Д.Арвин шиг мухар сүсэг ярьж мунхрахаа больё

Саяхан “Өдрийн сонин”-д УИХ-ын гишүүн асан Д.Арвингийн ярилцлага гарсан юм. Үүний дараа редакц руу хүмүүс утасдаж “Гишүүн асан Д.Арвин хэнтэй уулзаж, хөөрөлдсөнөө танай сонинд ярьж өгөв вэ. Д.Арвины яриад байгаа Дондогдулам гэдэг хүн нь хэн юм бэ” гэж асууж шалгаасан байна. Тэр дагуу нягталтал Дондогдулам гэдэг хүн нь наймдугаар Богдын хатан болж таарлаа. Одоогоос 70, 80 жилийн өмнө насан өөд болсон түүний сүнсийг бөөгийн биед оруулж ирээд ярилцсанаа гишүүн асан Д.Арвин өөрөө тайлбарлажээ.

Дондогдуламын сүнс Д.Арвин хатагтайтай их л зүйл хөөрөлдсөн юм гэнэ. “Миний унадаг сүйх тэргийг яасан юм бол. Богдын бага хатны зураг хаана байгаа бол. Оросын хааны хатны булган нөмрөг гоё байсан шүү, тиймээ” гэх ухааны юм ярьж хуучилсан юм байх. Эгээтэй л хов яриагүй гэнэ ээ. Хамгийн гол нь Д.Арвин Дондогдулам хатны сүнстэй ярилцсандаа айж эмээгээгүйгээр барахгүй гайхаа ч үгүй бололтой. Зүгээр л удаан уулзаагүй найз Дондогдуламтайгаа дундаа халуун савтай цай тавьж суугаад бурсан юм шиг хэнэггүй ярьжээ. Тиймээс л уншигчдын гайхаш тасарч, сонин руу утасдсан хэрэг. Тэд гишүүн асан Д.Арвинг Дондогдулам гэдэг жирийн хүнтэй уулзсан юм байх гэж ойлгоё гэхээр арай ч болмооргүй юм шиг. Орчин үеийн Дондогдуламууд сүйх тэрэг, Орос хатны булга зүүлт ярих учиргүй дээ гэж бодогдоод болохгүй байсан болохоор учрыг нь олохоор редакцын утас руу залгажээ.

Энэ явдлаас хойш гишүүн асны ярианаас нэг зүйл тодорхой болж байна. УИХ-ын гишүүн асан Д.Арвин сүнстэй ярилцдаг байж. Бид өмнө нь мэддэггүй байсан юм байна. Хэрэв тэр ирэх арваннэгдүгээр сард болох дахин санал хураалтаар олонхийн дэмжлэг авч чадвал УИХ-ын гишүүн болно гэсэн үг. Тэгэхээр УИХ-д сүнстэй ярилцдаг гишүүн орж ирэх нь ээ. Ер нь манай УИХ-ын гишүүд хэнтэй бол хэнтэй ярилцана л даа. Гэхдээ сүнстэй ярьчихаад түүнийгээ жирийн хүнтэй ярьсан мэтээр бодоод яваа нь дэндүү мунхаг юм. Хүн муу хэлээд байх ч юу байхав. Сүнстэй ярилцсанаа жирийн бидэнтэй хуучилсантай адилаар бодож байгаа нь монголчууд бидний л тусгал юм даа. Бидний шинжлэх ухаанч биш гэдгийн нотолгоо нь тэр биз. Бүдүүлэг харанхуй үедээ мунхарч яваагаа үүгээр бататган харуулж байна.

Орчин үед амьдын ертөнцөд өөд бологсодтой ярилцлаа гэж мунхардаг улс түмэн байхгүй. Дэлхийн түүхэнд нөгөө ертөнцөд очсон үхэгсэд дохио өгч байсан ганц ч тохиолдол шинжлэх ухаанд бүртгэгдээгүй. Ийм дуулиан шуугиан бодит ертөнцөд болоогүй өдий хүрлээ. Үүн шиг худлаа зүйл байхгүй гэдгийг эрүүл саруул ухаантай хэн ч хэлнэ. Тэр тусмаа шинжлэх ухаанаар хүмүүжсэн захын хүн мэднэ. Тиймээс л гишүүн асан Д.Арвины ярилцлагыг уншсан хүмүүс түүнийг “Ард түмэнд таалагдах гэсэндээ мухар сүсэгт итгэснээрээ гайхуулж, ингэтлээ жүжиглэдэг хэрэг үү. Эсвэл үнэхээр өөр ертөнцөд очсон үхэгсэдтэй ярилцдаг дэлхийд байхгүй увидастан манайд төрөө юу” хэмээн асууж байна.

Ер нь одоо монголчууд шинжлэх ухаанжих хэрэгтэй болжээ. Мухар сүсгээсээ салах ёстой. Монгол Улс улс шиг хөгжье л гэвэл энэ мухар сүсгээ таягдан хаях хэрэгтэй. Мухар сүсэгтээ дийлдэж, шинжлэх ухааныг үгүйсгээд байвал дэлхийн хөгжлөөс хол орхигдох нь ойлгомжтой. Бүхнийг мухар сүсэгтэй холбон тайлбарлаж, мунхаглахаа болимоор байна. Уг нь гишүүн асан Д.Арвины хүмүүжилд мухар сүсгийн ул суурь байх учиргүй санагдах юм. Яагаад гэвэл түүний аав, ээж мухар сүсгээс ид ангижрахыг ухуулж байсан социализмын үед хүмүүжсэн хүмүүс байх ёстой. Мухар сүсгээс муухай зүйл байхгүй гэдэг байсан цаг бол яах аргагүй Д.Арвины өвөө, эмээ, аав, ээжийн үед хамаарна. Ийм үзэл бодолтой хүмүүсийн дунд өсч хүмүүжсэн хүн өнөөдөр мухар сүсэг, сүнс яриад сууж байх учиргүй юм. Тэгэхээр яалт ч үгүй түүнийг ард түмэнд таалагдахын тулд жүжиглэжээ гэхээс өөр арга алга. Төрд түмнийг төлөөлж суудаг эрхмүүдийн жүжиглэл нь хэмжээ хязгаартай байхгүй бол заримдаа энэ мэт хэрээс хэтэрч байгаагийн нэг илрэл нь энэ. Ард түмэнд таалагдаж байна гээд хорлонтой зүйл хийхийг нь бид хэзээд хориглох ёстой.

Өчнөөн жил УИХ-ын гишүүнээр ажиллаж, төр түшилцэж явсан Д.Арвин л гэхэд сүнстэй ярилцдаг байсан нь ингэж илэрлээ. Түүний энэ яриа Монголын хойч үеийг хорлож байна. Дэлхий ертөнцөд шинжлэх ухаан ноёрхож, үр хойч нь шинжлэх ухаанаар хүмүүжиж, хүн төрөлхтний ирээдүйг шинжлэх ухаан тодорхойлж байна. Тийм ч учраас дэлхийн хөгжил Монголоос түрүүлж яваа. Гэтэл монголчууд мухар сүсэгтэйгээ зууралдсаар ядууралдаа баригдаж гүйцлээ. Улс, ард түмнээ гэгээрүүлэх үүрэгтэй нийгэмд нөлөөтэй хүмүүс ирээдүй хойчоо хорлосон энэ мэт бурангуй зүйл ярьж, мунхаглаж суухад яаж ч гэрэл гэгээ рүү дэвших билээ. Тэд Монголын ирээдүйг үүнээс өөр хөгжил, дэвшилгүй мэтээр ойлгуулж, шинжлэх ухаан байдаггүй гэдэгт итгүүлж, мухар сүсэгт нь барьж хүлээд хөлийг нь тушиж байна.

Монголын парламентад өөр бөө гишүүн олон гэгддэг. Хувьдаа тэд юунд итгэж, юу хийж байдаг нь ард түмэнд падлийгүй. Чухам өөрсдийгөө сүнстэй ярилцдаг гэж боддог, түүнийгээ жирийн зүйл гэж үздэг байж болно. Гэлээ гээд түүнийгээ гадагш нь ярьж, олон нийтийг төөрөгдүүлж, хүүхэд залууст итгүүлж тархийг нь угаахаа зогсоох хэрэгтэй. Монголын ард түмнийг шинжлэх ухаанч сэтгэлгээд шилжихийг уриалж, соён гэгээрүүлэхэд хүчин зүтгэх ёстой. Харамсалтай нь тэд энэ үүргээ умартаж, мухар сүсэгт итгэхийг ухуулан сэнхрүүлж байгаа нь Монгол Улсыг харанхуй бүдүүлэг үе рүү нь түлхэж байна.

Тэгэхээр бөө гишүүд, залуу хойчийн үлгэрлэн дуурайдаг урлаг, соёл, спортынхон үүнийг хатуу санаж байвал зохилтой. Улстөр, урлаг, спорт гээд бөө төрөөгүй салбар Монголд үгүй боллоо. Тоолж баршгүй олон бөөгийн залгамж халаа нь арван жилийн сургуулиар дүүрэн болсныг сонин хэвлэлүүд түрүүчээсээ бичиж, сурвалжилж байна. Монголыг ирээдүйд авч явах хүүхдүүд мухар сүсэгт автаж, бүгдээрээ бөө болчихвол энэ улс орон яах билээ. Дунд сургуулийн сурагчид өөрсдийгөө сүнстэй ярилцаж байна гэж итгэдэг боллоо. Архи ууж, тамхи татах нь тэдний хувьд жирийн үзэгдэл болон хувирлаа. Дэлхий ертөнц хөгжиж байгаа энэ орчин цагт монгол хүүхдүүд бөөн бөөнөөрөө бөө болж, харанхуй бүдүүлэг цаг руу ингэж ухарч явна. Мухар сүсэгт итгэчихээд төөрч яваа ирээдүй хойчдоо эрдэм мэдлэгээр биеэ чимж, өөрийгөө болоод улс орноо хөгжүүлэх ганцхан зам бий гэдгийг ухуулах үүрэгтэй ард түмний төлөөлөгчид мухар сүсэг ярьж, тэдний ирээдүйг баллаж байна.

Үнэхээр мухар сүсгээсээ салж чаддаггүй юм бол төр засгаас холуур явах хэрэгтэй. Бөө нь бөөгөөрөө, сүнстэй ярилцагч нь мөрөө хөөгөөд яваг. Бөөгөөр хөгждөг байсан бол өдийд Монгол Улс дэлхийг тэргүүлэх гүрэн болох байлаа, тэгсэнгүй. Бөөтэй байсны хүчинд хөгжсөн гэж тунхаглах улс гүрэн дэлхийд байна уу. Өнгөрсөн 30-аад онд нийтээрээ бөө болцгоосон Өмнөд монголчуудын өөдөлсөн нь хаана байна. Хятадын бөөрөнд наалдсан хэвээрээ бүдчиж явна. Тиймээс бөөтэй байснаараа хөгждөггүй юм гэдгийг дэлхийн түүх харуулж байна. “Биднийг бөө л ингэж хөгжүүлсэн юм гэж” АНУ зарлаагүй. Харин мухар сүсгийг биш шинжлэх ухааныг шүтсэн улс гүрэн түүчээлэх хөгжилд хүрснийг хүн төрөлхтөн нотолдог билээ.

М.УНДРАХ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.