Мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй “алуурчин” барилгуудаас залуусынхаа амийг НЭХЭМЖИЛЬЕ

Өнгөрөгч есдүгээр сар барилгын салбарт хар түүх үлдээсэн гэж хэлж болно. Улаанбаатар хотын зайтай нүх сүв бүрийг бөглөн зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр барьж буй барилгууд монгол хүний эрдэнэт амийг зуурдаар авч одох боллоо. Үүний гол шалтгаан нь хариуцлага алдсаных. Эмч хүн л хариуцлага алдвал хүний аминд хүрнэ гэсэн ойлголт ард үлдэж толгойтой хүн бүрээс хариуцлага, анхаарал шаардах болов.

 

Зөвхөн барилгаар овоглосон “аллагууд” долоо хоног дараалан гарах болсон нь нийгмийг тэр чигээр нь айдаст автуулж хотын гудмаар амар тайван алхах аргагүй болгоод байна. Уг сэтгэл сэртхийлгэм осол 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн цуварсан. Өмнө нь ч ийм хэргүүд гардаг байсан бөгөөд интернет, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хурд сулхан байсан учир тэр хавьд нь аргалаад дардаг байж. Харин одоо бол осол гарсан газар байсан хэн ч болов гар утасныхаа тусламжтайгаар фэйсбүүкэд мэдээлэхэд л хангалттай болсон.

 

Ингээд олон ээжийн өрийг эмтэлсэн, олон гэр бүлийг өнчирүүлж хагацаасан ослын шалтгааныг тоочъё. Үүнд нэгдүгээр мөнгө хамгийн том хүчин зүйл. Монголд арай гайгүй хөлжиж, мөнгөний амтанд орсон хүн бүр барилга гээч хатуу бизнесээр хууль зөрчин тоглох болсон. Тэд хамгийн хямд материалыг урд хөршөөс эзэдтэй нь оруулж ирээд нүд ирмэхийн зуур чанартай чанаргүй барилгуудыг хүүхдийн тоглоомын талбай, хөгшидийн нарлан суух газарт босгоно. Муу амлаж байгаа юм биш эдгээр барилгууд дууссан хойноо ч аюул учируулж, хүний аминд хүрэх магадлалтай.

 

Учир нь эдгээр чанаргүй шавар “тоглоомуудыг” хямдыг нь бодолцож барьсан болохоос чанарыг эрхэмлээгүй! Урд хөршөөс орж ирсэн барилгачид ч бас мэргэжил эзэмшээгүй, бичиг баримтгүй байгаа нь шалгалтаар илэрсэн. Үүний нэг жишээ бол 12 настай охины аминд хүрсэн Хятад ажилчин. Охины амийг захиалагч, гүйцэтгэгч компаниуд, түүний хятад ажилчин “төлөх” ёстой. Ослын шалтгааныг тогтоохоор хэргийн газар очиход “Караны хойд талд байрлах хоёр тулгуурын баруун талыг нь дутуу тавьснаар секцийг сунгах үед үүсэх ачааллыг даалгүй унасан нь ослын шалтгаан хэмээн таамаглаж байгаа талаар хавтаст хэрэгт тэмдэглэжээ” Анхнаасаа бөгс эргэх зайгүй газар каран эргэх боломжгүй байсныг хүн бүр мэдэж байгаа.
Мөн иргэн К.Пүрэвийн нэр дээр баригдаж буй Чингэлтэй дүүргийн 5-р хороо “Тэнгис” кино театрын зүүн урд баригдаж байгаа барилга мөн л нэг монгол ирээдүйн амийг авч одсон. Шалгалтаар тус барилга дээр тоочоод баршгүй олон зөрчил гарсан нь үнэхээр хэлэх үг олдоогүй.
Дараагийн нэг том хөшүүрэг бол мэргэжлийн бус “барилгачид”. Захиалагч компани барилга барих байтугай машин эргэх зайгүй газрыг худалдан авч гүйцэтгэгч компанид дамжуулснаар ажил эхлэнэ. Харин энэ гүйцэтгэгч компани бол тогтсон ажилчин байхгүй хөлсний хүмүүсийг цуглуулан баригада бий болгодог газар. Энд нэг цалин түгээж дундаас нь цавчаа хийдаг мэргэжлийн бус хүн байдаг. Эдгээр мэргэжлийн бус ажилчид хэрхэн бий болдог вэ гэхээр дунд сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүд, гэртэй ажилгүй суугаа залуус өдрийн 15-20 мянган төгрөгний цалин харж барилга дээр гардаг.

 

Мэдээж эдгээр хүмүүс барилгын стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэргийн талаар ойлголт юу ч байхгүйн дээр тэдэнд чадахгүй юм байхгүй. Чаднаа чадийшт урайтай. Үнэхээр барилгын салбараа хөгжүүлж бусад улс орны дайнд хүрэх санаа байгаа бол юун түрүүнд барилгачидын дунд зэрэглэл тогтоох нь зөв. Ингэснээр арай чанартай барилга тэдний гараас гарч, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ч бага багаар дээшлэх бизээ. Ингээд хөл толгой нь алдагдсан энэ барилгын салбараас болж тэнгэрт одсон монгол хүний амийг үнэ цэнэтэй нь  бид нэхэмжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих