Хоёр хүний дунд нэг мод ногдож байна

Өчигдөр “Иргэний оролцооны танхим”-д “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сайжруулах асуудал”сэдэвт иргэний хэлэлцүүлэг боллоо. Энэ талаар НХТГ-ын дарга Д.Энхсайханаас тодрууллаа.

-Өнөөдрийн хурлаар ямар шийдвэр гарав. Мөн Нийслэлийн ногоон байгууламжийг ямар байгууллага хариуцаж ажилладаг юм бэ?

-Өнөөдрийн /өчигдөр/ хурлаар Улаанбаатар хотод ногоон байгууламжийн бодлого алдагдсан байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа. Ер нь Хот нийтийн аж ахуйн хэлтэс нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг хэрэгжүүлдэг. Гэтэл тэнд ганцхан мэргэжилтэн байдаг. Тэр хүн л Улаанбаатар хотын ногоон байгууламжийн бүх бодлогыг хариуцаж явдаг.

-Ногоон байгууламжид зориулагдах мөнгө төсөвлөгддөг биз дээ?

-Дүүрэг бүрт ногоон байгууламжийн ажил ямар ч төлөвлөлтгүй, мөн хяналтгүй байсан байна. Уг нь жил бүр дүүргүүдэд орчны тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр тус бүрт нь хоёр тэрбум төгрөгийг тусгаж өгдөг. Гэтэл тэр мөнгө нь ногоон байгууламжид зарцуулагддаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь тендерт нь нэг барилгын компани шалгараад, орчны тохижилтод төсөвлөгдсөн мөнгөний ихэнх хувийг нь зарцуулаад ногоон байгууламжид 10 хүрэхгүй хувийг зарцуулдаг. Түүнчлэн гүйцэтгэлийн ажлыг мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэдэг гэх зэрэг олон сул талтай байна. Тиймээс ногоон байгууламж, орчны тохижилт хоёрыг салгах хэрэгтэй.

-Ногоон байгууламжийг сайжруулахын тулд ямар ажил хийж хэрэгжүүлэхээр болсон бэ?
-Хурлын үеэр иргэдээс олон зөв зүйтэй санал, санаачилга гарч байна. Тухайлбал, эхний ээлжинд Нийслэлийн өмчит орон нутгийн ногоон байгууламжийн үйлдвэрийн газрыг байгуулах, эсвэл хот тохижилтын харьяа мэргэжлийн 300 хүнтэй хот тохижилтын цэцэрлэгжүүлэх анги байгуулах хэрэгтэй гэх зэрэг олон санал, санаачилга гарсан. Ер нь ногоон байгууламжийг мэргэжлийн хүмүүс хариуцаж ажиллах хэрэгтэй. Учир нь зүлэг, модыг тарихдаа тодорхой стандартын дагуу тариагүй учир Нийслэлийн ногоон байгууламжийн асуудал ийм байдалд хүрсэн.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн мод байдаг юм бэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд 724 мянган ширхэг мод байгаа. Үүнээс 120 гаруй мянга буюу 20 хувь нь ургалтын доройтлын байдалд орсон байна. Тиймээс энэ тал дээр маш хурдан хугацаанд бодлого боловсруулж ажиллахгүй бол ургалтын доройтолд орж буй модны тоо жилээс жилд өсөх хандлагатай байгаа.

-Олон улсын стандартад нэг хүнд хэдэн мод ногдох ёстой байдаг вэ?

-Ер нь стандарт хэмжээ нь нэг хүнд 15-20 ам метр ногоон байгууламж буюу нэг хүнд 5-6 ширхэг мод ногдох ёстой байдаг. Гэтэл одоогийн байдл аар манайд нэг хүнд 1.6 ам.метр ногоон байгууламж буюу хоёр хүний дунд нэг мод ногдож байгаа. Түүний 20 гаруй хувь нь ургалт доройтолтын байдалд орсон гэхээр Улаанбаатар хотын ногоон байгууламж ямар байдалд хүрсэн нь тодорхой байна.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих