Алт, зэсэндээ найдаж суусаар, уух ус, гишгэх газаргҮй болох вий

Алт, зэс, нүүрс, төмөр минь байхад алзахгүй ээ гэж суусаар бид алдах вий. Том том уурхайнууд үүцээ дэлгэн, гадаадынхныг даллаж, харийнхан манай байгалийн баялагт хөл алдан хошуурч байсан цаг саяхан. Тэр үед төр, засгийн өндөрлөгүүд ашигт малтмал олборлолтын хажуу­гаар байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлт гэдэг асуудлыг байнга ярьж, хоёр чихнээс нь “хонх уяна” гээд байсан. Гэхдээ тэд асуудлынхаа учрыг сайн олоогүй бололтой. Ашигт малтмал олборлогчид гэхээр нинжа нараар төсөөлж, нөхөн сэргээлтийг зөвхөн ухсан нүхээ булаад, дээр нь цэцэг ногоо тарихаар хязгаар­лагдахгүй болсныг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын жишээ харуулж байна.

Ирэх он жилүүдэд хэрхэн амьдрах зураг төөргөө уул уурхайд даатгачихаад буй монголчууд одоо илүү том сэтгэх хэрэгтэй.  Ашигт малтмалын ордыг тогтоцынх нь хувьд гурав ан­гилдаг байна. Хүдрийн биетийн ашигтай давхарга нь газрын гадаргуутай паралель тогтоцтой байвал хэвтээ уналттай орд, бага зэргийн налуугаар газрын гүн рүү шургасан бол налуу уналттай, огцом бол босоо уналттай орд гэж ялгадаг. Уул уурхайн ашиглалтын техно­логи, үйл явц, нөхөн сэргээлт эдгээрээс хамаараад өөр өөр байдаг аж. Бид 2000-аад оны эхин үе хүртэл үндсэндээ хэвтээ уналттай ордыг ашиглаж байжээ. Тодорхой хэмжээний хөрсийг хуулаад, ашигт малт­малыг нь авч, эргүүлээд жилийн дараа түүнийгээ булах боломж­той алтны шороон болон жоншны ордууд энэ ангилалд багтдаг байна. 1990 оны дунд үеэс манайд уул уурхайн үйл ажиллагаа эрчимжихэд тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд нь алтны шороон ордыг ашиглах чиглэлтэй байсан гэдэг. Харамсалтай нь хэвтээ уналттай ордод тохирох нөхөн сэргээлтийн стандарт манайд бараг 2008 он хүртэл хэрэгжжээ. Тиймээс олон нийтээсээ эхлээд хэвлэл мэдээллийн байгууллага, төр засгийн өндөрлөгүүд нь ч уул уурхайн ашигт малтмалыг ашиглаад, тэр дор нь нөхөн сэргээж болдог гэсэн өрөөсгөл ойлголт­той явсаар ирж.

Биднийг ийнхүү төөрөгдөж явахад эвдэрсэн газрын хэмжээ өссөөр, нөхөн сэргээлтийн хэмжээ буурсаар байсан байх юм. Уг нь 2009 оны үед нийт эвдэрсэн газрын 60 орчим хувьд нь техникийн, 30 гаруй хувьд биологийн нөхөн сэргээлт хийдэг байсан бол одоо энэ тоо буурсан гэдгийг албаны хүмүүс анхааруулдаг.  Гэхдээ энэ нь сүүлийн жилүүдэд төмрийн хүдрийн, нүүрсний, барилгын материалын, зэс, молибдений том том ордууд их хэмжээний талбайг хамран үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой гэсэн. Учир нь ашигт малтмалын тогтоцын хувьд налуу, босоо уналттай энэ том ордуудад техно­логиосоо шалтгаалаад нөхөн сэргээлт хийгдэж эхлэх­гүй байгаа аж.

Тэгэхээр хэзээ нөөцөө ашиглаж дуусна, тэр болтол хүлээх хэрэгтэй гэсэн үг үү. Эсвэл 2011 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 6422 га газарт техникийн, 2928 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн гэдэг наад захын тоо баримтад сэтгэл ханаад сууж байх уу. Биологийн нөхөн сэргээлт хийхдээ хуулсан үржил шимт хөрсөө арчилж хамгаалах, тухайн орчин нөхцөлд зохицсон ургамлыг сонгохоос гадна туршилтын талбайд өнөөхөө тарьж үзэх гээд анхаарах зүйл даанч олон. Гэтэл манайхан техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхдээ “Нүглийн нүдийг гурилаар хуур­даг” учраас хөрөнгө хүч зарцуулан байж нөхөн сэр­гээсэн газар нь ганц бороонд хагарч, томоохон гуу жалга бий болгочихдог. Олон жил ашиглах нөөцтэй томоохон ордыг ашигласны дараа шороогоор нь эргүүлж булах маягаар өмнөх байдалд нь оруулж, нөхөн сэр гээх боломжгүй гэдгийг мэр­гэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр энэ байдлыг хэн хэн маань хүлээн зөвшөөрөх нь зүйтэй бололтой.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдэд газар нутгийг нь нөхөн сэргээж, эргээд байсан хэвэнд нь оруулна гэж хоосон итгэл төрүүлэхийн оронд тэнд цоо шинэ бүтээн байгуулалт өрнөнө гэж итгүүлэх нь илүү хэрэгтэй бус уу. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй эрхзүйн ихэнх баримт бичигт зааснаар бол уул уурхайн компаниудаас “Эвдэрсэн газраа булж хэвгийжүүлээд, дээрээс нь ургамал ногоо тарь” гэсэн агуул­гатай зүйл л шаарддаг. Гэтэл уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд Оюутолгой, Тавантолгой, Ухаах­удаг, Нарийнсухайт, Цайрт, Цагаансуварга, Төмөр толгой, Төмөр­тэй гээд Монголын нүүр царай болсон томоохон ордуудаас гарсан их хэмжээний чулуулаг нь хөрсний овоолго буюу хиймэл байгууламж болдог. Харин тэндээс гарч байгаа хүдрийг боловсруулаад, бүтээгдэхүүн болгон гарга­чихдаг учраас яаж ч булах гээд нүхээ дүүргэх боломжгүй.

Зарим томоохон аж ахуйн нэгж гэхэд л жилд 8-10 гаруй сая шоо метр хөрс хуулдаг. Арван жилийн турш ийм их хэмжээний хөрс хуулж овоолчихоод, эргүү­лээд тийм хэмжээний хөрс шороо хаа нэгтэйгээс олж булна гэдэг үлгэр. Тэгэхээр манай­хны хэлээд, шаардаад байдаг нөхөн сэргээлтийг хийнэ гэвэл ашиггүй болчих тул тэгэх нэг ч компани олдохгүй гэдэг нь үнэн бололтой. Харин үүний оронд үнэнтэй эвлэрч, дэлхий нийтийн жишгээр уурхайн овоолгыг нурахаас сэргийлж, хэдэн зуун метрийн гүн ухсан нүхэнд хүн, амьтан унахгүй байх аюулгүй орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй аж.

Бас бий болсон дэд бүтэц дээр суурилан, тэр хавийг ашигтай орчин болгох ёстой гэдгийг МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр хэлсэн. Германд гэхэд л нүүрсний том ордуудыг хаасны дараа амралт сувиллын газар байгуулан, ухсан нүхээ усаар дүүргэснээр усан аялал хөгжүүлж, загас үржүүлгийн газар ажиллуулдаг болсон байна. Уул уурхайн нөхөн сэргээлтийг чадамгай хийдгээрээ алдартай БНСУ-д харин овоолгыг ашиглан цанын бааз бий болгож, казино байгуулчихсан байдаг.

Тэр бүү хэл, нутгийн иргэд болоод тухайн уурхайд ажиллаж байсан олон хүнийг сурган, тэрхүү газрууддаа ажиллуулдаг юм гэсэн. Манайх энэ чиглэл рүү хандсан хууль эрхзүйн орчин бий болгох хэрэгтэй байна. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчинг, байгалийн нөөцийн газрын орлогч дарга Б.Саран “Халуун дулаан орныхон бол уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа усан сан бай­гуулж, аялал жуулчлалын чиглэлээр ашигладаг юм билээ. Харин манай оронтой ижил цаг агаартай, усны нөөц багатай улс орны хувьд бэлчээрийн газар болгох нь ч хүнд. Тиймээс сургалтын бааз, аж ахуйн зориулалтаар ашиглах зэрэг хувилбар бий” хэмээсэн.

Сургалтын бааз ч байна уу, аж ахуйн зориулалтаар ч байна уу, ямар ч гэсэн үр дүнг нь үзэх хэрэгтэйсэн. Харин манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх аж ахуйн нэгжүүд “Бэлчээрийн газрыг нь авсан юм чинь буцаагаад тэр зориулалтаар нь ашиглана шүү дээ” гэдэг гэсэн. Гэтэл өнөөх нь шимтэй өвс ургах бэлчээрийн газар болтлоо олон жил зарцуулдаг байна. Энэ мэтчилэн гүний уурхай­нуудыг эргээд нөхөн сэргээх нь эдийн засгийн хувьд маш хүнд учраас эхнээс нь төлөвлөгөөтэй хөдлөхгүй бол 30-40 жилийн дараа буух эзэнгүй, буцах хаяггүй сууж байх вий. Авст­ралийн нэгэн эрдэмтэн хаагдсан уурхайнуудад судалгаа хийхэд ердөө 25 хувь нь л нөөцөө ашиг­лаж дууссан байсан бөгөөд, ихэнх нь өөр ямар нэгэн шалт­гаанаар хаагдсан байжээ. Тэгэхээр уурхайн хаалт гэдэг бол хөдөлгөөнгүй зүйл биш бөгөөд тодорхой нөхцөл нь бүрдсэний дараагаар үлдсэн 75 хувь нь дахин олборлолт явуулна гэсэн үг байх нь. Нөөц ихтэй томоохон ордыг хаана гэдэг бол урт хугацаа шаардах ажил.

Тэгэхээр уурхайг хаатал юу хийлгэх вэ гэдгээ бид тодорхой болгох ёстой байна. Олон жилийн дараа Оюутолгой, Тавантолгойг хаах болоход санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ гэдгийг эртнээс бодолцохгүй бол бид дэлхийн томоохон компаниудын өөдөөс дуугарах үг, шаардах бичиггүй сууж мэдэх нь.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.