Намайг Кимэносато, Тоёоношима нар хурцалдаг

Озэки Котошёогикүгийн нэгэн бэсрэг ярилцлагыг толилуулъя.
-Та барилдахаар дэвжээнд гарахын өмнөхөн зүүн гараараа загалмайлах мэт хөдөлгөөн хийдэг. Та Христэд итгэдэг үү?

-Та буруу анзаарч, энэ бол залбирал биш. Зүрх сэтгэлээсээ сайхан барилдаан гаргахыг хүсч ийм үйлдэл хийдэг юм. Яагаад ч юм ингэсний дараа өөртөө итгэх итгэл минь нэмэгддэг юм.

-Япончууд аливаа үйлийг солгой гараар гүйцэтгэхийг цээрлэдэг биз дээ?

-Би төрөлхийн солгой. Давсыг хүртэл солгой гараараа цацдагийг миниь анзаараагүй гэж үү.

-Озэки Кисэносато та хоёрын барилдаан бүр маш ширүүн болдог нь ямар учиртай юм бэ?

-Кисэносато, Тоёоношима бид гурав мэргэжлийн сүмод нэгэн зэрэг хөл тавьж байсан болохоор үеийнхэндээ ялагдахгүйг хичээдэг гэх үү дээ. Бид 2002 нэгдүгээр сард хамтдаа шинэ бөхийн шалгалт өгч байсан юм. Харин тэр хоёр надаас түрүүлж жюүрёо, макүүчид дэвшсэн нь миний шарыг бяцхан гозойлгодог байлаа. Тэднээс дутахгүй гэсэн хүсэл минь намайг озэки цол авах хүртэл хурцалсан гэж боддог.

-Тэгвэл дохёгийн гадна Кисэносато, Тоёоношима нартай ямархуу харилцаатай байдаг вэ?

-Хэдийгээр өөр өөр мужид амьдардаг ч гэсэн үзүүлэх барилдааны үеэр гадуур хамт хооллодог. Зарим орой архины мухлаг руу хамтдаа явах ч тохиолдол бий. Гэхдээ л дэвжээн дээрх өрсөлдөөн маань нөхөрлөлөөс илүү гэвэл онох байх.

-Ингэхэд яагаад сүмог сонгосон юм бэ?

-Найман настайдаа Садогатакэ ояката (ёкозүна Котозакүра)-тай танилцсанаар хувь заяа маань шийдэгдсэн. Намайг өөрөөсөө том хүүхдүүдтэй ноцолдож тоглохыг тэр харсан гэсэн. Тэгээд нас бие гүйцэхээрээ “Садогатакэ” дэвжээнд суралцах санал тавьсан хэрэг. Нөгөөтэйгүүр өвөө маань намайг үндэснийхээ бөхөд дуртай болгон хүмүүжүүлсэн. Тэр байшингийнхаа өмнөх талбайд надад зориулж жинхэнэ дохё хийж өгч байлаа. Гурав дахь шалтгаан нь гэвэл есөн настайдаа их аварга Таканоханатай нүүр тулан уулзаж, өвөр дээр нь сууж зургаа авахуулах завшаан тохиосон минь бөхийг сонгоход түлхэц болсон.

-Тэгэхээр та дуртай зүйлээ хийж, түүгээрээ амьдарч буй азтай хүн байх нь ээ?

-Тэгэлгүй яахав, үнэнийг хэлэхэд над шиг багаасаа сүмоч болохыг мөрөөддөг байсан бөх ховор шүү.

-Япон бөхчүүд дээд зиндаанд түрүүлж чадахгүй зургаан жил гаруй болж байна. Хөгжөөн дэмжигчдэдээ хэдийд Эзэн хааны цомыг авна гэж амлаж чадах вэ?

-2013 оны эхний хагаст түрүүлэх зорилго тавьсан байгаа. Үүний тулд өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ хэлье.

-Ёкозүна цол хэр хол байна вэ?

-Боломжгүй зүйл гэж үгүй. Гэхдээ энэ цолонд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Сүмогоос өөр сонирхдог зүйл бий юу?

-Загасчлах дуртай. Мөн бейсбол, бөхийн төрлүүдийн тэмцээн үзэх дуртай.
А.Эрдэнэболд
Эх сурвалж: “Таван Цагариг”


URL:

Сэтгэгдэл бичих