“Тэнгэрт амьдрагсад”-аа, газраас ярьж байна, утааны улирал эхэлчихлээ

Анхны цас орж, хүйтний ам наашилж байгааг сануулсаар.  Хүн бүр л дулаан хувцас, түлээ түлшээ базаах зэргээр газар дээр амьдрал өрнөнө.  Өрнөж байгаа амьдралын хэмнэлийг дагаад Улаанбаатар хотынхны гол асуудал болчихоод байгаа утаа гарч ирнэ. Гэхдээ утаа бол газар дээр амьдарч байгаа хүмүүст асуудал болчихоод байгаа юм. Харин “тэнгэрт” хөөрчихсөн, хөрсөн дээр бууж үзээгүй хүмүүсийн хувьд утаа асуудал биш, зүгээр л эргэн тойронд өнгөцхөн харагдах төдий л зүйл. Тэд  газрынхнаас мэдээ хүлээж авч, түүндээ таарсан хууль тогтоомж гаргаж, багахан хэмжээний мөнгө төсөвлөдөг. Худал хэлсэн хүнд, нэг удаа казино тоглох хэмжээний мөнгөөр утаатай тэмц гэсэн зарлиг буулгаад байгаа юм. Тэр нь 30 тэрбум төгрөг. Өнгөрсөн жил байгуулагдсан “Цэвэр агаар” санд тухайн үедээ 30 тэрбум төгрөг төсөвлөж байлаа. Энэ жил ч ялгаа байхгүй, тийм хэмжээний мөнгө өгч байгаа.
Яах вэ, бас ч гэж нэг үеэ бодвол мөнгө өгч эхэллээ. Гэхдээ ганцхан жилийн дотор утааг ор мөргүй арилгаж, дайснаа дарж, дархан цолоо мандуулахыг тулгаад байгаа “тэнгэрийн амьтад” олон байна. Тэд “Бүхэл бүтэн 30 тэрбум төгрөг өгөөд байхад утаа байхгүй болсон юм алга гэж газраас бидэнд мэдээллээ. Тэр их мөнгийг хааш нь алга болгочихоод, утаа буурахгүй, “газрын нөхөд” бидэнд төвөг удаж, одоо болтол утааны асуудал яриад байгаа юм бэ” гэж ирээд хашгичаад байгаа юм гэсэн. Яг чин үнэнийг хэлэхэд, тэд ер нь утаа хаанаас гардаг  гэдгийг мэдэх болов уу. Агаарын бохирдол гэдгийг хэн нэгэн эрдэмтэн нээж олсон шинэ томъёо гэж ойлгодог ч байж магадгүй. Үндсэндээ бол 30 тэрбум төгрөгтэй байхад ганцхан жилийн дотор утаанаас салж болно гэсэн гэгээн бодолтой “бурхад” ч олон байгаа юм билээ, тэр дээр.  Аягүй бол хоёр жилийн дотор төсөвлөсөн 60 тэрбум төгрөгөөр нийслэлийн бүх гэр хорооллын айлуудыг орон сууцанд оруулчихаж дөнгөнө гэж санаж байж ч болох. Тэгвэл “ёстой худлаа шүү” гэдгийг хэлчихье.
Манай парламентад уг нь 76 гишүүн залрах ёстой. Одоогоор элдэв асуудлаас үүдээд 72 хүн сууж байна. Тэр дунд гал түлж үзээгүй, паартай байшин, паалантай жорлонд хэдэн үеэрээ амьдарч, нүүрсний бараа хараагүй хүн ч байгаа. Алдарт “МАК” компанийн босс Нямтайшир гуайн хүү Н.Номтойбаяр гэдэг гишүүн, дээр залрагч, тэнгэрт амьдрагч нөхөр зууханд гал түлж, нүүрс гялгар уутанд хийгээд, пийшин рүү хийж үзсэн гэж бодохгүй байна. Аягүй бол нүүрс түлж болдог гэдгийг зурагтаар үзсэн ч байж магадгүй.

 

Тийм хүн утаатай тэмцэх талаар ямар нэг ойлголттой байна гэж үгүй. Дээрээс нь Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаярыг нэрлэж болж байна. Нэртэй генералын зүстэй хүү төрснөөсөө хойш л тохилог сууцанд амьдарч байгаа нь тодорхой.  Хээр гадаа тохилог машинтай ан хийж явахдаа түүдэг гал түлж үзсэн бол их юм. Түүнээс биш гэр хорооллын айл галдаа юу хийж түлж байгааг үзээгүй, “тэнгэрийн амьтан” байж таарна. Цаашлаад О.Содбилэг тэргүүтэй  зарим нэг хүмүүсийг энэ ангилалд багтааж болно. УИХ-ын нялх гишүүн О.Содбилэг Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нараас ч илүү “тэнгэрийн амьтан”. Энэ хүнийг нэг ч удаа зуух хараагүй гэдэг дээр бараг мөрийцсөн ч  алдахгүй болов уу.  Ер нь төрсөн цагаасаа эхлээд халаалт ирэх, хананаас ус авах, тансаг хаус,   үнэтэй машин л гэхээс мөнгөөр дутагдах, нүүрс түлэх, гудамжны худгаас ус авах гэж дугаарлаж зогсохыг тамд байдаг зовлон мэтээр төсөөлдөг хүмүүс утааны тухай ойлгож, тэмцэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргана гэж байхгүй. Цаашлаад УИХ-ын гишүүд маань бүгд тэнгэрт гарчихаад, газарт байгаа ард түмнээ бараг мартчихаад байна. Үндсэндээ амьдралаас тасарчихсан. Тиймдээ ч утаатай тэмцэхэд сэтгэл зүрхээ зориулж, ахиухан мөнгө хөрөнгө хаяж, ард түмнээ аюулаас аврах талаар огт бодохгүй байна. Тэд дандаа л холыг харж амьдардаг бололтой. Аргагүй дээ, хэр зэрэг өндөрт гарна, тэр чинээгээрээ холыг хардаг хойно. Буруутгах аргагүй шүү дээ. Мань нөхдүүдийн харж байгаагаар бол гэр хороололд амьдарч байгаа 200 мянган өрхийг шууд тохилог сууцанд оруулж, төвлөрсөн шугамд холбоод бүх зүйл шийдэгдэх юм гэсэн. Уг нь зөв. Алс хэтдээ шийдчихвэл Монгол Улс тэр чигтээ диваажин болж хувирмаар сайхан мөрөөдөл. Гэтэл энэ бүхнийг шийдэх гэсээр байтал агаарын бохирдол гамшгийн хэмжээгээ хэд дахин даваад онцын онц аюултай төвшинд хүрэх байлгүй. Тэгээд 100 мянган айлын орон сууцаа барьчихаад, зүгээр байр өгье гээд явсан ч хүн олдохгүй болох вий дээ. Жолооч хүн үнэтэй дугуй авч тавиад, асуудлыг шийд­нэ гээд хагарсан дугуйтай ма­шин унаад явдаггүй биз дээ. Үнэтэй дугуй авахаасаа өмнө хямд ч болов дугуй авч, машинаа унаж байхаа л бодно. Харин манай “тэнгэрт амьдрагсад” хямдхан дугуй ч авч хүрэхгүй мөнгө “шидчихээд”, машинаа унаж хурдалсангүй гэж загнаад байгаа нь хачирхалтай.
Өнгөрсөн жил байгуулагдсан “Цэвэр агаар” сангийнхан юуны өмнө агаарын бохирдлыг бага ч болов бууруулахаар 70 мянган ширхэг бүрэн шаталттай зуух тараасан. Энэ жил ч тэр хэмжээний зуух тараах гэж хичээж байгаа. Гэхдээ дахиад цаана нь тэр хэмжээний зуух тарааж байж утаа үйлдвэрлэлийн 60 хувийг эзэлж байгаа гэр хорооллын айлуудын хуучин зуухыг сольж дуусна. Уг нь зуух сольчихвол  гэр хорооллынхны үйлдвэрлээд байгаа утаа 50 хувь багасах боломжтой. Зөвхөн зуух тараахад зориулж “тэнгэрийнхэн” 30 тэрбум төгрөг төсөвлөх шаардлагатай. Гэтэл одоо бол агаарын бохирдолтой тэмцэхэд зориулж 30 тэрбум төгрөг төсөвлөөд байдаг.

Агаарыг зөвхөн гэр хорооллын айлуудын яндангаас гарч байгаа утаа л бохирдуулаад байгаа бол яая гэх вэ. Гэтэл хөрсний бохирдол, машины утаа, уурын зуухны утаа, ШТС-ууд, хог хаягдал гээд зүсэн зүйлийн хүчин зүйл байна. Тэр бүхнийг тооцохгүй байгаа юм. Уг нь “тэнгэрт амьдрагсад” ганцхан удаа газар дээр бууж ирээд, хэд хоног гэрт амьдарч, нүүрс түлж, утаагаа уушгилангаа гудамжаар алхаад үзээсэй билээ. Тэгвэл утаатай хийх тэмцлээ шуурхайлах тухай бодол тархинд нь тас хийтэл харвах вий.  Тэгээд хувьдаа оногддог тэрбум төгрөгөөрөө 20 айлд ч болов орон сууц авч өгөх юм билээ. Бүр болъё гэхэд хүүгүйгээр, урт хугацаанд зээлж ч магадгүй юм.
“Байна уу, байна уу. Тэнгэрт амьдрагсад уу. Газраас ярьж байна. Цаана чинь утааны улирал эхэлчихсэн шүү.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.