах нь эргэлзээтэй байхаар өрсөлдөөнтэй нийгэм ирээдүйг тосон хүлээж байна. Хөлсөө дуслуулж махаа барж хүүхдээ оюутан болгоод ч баар хэсдэг жишгээс нэг их гавихгүй өнгөрөөвөл хувь заяаны шоглоом болоод дуусч байна. Энэтхэг шиг баян хоосны ялгаа гарч байгаа өнөө цагт эрдэм боловсролын хэмжүүр улам нарийсах нь. Хэрэв үр хүүхдэдээ хүн шиг амьдрахаар хүмүүжил, боловсрол олгож чадаагүй бол эцэг, эх таны буруу. Нийгмийн хонгор гэдэг шиг хуучныхан шиг үр хүүхдээ олны дунд ижилсүүлээд орхичихдог цаг үе хол өнгөрсөн. Өнөөдөр төр засгаас 21 мянган төгрөг нэхээд янгуучилж суух ахуйд мөнгөөр зодож боловсрол эзэмшсэн нөхдүүд нийгэмд оройлон гараад ирлээ. Төр засагт ялархаж суух зуур таны хүүхэд 16 нас хүрэв үү үгүй юу найз охин, найз хөвгүүн гэж хөнгөн зугаа хөөцөлдөхөөс номын мөр шагайсан нь хэр олон бол. Үр хойч маань номын амтанд дурладаг балчир 12 наснаасаа эхлэн ид согтуурч байна. Хүн болох багаасаа, хэн болох нь сурч боловсрохоос шалтгаалж байна.

Цагтаа хаан лугаа байсан Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийн хүүхдүүд дарангуйлагч нэр зүүж эх орноосоо дүрвэж байгаа бол манай Ерөнхий сайдын хүү эрдмээрээ шигшигдэж гадны том банкийг толгойлчихвол юуны буруу байхав. Ухаантай хүнийг адлах шиг тэнэглэл байхгүй тул боловсрол эзэмшиж байгаа хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсон үгүй. Аливаад өөрийн хөлс хүчээр олоогүй мөнгө хэзээд хүнийх байдаг нь жам. Энэ насандаа үрэвч дуусашгүй хөрөнгө өвлөвч өөрийн бөндгөр нь хоосон бол энэ таны хөрөнгө биш гэдэг нь тодорхой. Улс төрд өдрөөс өдөрт өв залгамжлагчид өсөн торниж байвч өөрийнхөө зам жимээр амьдрах нь ойлгомжтой. Тэгээд ч сурч боловсорсон нь Монголдоо ажиллахгүй юм бол Монгол Улсын төрийн ажлыг хэн хийх вэ. Өнөөгийн төрийн буруу систем, хууль эрх зүйн засаглалын завхралыг мэдлэг нимгэн, хармаа хоосон нөхдүүдэд найдаж үлдээх хэрэг үү. Аливаа өөрчлөлт шинэчлэлийг эрдэм боловсролтой, ахуй амьдралаа өөд татсан нь хийдэг болохоос өлөн ходоод хоосон сэтгэхүйгээр юу бүтээх билээ. Эцэст нь хэлэхэд малчин таны хүүхдэд ч төрийн өндөрлөгт хүрэх боломж бий. Ганц шалгуур нь боловсрол. Гадаадад явж сурч чаддаггүй юм бол дотооддоо үнэн сэтгэлээсээ сайн сурах нь чухал. Дээр хэлсэнчлэн Монголын боловсрол Монголд хэзээ ч гологдохгүй ээ.

Б.ДОЛЗОДМАА


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.