Арабын ертөнц дэх ард түмний эсэргүүцэл ба дайн дажин

Хойд Африк болон Ойрхи Дорнодод өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг ус буцалж байгаа тогоотой зүйрлэхээр байлаа. Олон улсын эвслийн цэргийнхэн бямба гаригт Ливийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлэв. Франц, АНУ, Их Британ улсуудын онгоцууд Ливийн Агаарын довтолгооноос хамгаалах объектуудад агаараас цохилт өгсөн байна. Мөн АНУ, Их Британын байлдааны хөлөг онгоцуудаас далавчит пуужингаар цохилт өгчээ. Үүнд дургүйцсэн ард түмний дургүйцэлийн давалгаа бүх арабын ертөнцийг хамраад байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт НҮБ-ийн АЗ-д ширүүн маргаан болсны эцэст Жамхария дээгүүр хүчээр нислэггүй бүс байгуулахыг дэлхийн хамтын нийгэмлэгт зөвшөөрөх тогтоолыг сайшаажээ. Ингээд маргааш нь Ливийн цэргийн байгууламжуудад агаарын үргэлжилсэн цохилт өгч эхэлсэн байна. Харин иргэний зориулалттай байгууламжуудыг бөмбөгдсөн гэж Триполь, Барууныхныг буруутгасан аж. Харин Пентагон бөмбөгдөх ажиллагаа олон үе шаттай явагдана гэж мэдэгджээ. Түүнчлэн агаарын цохилт “НҮБ-ийн АЗ-ийн тогтоолд заасан нөхцлийг Каддафи биелүүлэх хүртэл үргэлжлэх болно” хэмээн Францийн ГХЯ-ны сайд Ален Жюппе мэдэгджээ. Ливи улс энэ тогтоолыг хүчингүй гэж мэдэгдээд, НҮБ-ийн АЗ-ийг яаралтай хуралдуулахыг шаардсан байна. Харин барууныхан хөндлөнгөөс оролцож байгаа нь байдлыг доройтуулна гэж Стратегийн үнэлгээ, судалгааны хүрээлэнгийн шинжээч, дорно дахиныг судлаач Сергей Демиденко үзэж буй аж. Тэрбээр “Олон улсын хамтын нийгэмлэг нөхцөл байдлыг сайн задлан шинжлэлгүйгээр Каддафид үзүүлэх дарамтаа нээлттэй хийж эхэллээ. Барууныхан буцах замаа өөрсдөө богинохон хугацаанд үгүй болголоо. Одоо тэд Каддафид үзүүлэх дарамтаа гүйцээхээс өөр арга байхгүй, Ливи улсад үзүүлэх даралт шахалт улам л өсөх болно. Байдлаас харахад Ливийн дотоодын сөрөг хүчин энэ дэглэмийг өөрчлөх чадваргүй болоод олон улсын оролцоо хэрэг болсон байх. Зарчмын хувьд Каддафи сөрөг хүчнийг ойрын үед дуусгах боломжтой. Хэрвээ дэлхийн хамтын нийгэмлэг саад болоогүй бол үүнийг аль хэдийн хийчэх байсан” хэмээн мэдэгджээ. Мөн Ливид гадаадын цэрэг халдан довтолж байгаа нь хөрш орнуудад олныг хамарсан эсэргүүцэл үүсгэж мэднэ гэж шинжээчид үзэж буй аж. Тэртэй тэргүй ойрхи дорнодын бүсийн болон хойд Африкийн ихэнх улсуудад одоогийн дэглэмдээ дургүйцсэн жагсаал цуглаан болж байгаа юм. Ардчилсан өөрчлөлт хийнэ гэсэн хааныхаа амлалтад итгэхгүй байгаа Бахрейн сөрөг хүчнийхэн дахиад л гудамжинд гарлав. Харин Бахрейн төр засагт туслахаар Саудын Арав болон Арабын эмирүүдийн нэгдсэн улсуудаас ирээд байгаа 1500 цэрэг, цагдаа нар түгшүүртэй байдлыг улам дэвэргэж байна. Энэ улсад болж байгаа эмх замараагүй байдал Саудын Аравын Зүүн мужуудад үсэрхийлэв. Тус улсад хууль ёсоор хориглосон эсэргүүцлийн ажиллагааг Хаант улсын аюулгүй байдлын хүчин хатуугаар нухчин дарж байгаа юм. Энэ давалгаа Абдалла хааныг урьд үзэгдээгүй алхам хийхэд хүргэж байна. Хаан түүхэндээ анх удаа үндэстэндээ хандаж хэлсэн үгэндээ ард түмнийг дэмжих нийгмийн шинэ арга хэмжээний тухай мэдээлэв. Харин Ойрхи Дорнодод ард түмний эсэргүүцэл болоогүй байгаа цорын ганц улс болох Арабын эмирүүдийн нэгдсэн улсын төр засаг ард түмнийхээ шаардлагыг биелүүлэхээр болсон байна. Тус улсын түүхэнд хоёр дахь удаагаа есдүгээр сарын 24-нд Холбооны үндэсний зөвлөлийн сонгууль болох юм. Ардчилалын үнэ цэнэтэй зүйлийг дагаж мөрдөх байдлаа Египетийн шинэ төр засаг ийнхүү харуулж байна. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар бүх ард түмний санал хураалт энэ сарын 19-нд тэнд болсон. Хосни Мубаракыг огцруулснаас хойш улс орныг удирдаж байсан Египетийн ЗХ-ний Цэргийн дээд зөвлөлийн үзэж байгаагаар энэ нь төр засгийг иргэний удирдлагад шилжүүлэх тийшээ хийж байгаа анхны алхам юм. Харин Мубаракыг эсэргүүцэгчид өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаа бололтой сүүлийн өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал хийгээгүй байна. Харин төр засаг нь өөрчлөгдсөнЕгипет, Тунис улсуудад болсон үйл явдалд урамшсан Йеменийн сөрөг хүчин үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа юм. Тэд тус улсыг 30 гаруй жил удирдаж байгаа ерөнхийлөгч Али Абдалла Салехыг огцоруулахыг эсэргүүцэгчид шаардаж байгаа. Тус улсын нийслэл Сана хотод төрийн тэргүүний талынхан болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болсон ба дэмжигчдийн талд аюулгүй байдлын хүчний төлөөлөгчид байсан байна. Амь насаа алдсан хүний тоо 47-оод хүрсэн ба 200 гаруй хүн шархадсан учир тус улсад онц байдал тогтоогоод байна. Харин Алжирын нийслэлд жагсагчдыг тараасан байна. Тус улсад 19 жил үргэлжилж байсан онц байдлын дэглэмийг 2-р сард өөрчлүүлж чадсан сөрөг хүчнийхэн эрх барьж байгаа дэглэмийг өөрчлөхийн төлөө тэмцэж байгаа юм. Олныг хамарсан жагсаал цуглаан хийж чадахгүй байгаа учир нь аюулгүй байдлын хүчнийхэн нулимс асгаруулагч хий ашиглан эсэргүүцлийн маршийг төвөггүй тарааж байна. Мөн Башар Асадыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд цуст мөргөлдөөн Сири улсад боллоо. Ямарч төрлийн эсэргүүцлийн жагсаал тэнд баривчилгаагаар дуусч байгаа ч гэсэн “эрх чөлөө, ардчилалын” шаардлага намжихгүй байна. Ойрхи Дорнод болон Хойд Африкт болж байгаа тогтворгүй байдал дэлхийн зах зээл дээр үнэт металл, хүнс, эрчим хүчний түүхий эдийн үнийг эрс өсгөж байна. Шинжээчид эхлээд дамын наймаачдын түр зуурын өсгөлтийн тухай ярьж байсан бол одоо удаан хугацааны өсөлтийн тухай гутрангүй таамаг өгч байна. ОУШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Арабын судалгааны төвийн удирдагч Александр Филоник “Ойрхи Дорнодын нөхцөл байдал анир чимээгүйг амлахгүй л байна. Тэнд нөхцөл байдал маш түгшүүртэй байна. Процесс өргөжих хандлагатай байгаа болохоор цаашид ийм байдлаар үргэлжлэх юм бол дэлхийн зах зээлийг тийм ч сайн биш цаг үе хүлээж байна” гэжээ. Хэрвээ арабын орнуудын улс төрийн эсэргүүцэл дээр өлсгөлөнчүүдийн эсэргүүцэл нэмэгдэх юм бол төр засаг зөвхөн улс төрийн биш нийгмийн асуудлуудыг зайлашгүй шийдэх хэрэгтэй болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих