Ажлаа хийсэн сэтгүүлчид хэнээс ичих юм бэ

«Сэтгүүлч нар ичээрэй» гэнэ үү. Энэ үгийг бидний хүндэтгэж явдаг яруу найрагч нэгэн буурал амнаасаа унагаж орхих юм. Тэр тусмаа өнөөгийнхөн «Үнэн үг нь тамхиных нь гашуун утаа шигээ хурц» хэмээн дээдлэн хүндэлдэг нэгэн ийм үг унагасанд ёстой нийгмээрээ дургүйцэж «Монгол тулгатны 100 эрхэм» нэвтрүүлэг энэ мөн үү. Арай дэндэж…» гэх уур цухал, ундууцал хэдэн өдөр үргэлжлэв. Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь үндэсний бахархлуудын маань нэг сүмогийн их аварга Д.Дагвадорж гэж байгаа.

Японы үндэсний спортын нэг сүмогийн ертөнцөд ноёрхож, дэлхийн хэмжээний хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан тэрбээр тун ч болчимгүй олон үйлдэл гаргаж Монгол Улсынхаа нэрийг мандуулсан шигээ бас муулуулсан нэгэн шүү дээ. Түүнтэй холбоотой мэдээллүүд гадна дотнын олон сайт, хэвлэлд цацагдахад «Монголын хууль үнэхээр хэрэг алга» гэх үгс дандаа дагаж явсан гэхэд болно. Хүний нутагт явахдаа япон бүсгүйн духанд хулсан дэвүүрийн сорви үлдтэл нь цохиж танхайрсан гэх түүнийг монголчууд яаж өмөөрч, ямар их шаналсныг тэр ер ухаараагүй.

Дараа нь мөн л дотор газрын нэгэн эрхмийг дэлсээд авсан гэдэг. Бүр давраад зодог тайлаад эх нутагтаа ирснийхээ дараа ч хэчнээн хэл аманд өртөв дөө. Түүний хамгийн сүүлийн томоохон танхайрал нь бөхчүүд хоорондоо 20 сая төгрөгийн өгцөө авааны тухай маргалдахад мөнөөх л аварга маань түргэн зангаа гаргаж хүний толгойн тус газарт нь мэс хүргэсэн явдал. Түүний танхайрлуудыг дурдвал «эхнэр хүүхдээ ичээж айлгадаг, хэвтэрт ортол нь зоддог» гээд цааш хөврөх болно. Дагва аваргыг халамцуу гөлөмцүүдээ ийн авир араншин гаргах бүрт нь монголчууд өмөөрсөөр л ирсэн. Энэ тухай нэгэн баримт сөхье л дөө.

Их аваргаа хайрласан залуус «Караоке»-д дуулж байхдаа буурал найрагчийн хэлсэн «Сэтгүүлч та нар ич» гэсэн үг болон их аваргаас болж зодолдсон нь ч бий. Зодолдсон залуус бүгд Д.Дагвадоржийг гэсэн байв. Харин нэгэн залуу эргүүлийн цагдаад баригдаад гавлуулчихсан байхдаа «Аварга хүн аятайхан байх хэрэгтэй ш дээ. Жирийн хүн биш гэдгээ ямагт ухаарч байх хэрэгтэй. Надад их аваргаа хайрлах сэтгэл байхгүй гэж бодож байна уу. Баг. . .. та нарынхаас илүү байна. Тиймдээ би ингэж шатаж байгаа юм. Хүн хэлэхээс, цааш чичихээс наашгүй гэдэг биз дээ. Сэтгүүлчид яагаад ичих ёстой гэж. Миний ээж, эгч дүү сэтгүүлч. Тэд нийгмийн болох, болохгүй бүхнийг биднээс түрүүлж хардаг юм.

Аваргад хууль, цагдаагийнхан тохирсон шийтгэлийг нь оноохгүй, толгойг нь илээд явуулаад байгаа болохоор бүр даварчихсан. Энэ чинь та нар түүнийг улам л цааш нь түлхээд байна, за юу. Ингэж байгаад хүний амь нас бүрэлгэчихвэл яана. Шоронд орвол толгойг нь илээд байгаа тэр хүмүүс, буурал Бавуу хамт ялыг нь үүрэлцэх юм уу. Харалган байна даа, та нар» гээд «Миний гавыг ав даа. Ахынх нь ухаан эрүүл, саруул байна. Биеэ авч явах чадваргүйг нь л аваад явцгаа даа» гэж гаваа тайлуулаад ёстой л дотор нь онгойсон бололтой нэг сайн санаа алдаж аваад явж одсон юм.

Харин түүнийг өмөөрч «Аваргын хаана нь чи хүрэх юм» гэж агсарч байсан хэсэг залуус «Жинхэнэ тархи руу ортол хэлдэг байна ш дээ. Нээрээ Б.Лхагвасүрэн ах яах гэж уруул дорвойлгосоор байгаад түүнийг уйлуулж орхив оо. «Та нар энэ хүнтэй ингэж арсалдах хэн юм» гэж байхаар «алган боов» өгөөд «Энэ нэвтрүүлгийн анхны алган боовны амтыг чи ахынхаа гараас хүртлээ шүү. Тоосоо хааяа гүвүүлэх сайн, хүүхээ» гэчихсэн бол хужир, давс нь таарсан жинхэнэ нэвтрүүлэг болох байж, тийм ээ, Монгол ухаан гэдэг агуу шүү» гээд караокены эзэн залуугаас хүлцэл өчиж, хагарсан эд юмсын төлбөр тооцоог хийгээд явцгаасан юм.

Өнөөгийн залуус ийм бодолтой явахад эрхэм буурал ийн аягласан нь тун тоогүй. Тэр тумсаа аваргын маань нулимсыг тэр олон хүнд үзүүлдэг нь бүр ч тоогүй. Уг нь шөрмөстэй эр нулимсаа хэн хүний өмнө унагаад байдаггүйсэн дээ.

Аварга аа, өнөөдрийн оргилд хүрэхийн тулд туулсан зовлон бэрхшээлийг тань Монголын ард түмэн тэр тусмаа сэтгүүлчид үгүйсгээгүй ээ. Харин таныг хайрласан «Хайр нь дотроо хал нь гаднаа» монгол ухааныг буурал найрагч, хөтлөгч бүсгүй ч ойлгосонгүй нь тун тоогүй. Ажлаа хийсэн сэтгүүлчид хэнээс ичих юм бэ.

С.Цээл

ugluunii sonin


URL:

Сэтгэгдэл бичих