Р.Амаржаргал: Нөгөө гоё шинэчлэлээ яаж хийх гээд байгаа нь тодорхойгүй байна

Эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөлийн хуралдаан хоёр өдөр болж өндөрлөлөө. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Энэ удаагийн хэлэлцүүлгээр нэгдсэн ямар ойлголцолд хүрэв?

-2009 оноос ерөнхийдөө макро эдийн засгийн асуудал, арга механизмын талаар санал бодлоо солилцдог болъё гэж нэлээд хөөцөлдөж, хууль санаачилж явсан юм. Уулзалтууд ч өргөн цар хүрээтэй асуудлынхаа гүнрүү орсон байдалтай болж байгаа гэж хувьдаа үзэж байна.

Өмнө нь Ерөнхийлөгчийн тамгын газар өөрсдөө санаачилж дангаараа хийдэг байсан бол энэ жилээс УИХ-ын болоод төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хийж байгаа нь шинэлэг болоод нэлээд үр дүнгээ өгч байгаа нь ажиглагдаж байна.

Мөнгөний бодлогын талаар Монгол банкны ярьж байгаа зүйл нь өөрөө их тодорхой, ойлгомжтой байгаа. Харин эрэлт талыг нь тэд өөрөө хариуцаад хийчихнэ. Нөгөө талын хамгийн гол асуудал бол нийлүүлэлт.

Үүн дээр л Засгийн газар хийх ёстойгоо хиймээр байгаа юм. Монголын эдийн засгийг ямар ямар хүчин зүйл хязгаарлаад байгаа талаар бодолцох ёстой. Одоогоор эрчим хүчний асуудал тун хүнд байна.

Барилгын ажлын эрчим хүчийг нь хүртэл хязгаарлаад байгаа юм. Тэгэхээр эрчим хүчний салбараа Засгийн газрын зүгээс барьж авч, хөрөнгө оруулалтаа хийх шаардлага зайлшгүй урган гарч байна.

-Тэгэхээр эрчим хүчний асуудлаа яаралтай шийдэхгүй бол инфляцийг Монголбанкны яриад байгаа найман хувьд хүргэж чадахгүй нь гэж ойлгож болох уу?

-Эрчим хүчээ шийдэхгүй бол үр ашгийн тухай ярих хэрэггүй. Инфляц гэдэг зүйлээс чинь салж чадахгүйд хүрнэ. Тэр ч бүү хэл эдийн засгийн өсөлт, ажлын байр гээд бүх зүйл зогсонги байдалтай байсаар л байна шүү дээ.

Тийм учраас л үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Харамсалтай нь Засгийн газар бидний хэлж, яриад байгааг чихгүй хүмүүс шиг өнгөрөөж байгаа. Аман дээрээ нэг их сайхан зүйл ярина.

Хамтарч ажиллаж байгаа, мэдэж байна гээд байгаа боловч үнэн хэрэгтээ сая өргөн барьсан ирэх оны төсөвт энэ тухай ганц өгүүлбэр байтугай ширхэг ч үг байхгүй байгаа юм. Тийм байж яаж эдийн засгаа хөгжүүлэх гээд байгаа юм бүү мэд.

Нөгөө гоё шинэчлэлээ яаж хийх гээд байгаа нь тодорхойгүй байна. Харин Монголбанкны шинэ удирдлага тэс өөр шинэлэг зүйл хийх гээд байгааг та бүхэн анзаарсан байх. Инфляцийн хүлээлтийг залах гэж оролдож байна. Гэтэл өмнө нь энэ тухай мэргэжлийн цөөн хүн хааяа нэг үг хэлдэг байснаас биш бодит ажил хийж байсангүй.

-Та тэгвэл энэ удаагийн төсвийг бүхэлд нь хэрхэн дүгнэх вэ?

-Энэ удаагийн төсвөөс шинэчлэл гэхээр зүйл харагдахгүй байгаа. Шинэ Засгийн газар гэдэг утгаар ард түмэн өөр зүйл хүлээж байсан ч хангалттай байсангүй. Өнгөрсөн хугацаанд чухам юу шинэчлэх гээд байгаа нь ойлгомжгүй байсан.

Одоо ч мөн адил. Уг нь АН энэ удаагийн сонгуульд ажилтай, орлоготой монгол хүн гэсэн хөтөлбөрийг дэвшүүлж орсон. Гэтэл ирэх оны төсөвт иргэнээ хэрхэн ажилтай болгох, яаж орлоготой байлгах тухай бас л юу ч тусгаагүй.

-Засгийн газраас төсвийн алдагдлаа нөхөхийн тулд бонд гаргахаар болсон. Энэ зөв шийдэл мөн үү?

-Хэрэв буруу зүйлд ашиглавал мэдээж буруу л шийдэл болно. Бүр өрийн сүлжээ ч болж магадгүй. Гэхдээ үүнийг өрийн сүлжээ болох вий гэдэг талаас нь бус улс орны хөгжлийн хөшүүрэг гэж харах хэрэгтэй байх.

Д.Булган
Эх сувалж: “Монголын Үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих