Хөшөөний дуудлага худалдаанд Куба, Хятад, Хойд Солонгосчууд оролцоно

Монголчууд амралтын өд­рийг андахгүй анаж бай­гаад ажил амжуулаад сурчихсан. Зүгээр амарч ч чадахгүй ажилламаар санагдаад бай­даг болчихсон. Ёстой гоё. Ингээд байвал энэ улс орон хөгжихгүй хаачдаг юм бэ. Хагас, бүтэн сайныг далимдуулаад юмны үнийг нэмнэ, хөшөө дурсгалын газруудыг нураана, бас мод тарьж байна. Үнэхээр ажилсаг ард түмэн шүү. Өнгөрөгч амралтын өдөр Ерөнхийлөгч нь мод тарьж, хотын дарга В.И.Лениний хөшөөг буулгав. Буулгаж нурааж байхын оронд засч янзлаад монгол хүний хөшөө болгочихож болоо­гүй л байсан юм байх даа. Твиттер, фэйсбүүкчид тэр халзан нөхрөөс болж хоёр тал болж хоёр хоног үзэлцлээ шүү дээ. Тэр хүний заасан замаар Монгол орон 70 жил явсан л гэнэ, зарим нь уулзаж учирч байсан, их тус болсон хүн л гэнэ. Харин зарим нь танихгүй байж зайлуулбал таарна гэнэ. Хөшөө нураахад “хөөрхөн” мөнгө орж байгаа. Тэрний оронд бэлэн сайхан хөшөөг засч янзлаад, зүлгэж точилдоод монгол хүний хөшөө болгочих байсан юм. Халзан толгой дээр нь буу­рал үс тавьж, хүрмийг нь пиджакаар солиод, энгэрт нь Улсын баатрын алтан таван хошуу хадсан бол ёстой гоё болох байлаа. Эсвэл шар торгон дээл өмсүүлж, дөрвөн талтай малгай духдуулж, 32 угалзтай монгол гутал жийлгэсэн бол нэг дэх, хоёр дахь, бас гурав дахь ч болгож болно. Одоо нэгэнт нураачихсан юм чинь, шууд дуудлага худалдаагаа нэр төртэй зохион байгуулъя. Энэ Э.Бат-Үүл даргын толгой ч бас ажиллана шүү. Наагуу­раа 400 мянгаас эхлэн дуудлага худалдаагаар зарна гэж байгаа ч цаанаа Хятад, Куба, Хойд Солонгосоос мун­даг бизнесмэнүүдийг нь дуудчихаа мэдэж байгаа л даа. Цаадуул нь коммунизмын эц­гийнхээ хөшөөг үнэ хаяж худалдаж авахаас ер сийхгүй.  Манайд бол маш ашигтай наймаа гэдгийг тооцоолсон байлгүй. Харин гадаадынхан дуудлага худалдаанд оролцоно гэдгийг урьдаас тооцоолоод суурин дээр нь байлгаж байгаад зохион байгуулсан бол сүртэй болохгүй юу. Энэ удаа жаахан гоомойдчихлоо, дараагийн удаад жанжныхаа… За за больё, хадуурах гэж байна.

Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих