Магадланд орж суллагдсан Д.Сүрэнхор ил гарахаас эмээж байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг ид мандаж явах цагт түүний нэр сүр, далбаан дор улс төр гэгч халуун тогоонд багтсан хүмүүсээс нэрлэвэл Д.Загджав, Г.Занданшатар, Г.Шийлэгдамба, Я.Сод­баатар, У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар, Су.Батболд, Чимэдцэрэн, У.Барсболд, талийгаач Ц.Түмэнгэрэл гээд уртаас урт жагсаалт хөвөрнө.

Тэднээс цоо шинэ, цуу цөөтэй нэгэн залуу олны анхаарлыг тухайн үедээ ихэд татаж байсан нь Д.Сүрэнхор. Монголын ард­чилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ) гэж байгууллагаар дамжсан олон сайхан залуу муугаа үзсэний нэг нь тэр.

Түүнийг баруун, зүүн сугандаа хавчуулж явсан хүн нь Д.Идэвхтэн гэгддэг. МАСЗХ-нд гишүүнээр элсээд улс төрийн учир начрыг ухаж амжаагүй балчир залууг гэнэт л Ху намын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дар­гаар тавьсан. Төд удалгүй шууд төрийн яамны гуравдугаар хүн болгосон.

Тухайн үед ҮХЯ-ны сайдаар Н.Энхбаярын хүн болох “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзо­риг ажиллаж байсан учир Д.Сүрэнхорыг яамных нь Төрийн нарийн бичгийн даргаар шахаж. Гэвч хар багаасаа мөрийтэй тоглоомонд донтсон түүнд энэ алба гай болж, улсын мөнгөнд гар дүрэхэд хүргэжээ.

Д.Сүрэнхор Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг сох дутаасан Ц.Чимэдцэрэнгийн хамгийн дотны найз. Тэд цөөнгүй удаа хамтдаа Солонгос руу явж казино тоглож байжээ. Түүнийг эхнэрээ тоглоомд уруу татаж оруулсан ч гэдэг юм билээ.

Хэрэг хуучирдаггүй. ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа мөрийтэй тоглоомонд донтож, албаны унаа машин, ажилтнуудын цалин хөлсөөр тоглож, 180 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан түүний үйлдэл тогтоогдож, дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Эхнэр нь хэрэгт холбогдсон нөхрөө гадагш нь зугтаалгах гэж чамгүй зүтгэсэн гэдэг.

Улс төрийн хүрээнийхний дунд байдаг яриагаар бол түүнд улс төрийн өндөр албанд очсоныхоо төлбөрийг төлөх мөнгө байгаагүйгээс толгойгоо ашиглаж мөрийтэй тоглож эхэлсэн гэдэг.

Түүнд 2006 оны гуравдугаар сард 20646050 тоот хавтаст хэрэг нээсэн юм. Оргон зайлахад нь өөрийн хамаатан болох цагдаагийн байгууллагын нэгэн томоохон албан тушаалтан оролцсон гэж эх сурвалжууд мэдээлдэг.

Н.Энхбаярын “шадар цэргүүд”-ээс Д.Загджав Д.Сүрэнхорыг мөрийтэй тоглоомын ертөнц рүү анх хөтөлсөн гэдэг.

Д.Сүрэнхор Австрийн цагаачлалын албанд С.Батсайхан гэсэн нэрээр бүрт­гүүлсэн нь интерполынхны хараанд өртсөн байж. Мөн зүсээ хувилган сахал тавьж, гаднаасаа сүрхий өөрчлөгдсөн байсан гэдэг.

Улсад их хэмжээний хохирол учруулсан, улмаар гадаад руу оргон зайлсан Д.Сүрэнхорыг хууль хяналтынхан дөрвөн жилийн турш эрэн сурвалжилсны үр дүнд Австри улсад нуугдаж байхад нь баривчилж, 2010 оны гуравдугаар сарын 13-нд Монгол Улсад авч ирж хорьсон билээ.

Д.Сүрэнхорд 2010 онд гурван шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3-д заасан үндэслэлээр долоон жил хорих ял ногдуулж, гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан дөрвөн жилийн хорих ял оногдуулсан юм.

Түүнийг хоригдсоноос хэдхэн сарын дараа буюу 2010 оны 10 дугаар сарын 16-ны үүрээр эхнэр Д.Эрдэнэ-Отгон нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад Баянгол дүүр­гийн нутаг дэвсгэр, вок­залын арын замд Ш гэг­чийг дайрсан.

Улмаар хэргийн газраас зугтаж, талийгаачийн цогцсыг 750 метр газар чирсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

Д.Эрдэнэ-Отгонд Эрүүгийн хуулийн 215, 216 дугаар зүйлд зааснаар ял төлөвлөж, шалгаж эхэлсэн ч хэргийг прокурор, шүүх рүү хэд хэдэн удаа шилжүүлэн мөрдөн байцаалт дутуу гэсэн шалтгаанаар буцсаар байгаа.

Мөрийтэй тоглоомоос болж, амьдралынхаа зур­гаан жилийг оргож, зугтаж, шоронд хоригдож өнгөрүүлсэн Д.Сүрэнхор магадланд орж хугацаанаасаа өмнө суллагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ.

Өнөөдөр тэрээр чимээ аниргүйхэн, хүн амьтантай уулзаж, ил гарахыг төдийлөн хүсэхгүй байгаа аж. Тэр “Ямар хүнд гайхуулаад байх зүйл хийчихсэн биш дээ” хэмээн санааширч суугаа гэх.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих