“Юнител” групп: Бага сага тоо, бас хэдэн грамм ёс зүй

tv_cocktail_zereg_nemehЮнител”-ийн “5 байр хөтөлбөр” хэрэгжээд жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд 13 өрх шинэхэн нэг өрөө, бүрэн тавилгатай байртай боллоо. Сугалаалт урамшуулал ч цааш үргэлжилнэ.
“Юнител” групп өнгөрсөн оны байдлаар 624 мянган хэрэглэгчтэй, үүний 558.952 нь урьдчилсан төлбөрт хэрэглэгч хэмээн дурджээ. Бүх урьдчилсан төлбөрт  хэрэглэгч утсаа 3 мянган төгрөгийн картаар цэнэглэлээ гэвэл 1 тэрбум 676 сая төгрөгийн борлуулалт хийгдэнэ. Толгой группынхээ барьж буй Яармаг дахь “Залуусын хороолол”-ын 1 өрөө байрыг тохижуулаад тохиролд өгөхөд 90 саяас илүү гарахгүй.
1,6 тэрбум ба 90 сая. 1,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос зардал, татвар хасагдаж таарна. Гээд 90 саяын байр цаана нь хэд нугарч байгааг тооцоолохын тулд заавал Эйнштейн байх албагүй.
600 000:1 гэсэн магадлалтай сугалаа хорвоо дээр байдаггүй. Зоос шидээд сүлд, тоо хоёрын аль нэгээр буух магадлал 2:1 шүү дээ. Шоо хаяад 6 нүд буулгах магадлал 6:1 байдаг. Тэгвэл “5 байр” хөтөлбөр бол 88 болон 89 дугаарлалтай гар утас бүхий 600 мянган хэрэглэгч дунд явуулдаг лото. Зарчим, аргачлал нь ёстой хаанаас нь ч харсан энгийн нэгэн сугалаа. Харин энэ сугалаанд хожих магадлал 600 мянгад нэг бөгөөд  тухайлсан хэрэглэгч хэд хэдэн удаа картаа цэнэглэж азаа үздэг гэвэл магадгүй саяд нэг юм. Хэрвээ энэ “5 байр хөтөлбөр” гээч нь сугалаа юм бол тусгай зөвшөөрөл, сугалааны орлогын онцгой татвар гээд бүх зүйл хүчин төгөлдөр хуулийн дагуу босч ирж таарна. Хэрвээ “Юнител” үүнийгээ сугалаа биш гэвэл хэрэглэгчдийнхээ өмнө бүр хүнд асуудалд унаж байна. “Тэгээд юу юм?” гэдэг асуулт.
00b972530862ed90original
Одоо “5 байр хөтөлбөр” сугалааны маркетингийн идэвхжүүлэлт, сурталчилгааны арга барилын ёс зүйн тал руу жаахан өнгийе.
“5 байр хөтөлбөр III” сугалаалт урамшууллын зар сурталчилгаанд Д.Чимэд-Осорын “Зэрэг нэмэхийн өмнө”, Б.Балжинням, И.Нямгаваа нарын “Гарын таван хуруу”, Д.Жигжидийн “Ардын элч”, Ж.Бунтар, Д.Хишигт нарын найруулсан “Гарьд магнай”, Б.Балжиннямын “Мандухай цэцэн хатан” кинонуудыг ашиглажээ. Д.Чимэд-Осор, Д.Жигжид, Ж.Бунтар нарын бүтээл нь үлдсэн болохоос одоо бидний дунд тэр эрхэм хүмүүс үгүй. Ард түмний сэтгэлд хоногшин, хэдэн үеэрээ үзэж хүмүүжсэн дэлгэцийн бүтээлүүдийг “Юнител”-ийн захиалгаар онигоо ярьдаг хэдэн жаал элэглэн дууриаж, арилжааны реклам болгосныг тэд хараагүй нь ч аз биз. 00b972530862ed90original
Зохиогчийн эрх, оюуны өмч зэргээ байг гэхэд ёс журам, эх зах гэдэг юмыг 3000 төгрөгийн нэгж зарахын тулд “Юнител”, “ТВ коктейль” хоёр умартсан бололтой. Тэдний найруулж байгаа мөнгөний “коктейль”-д Монголын киноны сор болсон бүтээлүүдийн найруулагч, зохиогч, зураглаачдын ажил, санаа төдийгүй Н.Жанцанноров зэрэг маэстро нарын уг кинонд бичүүлсэн хөгжмүүд ч хулгайлагдсан байна.
Монголын киноны эцэг хэмээгддэг Д.Жигжидийн ач хүү, телевизийн зураглаач Биндэрийн Бадралаас энэ талаар тодруулав.
-Дэжидийн Жигжид гэхээр одооны залуус тэр бүр танихгүй байх. Харин уран бүтээлээр нь хүмүүс андахгүй?
-Тийм ээ. Миний өвөө Дэжидийн Жигжид гэж хүн байсан.“Цогт тайж”, “Баянбулгийнхан”, “Хөдөөгийн баясгалан”, “Хүний төлөө”, “Хөх ногооны униар”, “Газрын жигүүр”, “Жаргал даахгүйн зовлон”, “Мандухай” гээд нийтдээ 20 гаруй кино бүтээлцсэн. Өөрийнх нь найруулсан “Ардын элч”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Өглөө”, “Үер”, “Тэмцэл”, “Түмний нэг”, “Хүний мөр” , “Хүргэн хүү”, “Өнөр бүл”, “Ард Аюуш” киног үзээгүй хүн байхгүй байх.
00b972530862ed90original
-“Ардын элч” уран сайхны киног “Юнител” групп саяхнаас рекламдаа ашиглах боллоо?
-“Ардын элч” бол өвөөгийн 1958 онд найруулсан анхны кино. Дарьбазар, Ариунааг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэдний хэлсэн үгийг бүрэн цээжилчихсэн хүмүүс ч байдаг. Харин би саяхнаас “Юнител”-ийн буянаар өвөөгийнхөө бүтээлтэй дахин танилцаж байна. Би телевизэд ажилладаг. 00b972530862ed90originalМиний аав, өвөө хоёулаа найруулагч. 30 секундын реклам, 1 цаг 30 минутын кино гэдэг зүйл асар өөр зүйл. Учир нь үүнд зарцуулах хүч хөдөлмөрийг харьцуулж болшгүй. “Ардын элч”, “Мандухай цэцэн хатан”-г хошин реклам болгочихсныг харахад учиргүй хөөрч баясаад байхааргүй л байсан.
1993 онд Оюуны өмчийг хамгаалах хууль гарахаас өмнөх бүтээлүүдэд хууль эргэж үйлчилдэггүй гэсэн. Би “Юнител”-ээс мөнгө төгрөг, эрх зүйн харилцаа хүсээгүй. Зүгээр, үндэсний том компанийн хувьд ёс суртхууны асуудал байх. Ер нь тэгээд оролдож шоглож, элэглэж дуурайхдаа учиртай хандмаар юм. Одоо байхгүй улс нь ч дүүрч. Амьд сэрүүн уран бүтээлчдийн бүтээлийг элэглэж зэрэмдэглэснийг хараад эздэд нь эвгүй байдаг биз. “Гарын таван хуруу”,  “Мандухай цэцэн хатан”-ы хоёулангийнх нь хөгжмийг Н.Жанцанноров гуай бичсэн байдаг.Тэр хүн “ТВ коктейль” хамтлагийнхны тоглосон “Юнител”-ийн нэгжийн сугалаанд зориулж ая зохиогоогүй шүү дээ.

-Санал бодлоо хуваалцсан танд баярлалаа.
“Юнител”-ийн сугалааны талаарх бага сага тоо бодолт, бас бус ёс зүйн тухай цухас дурдахад нэг иймэрхүү.
Д.Даваатогтох /24цаг.мн/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.