Н.Энхбаярын хамсаатан Ж.Мягмаржаргалын ходоод хагарч, эрчимт эмчилгээнд шилжжээ

МАХН-ын экс дарга, ялтан Н.Энхбаяртай хамгийн ойр байсан хүмүүсийн нэг бол “саятан” хэмээх хочит Ж.Мягмаржаргал юм. Тэрээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг авлигын хэргээр дөрвөн жилийн ял аваад явахад чирэгдсэн хүн.

Н.Энхбаяр 982 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрт гаргуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан нь Ж.Мягмаржаргалтай холбоотой байж.

Н.Энхбаяр нарын хавтаст хэрэгт буйгаар БНХАУ-ын Хонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэх хоёр компанийн нэрээр “Эрдэнэт” үйлдвэрт удаа дараа ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан, их хэмжээний мөнгө залилсан болохыг хууль хяналтынхан тогтоосон байдаг.

Тэрээр 2005 оны гуравдугаар сарын 25-нд H-L-240305, 2006 оны зургадугаар сарын 27-нд H-L-230606 тоот гэрээ, 2007 оны аравдугаар сарын 24-нд 1.6 сая ам.долларын өртөг бүхий 4000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулсан ч бултжээ.

Энэ гэрээнээс л гэхэд нийтдээ 3.4 сая ам.долларын ган бөмбөлөг нийлүүлнэ” гэж бусдыг залилсан байна. Үүний улмаас улсад их хэмжээний хохирол учирсан байдаг.

Харин дээрх хоёр компанииг төлөөлөн Ж.Мягмаржаргал зуучлан хэд хэдэн удаа гэрээ хийсэн, ган бөмбөлөг нийлүүлэх урьдчилгаа төлбөр болгон дөрвөн сая шахам ам.доллар авсан болох нь ч тогтоогджээ.

Тэр “Эрдэнэт” үйлдвэр рүү Н.Энхбаярын тусламжтайгаар зуучлагч болж шахааны бизнесээ хийдэг байсан нэгэн.

Төрийн тэргүүний тусламжтайгаар бизнесээ төвөггүйхэн явуулсныхаа дүнд Н.Энхбаяртай ашиг хуваадаг байсныг ч хуулийнхан тогтоосон байдаг.

Удаа дараа Ерөнхийлөгчөөс дэмжлэг авч байсан Ж.Мягмаржаргал О.Цолмонгийн үеэл. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр эхнэрийнхээ үеэл Ж.Мягмаржаргалын бизнесийг цэцэглүүлжээ.

Харин Ж.Мягмаржаргалд мөрдөн байцаалтын явцад ЭБШХ-ийн 243.2 гэх зүйл ангийг нэмсэн. Энэ нь “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг давтан зохион байгуулсан” гэх зүйл анги.

Түүний “саятан” гэх хоч ч энэ зүйл ангитай холбоотой. Өөрөөр хэлбэл, тэрбээр томоохон мөрийтэй тоглоомын газруудаар орж гарахдаа хэдэн саяар нь тавьж тоглодог байсан нь “саятан” гэх хочтой болгожээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамт шүүхээс ял авсан Ж.Мягмаржав өчигдөр улсын нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт шилжжээ.

Цагдан хорих төвийн өрөөнд өнгөрсөн ням гаригийн орой түүний ходоод хагарч, цус их алдсан талаар эх сурвалж мэдээллээ. Зарим хэвлэлд түүний зүрх, элэгнийх нь өвчин ч сэдэрсэн талаар мэдээлж буй юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих