Л.Гүндалай Хөвсгөлийн засаг дарга болох уу

Улс төрийн хүлээлгийн танхимд албан тушаал хүлээн гиюүрч суугаа эрхмүүдийн нэг нь УИХ-ын экс гишүүн Л.Гүндалай. Төрсөн нутагтаа сонгуульд өрсөлдсөн ч парламентын босго давж чадалгүй хашааны гадна үлдсэн тэрбээр Засгийн газарт багтаж Эрүүл мэндийн сайд болох чин хүсэлтэй байсан гэнэ. Гэвч нам нь түүнийг тоосонгүй. Наана байгаа улсаа яая гэж байхад хэмээгээд хялайж ч харалгүй үлдээсэнд сэтгэл жаахан гонсгор байгаа бололтой. Гэхдээ түүнд найдах зүйл бас байгаа. Удахгүй болох орон нутгийн сонгуульд орж улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын суудалд тухлах хүсэлтэйгээ нэг биш хүнд нуулгүй хэлэхэд гэсэн тодотголтойгоор шивнээд амжсан байдаг юм. Харин үүнийгээ илээр хэлэхээ больчихсон байна билээ. Уг нь сонгуулийн дараа аймгийнхаа намын хороог шинэчилнэ, өөрчилнө гэж баахан бужигнуулаад авсан. Энэ үедээ Засагт багтах сонирхлоо илэрхийлээгүй ч Засаг дарга болсон ч яахав маягийн үг унагаад авсан байдаг юм. Гэвч эхний хүсэлт талаар болсноос ч тэр үү элдэв зүйл ярихаа больчихсон байна билээ. Юу хийж байна даа гэсэн энгийн асуултад Тэр зуураа, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд зөөж, цаг гарвал ном уншаад л жаргаж сууна аа” хэмээдэг болж.

Энэ нөхрийг монголчууд 2000 оноос хойш мэддэг болсон. Тодруулбал, 2000 онд Хөвсгөлөөс УИХ-д бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан цагаас нь. Үүнээс хойш УИХ-д гурвантаа сонгогдож төрийн жолоо атгалцаад авсан. Германд хүний их эмч мэргэжил эзэмшиж, хувиараа бизнес хийж чамгүй амжилт олсноороо тэрбээр бахархдаг. Ард түмний нам байгуулж хэсэгтээ л улстөржин шоудаж байлаа. Гэвч Ард түмний нам нийгэмд байр сууриа эзэлж чадалгүй сураг алдарсан. Харин Л.Гүндалай Ардчилсан намд урваж байж улс төрийн тавцанд үлдэж чадсан. Гэвч тэрбээр тийм ч мундаг улстөрч байсангүй. Үргэлж л тулга тойрсон хэрүүл хийж, ангийнхныхаа дургүйг хүргэдэг нэгэн байлаа. Чуулганы танхимд нударга зөрүүлэх, уриа лоозон барьж гүйх түүний энэ араншин бусдад таалагдах гэсэн шоу мэтээр харагдаад өнгөрсөн. Үргэлж л ямар нэг этгээд авир гаргаж бусдыгаа бухимдуулж суудаг Гүндалайн авах сайн чанар хүмүүсийн хов живийг юман чинээнд тоодоггүй. “Би доллар биш учраас бусдад таалагдах албагүй” хэмээн өөрийнхөөрөө зүтгэнэ.

Монголын төрд Гүндалайгийн оруулсан хувь нэмэр гэхээр тодорхой зүйл санаанд ордоггүй. Эмч мэргэжилтэй болохоор нь Эрүүл мэндийн сайд болгож үзсэн. Гэтэл эрүүл мэндийн салбарыг өөд татах нь бүү хэл, өөрийн бизнесийг урагшлуулах урхи болгон ашигласан нь илчлэгдэж Авлигатай тэмцэх газрын хаалга татаж улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэх эрсдэлтэй нэг биш тулгараад авсан. Албан тушаалаа ашиглаж төрийн өмч, хөрөнгө завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав, 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар гэм буруутай нь нотлогдсоныг хуулийн байгууллага тогтоосон ч тэрбээр Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлт гаргаж ялаас мултарч дөнгөсөн. Тойрогтоо хааяа нэг үзэгдэж, талх тарианы хэд гурван төгрөг шидэхээс өөр зүйл хийгээгүй гишүүндээ итгэл алдарсан нутгийн олон энэ удаа өнжөөх шийдвэр гаргасан ч экс гишүүн Их хуралд болдоггүй юм бол аймагт ноён сууна хэмээн зүтгэж магадгүй л сураг байна билээ. Ардчилсан намд талтай хөвсгөлчүүд түүнд Засаг даргын суудал өгч мэдэх юм. Тэгээд ч АН засаг барьж, өөрийн хүмүүсээ мэргэжилтэй, мэргэжилгүй хамаагүй албан тушаалд зүтгүүлж байгаа болохоор Л.Гүндалайд ч хонгилын үзүүрт гэрэл харагдаж буй биз. Гэхдээ хөвсгөлчүүд ямар сонголт хийхийг таашгүй. “Нутгийн унаган хүү нь та нарыгаа мартахгүй, Хөвсгөл нутгаа хөгжүүлээд өгнө” гэсэн амлалтаа 12 жил биелүүлээгүйг нь сануулж ч мэднэ.

Б.Ганаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.