“Үлгэрт итгэх монголчууд”-3

Хараад байх нь ээ Монголчууд бидний дунд үлгэрт итгэх хандлага улам бүр газар авах шинжтэй. Үнэн байдал биш, “үлгэр” нийгмийн харилцаанд зонхилох шинжтэй болж, би л гэхэд  бүр сүүлдээ бодит байдалд байна уу, үлгэрийн ертөнцөд амьдраад байна уу  гэдгээ ч ялгахаа байх янзтай даг аа. Ингээд арга ядан бидний дунд байх “үлгэр”-ийн гэмээр хэд хэдэн “зүйл” байгааг анзаараад уншигч та бүхэнтэйгээ хуваал­цахаар шийдлээ.

Монголчууд бидний  дун­даж  амьдрал төдийлэн  элбэг хангалуун биш байгаа.  Үүнтэй холбоотойгоор ядарч зүдэр­сэн, өвдөж зовсон, амьд­рал ахуйгаа дээшлүүлэх гэсэн, байр орон сууцанд орох, унаа машинтай болох гэсэн хүмүүс нийгмийн ихэнх хувийг эзэлдэг.

Гэтэл бодит байдал дээр зөвхөн орон сууцны тухайд гэхэд олдоц нь  хомс, зээлийн хүү нь  өндөр байна.

Энэ мэтийн  нөхцөл байдлууд  мон­голчууд биднийг “үлгэр”-т итгэхэд хүр­гээд байх шиг.

Хэзээ нэгэн цагт мэдлэг боловсролтой,  байртай, машинтай, алдар хүндтэй болно гэсэн залуусын хүсэл эрмэлзэл  нь “үлгэр мэт мөрөөдөл”- өөс хэтрэхгүй. Хаанаас ч юм бэ хэн нэгэн аврагч, туслагч, дэмжигч гарч ирээд тэдэнд туслаж, хөрөнгө мөнгөтэй болгож, сайн сайхан  амьдруулна гэсэн бодол олон залуусын зүрх сэтгэлд хий хоосон мөрөөдөл болон хоногшин үлдсээр.

Залуус  мөрөөдөх дуртай.  Учир  нь  мөрөөдөхөд мөнгө  төлдөггүй ч  харин мөрөөдөлдөө хүрэхийн тулд  мөнгө төлөх ёстой, хөдөлмөрлөх хэрэгтэйгээ  тэд ихэнхдээ  мартсан ч юм шиг.

Хүмүүсийн үлгэрт итгэх энэ хүсэл мөрөөдөл дээр нь  эцэстээ бизнесийн бай­гууллагууд, уран аргатнууд,  улстөрчид “тоглолт” хийж байх шиг.

Номын худалдааны  дэлгүүрүүдэд  “Хэрхэн баяжих вэ”,  “Яаж мөнгөтэй болох”,  “Саятан болохын нууц”, “Тэр­бум­танд хүрэх замнал” гэх  агуулгатай орчуулгын болон өөрсдийн бичсэн номууд  хамгийн гүйлгээтэй номын тоонд зүй ёсоор байнга ордог  гэнэ.

Хялбар аргаар мөнгөтэй болох, түрийвчээ түнтийлгэх, мөнгө даллан дуудах,  тарни шившлэг уншин, бясалгал, гүрэм засал хийн баяжих аргыг заах  чиглэлээр уншсан  олны танил, “алдарт зөнчид”-ийн лекц яриаг сонсохоор хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй “UB палас”-ын  их танхимыг пиг дүүргэдэг болж.

Бөө мөргөлийн зан үйл нийгэмд  ихээхэн газар авч,  удган зайран олноороо төрөх боллоо гэсэн нь хэрэг дээрээ бөө болж олны итгэл үнэмшил, сүсэг бишрэл дээр “дөрөөлөн” бэлжих арга, үгүй ядаж бөө болохоор  гаргасан зардлаа “нөхөх”-өөр улайрагсдын  увайгүй үйлдлүүд ч олшроод байх юм.

Лам хувраг, бурханч гэж өөрийгөө үнэлэх  зарим хүн  бурхан багшийн их дүйцэн, балжинням, дашнямтай  гэх мэт шашны тэмдэглэлт өдрүүдийг овжноор  ашиглан,  сүсэгтэн, бурхны шашинтан  олон нийтэд хандан лекц, уншлага, засал, хийморь сэргээх гүрмийн аль нь  мэдэгдэхгүй юм уншиж  “ашиг олж”, “сэргэлэнтэх” юм. Тэдний зарим  нь өөрөө үхэж  үзээгүй байж зөв үхэх, цаашлаад үхэхдээ сүнсээ сайн төрөлд хэрхэн  одуулах  аргыг хүмүүст  зааж өгөх юм гэнэ.

Бүр сүүлдээ  ийм үлгэрүүдийг бизнесийн байгууллага, улстөрчид PR болгон хэрэглэх болжээ. Тухайлбал,  гар  утасны оператор компаниуд энгийн үед борлуулалт муутай  бага үнэтэй нэгжээ орон сууц, авто машины сугалаатай болгонгуут бүр хэдэн мянгаар борлогддог гэнэ. Шалтгаан нь, иргэд нэгж худалдан авахаасаа илүүтэй сугалаанд  хожих гэсэн сэдэл тэмүүлэлтэй  холбоотой. Харамсалтай нь, иргэд нэгжээ авангаа хонжворт сугалаанд оролцож байна гэж итгэх ч,  үнэндээ урьдаас бэлтгэсэн  жүжигчилсэн тоглолтонд хууртаад байх шиг.

Сонгууль болох дөхөхөөр улстөрчдийн  “үлгэр”-ийн амлалт үргэлжилнэ. Амьдарч байгаа газрыг чинь  халуун хүйтэн устай холбож, үлгэрийн хот,  диваажин лугаа адил  болгоно л гэнэ. Шударга ёсыг ард түмэнд хүргэнэ л гэнэ. Агаарын бохирдлыг  утаа маш бага гардаг,  түлш бүр ч бага шатаадаг, тэгсэн хэрнээ халдаг  зуухаар  шийднэ л гэнэ.  Улстөрд  хариуцлагатай, ёс суртахуун, өндөр мэдлэгтэй  түшээдийг  шигшиж томилно л гэнэ.

Гэтэл бодит байдал дээр энэ нь хэрэгжих боломжгүй, “үлгэр”  төдий нь  тодорхой.  Ойрын хэдэн жилдээ лавтай Долоон буудлын Долгор эмээгийн хашаа байшинд халуун хүйтэн ус очих нь юу л бол. Угаасаа байхгүй байгаа шударга ёсыг улс даяар тунхаглана гэж баймааргүйсэн, Шударга ёс  нийгэмд хэрэгжихгүй байгаа нь төрийн удирдлагын түвшинд  алдагдсаны шинж л байлтай. Түлш  шатааж байгаа бол утаагүй зуух гэж юу байх вэ. Улстөрд хариуцлага, шударга ёс ярих хирнээ нам, бүлэг, найз, тохироо болохоороо 25-30 настай залуусыг төрийн өндөр албан тушаалд  өргөөд ажиллуулчихна.

Энэ бүхнээс залхан  “FM” радио сонсохоор өөдөөс дуу биш,  “үлгэр” ярьж өгөөд  байгаа ч юм шиг. Хэн бүхний таньдаг   дуучны дуулсан дууны  хэсгээс сонсгоод  “Энэ хэний дуулсан, ямар нэртэй дуу вэ”  гэж асуугаад, “Сонсогч та бүхэн  зөв хариултыг …… тоот тусгай дугаарт мессэжээр илгээнэ үү” гэх юм. Тэгснээ “Та зөв хариултыг илгээснээр шагналын нэгж  авах боломжтой” гэнэ. Хэсэг байснаа “99……. дугаарын хэрэглэгч зөв хариултыг хамгийн түрүүнд бидэнд  илгээж  азтан боллоо” ч гэх шиг. Магадгүй өөрийн талын хүмүүстээ хэдэн нэгж бэлэглэчихэж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Хамгийн сонирхолтой нь  “FM”-ын  ийм нэвтрүүлэгт хүмүүс их оролцдог бололтой юм. Эс бөгөөс -FM”-ын энэ  нэвтрүүлэг 2-3 жил  үргэлжлэхгүй л байлтай.

Энэ мэт “үлгэр” бидний дунд  хэдий болтол үргэлжлэх вэ гэж  та өөрөөсөө асууж нэг үзээрэй. Хариулт нь тун энгийн. Үлгэрт биш үнэн байдалд итгэгчид хэдий олон болно, тэр үед үлгэр номын  шарласан хуудсанд түүх болон үлдэнэ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих