ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ЦАЦСАН СУДЛААЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногт хиймэл тулгуур эсээс ургуулсан эд эсийг хүний биед шилжүүлэн суулгасан хэмээн хуурамч мэдээлэл цацсан судлаач Хишаши Моригутиг Японд шилдэгт тооцогдох Токиогийн их сургуулиас хөөжээ. Энэ тухай их сургуулийн захиргаанаас мэдээлснийг ИТАР-ТАСС агентлаг дамжуулжээ.
Нийслэл хотын их сургуулийн харьяа эмнэлгийн судлаач болох Хишаши түүхэнд анх удаа олон үүрэгт хиймэл тулгуур эснээс ургуулан гаргаж авсан эд эсийг өвчтөний зүрхний булчингийн эд эсэнд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдсэн нь аравдугаар сарын эхээр Японд дуулиан шуугиан дэгдээсэн байна.

Түүний мэдэгдэж байснаар, уг мэс заслыг АНУ-ын Харвардын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хийсэн аж.
Гэвч дараа нь Харвардын их сургууль болон тэдэнтэй холбоотой Массачусетсийн эмнэлгийнхэн Хишаши Моригутигийн хийсэн мэс залын талаар юу ч мэдэхгүй гэдгээ мэдэгджээ. Японы судлаач 1999 оноос 2000 оны хооронд Массачусетсийн эмнэлэгт уригдан ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш эдгээр эмнэлэг болон их сургуультай ямар ч холбоогүй байсан гэнэ.
Харин Хишаши Моригути хожим нь эмнэлгийн нэрийг андуурснаа мэдэгджээ. Мөн тэрбээр дээрх төрлийн мэс заслыг 6 удаа бус харин ганцханыг л хийсэн гэж ярьсан боловч дараа нь мэдүүлгээ өөрчилж мэс заслынхаа талаар ямар ч тодорхой зүйл дурдаж чадаагүй байна.
Японы Засгийн газар Моригутигийн судалгааны ажлыг мөрдөн шалгаад эхэлжээ. Тухайлбал, 10 гаруй жилийн турш явуулахаар төлөвлөсөн эрхтэн, эд эсийг хөлдөөх болон хадгалах аргын судалгааг шалгаж байгаа аж. Энэ судалгааны ажилд 170 сая иень буюу 2,1 сая доллар төсөвлөсөн байна.
Д.Жаргал

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих