Барилгын салбар гацаанд орлоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас барилгын ажил  эхлүүлэх зөвшөөрөл олгохыг зогсоосноос хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Үүнийг дагаж олон сөрөг үр дагавар гарч байгаа аж. Барилгын мэргэжилтэй 12.8 мянган ажилчин ажилгүй болж, барилга дагасан жижиг дунд, бизнес зогсонги байдалд орж, улмаар барилгын компаниуд арилжааны банкуудаас авсан 800 орчим тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөхөд саад учрахаар болсон гэнэ. Барилгын компаниуд банкны зээлийн хүүгийн төлбөрт өдөрт 500 сая төгрөг төлж байна хэмээн барилгачид өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Хэрэв энэ янзаараа удаан үргэлжилбэл жирийн ажилчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, барилгын салбар, арилжааны банкууд цөм эдийн засгийн уналтад орно.

Мөн урьдчилгаа мөнгөө өгөөд орон сууц захиалсан 6000 гаруй иргэн ч хохирно. Монголын нийгэм, эдийн засгийг нөмөрсөн гинжин хохирол үүсэх аюул ойрхон байгааг анхаарууллаа. “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй 80 барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан ч энэ тоо 168 болж нэмэгдсэн. Барилгын газар шорооны ажлыг намар хийж, хавар үндсэн ажилдаа ордог. Гэтэл 100 гаруй барилга зөвшөөрөл авч, ажлаа эхэлж чадалгүй энэ намрыг үдлээ. Мэргэжлийн бус компани хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүйгээс осол гарлаа.

Хууль зөрчсөн, алдаа гаргасан компаниудад хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ тэдний алдааг хуулийн хүрээнд ажиллаж буй бусдад нь нялзаан, барилгын салбарын нэр хүндийг унагаж байгаа нь буруу. Хэт нэг талыг барьсан энэ шийдвэрээс болж барилгын салбарын 300 гаруй байгууллага хүлээлттэй байна” гэж Монголын барилгын зуучлал, мэдээллийн төвийн захирал Г.Батсүх ярилаа.

Э.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих