Д.Баттүвшин: Машин дотор нэг нь үхэж байхад хүмүүс кино үзэж байгаа юм шиг л харсан

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны гүүрэн дээр хоёр машин мөргөлдөн дэлбэрч нэг хүний амь эрсэдсэн. Тухайн ослын үед Д.Баттүвшин гэх залуу дэлбэрэх гэж байсан машин доторх хүмүүсийг аварсан байна. Түүнтэй уулзаж ослын талаар цөөн хором ярилцлаа.

-Таныг осол болох үеэр машин дотор байсан хүмүүсийг аварсан гэж байна. Яг хэдэн цагийн үед осол болсон юм бэ. Мөн тухайн үед чухам юу болсон юм бэ?
-Оройн 22.00 цаг өнгөрч байсан. Манай дүү багштайгаа уулзана гэхээр нь би машинаараа хүргэчихээд буцах замдаа Энхтайваны гүүрээр явсан юм. Гэтэл урд талын машинууд гэнэт тормос дараад зогсчихсон. Тэгтэл тэдний өмнө хоёр машин давхацчихсан нэгнээс нь утаа гарч байсан. Эхний хүмүүс нь машинаасаа дөнгөж бууж байхад би очиж доторх хүмүүсийг нь гаргахыг оролдсон юм. Үнэндээ хоёр машин давхацчихсан, гал дөнгөж авалцаад эхэлсэн. Тэр үед миний хажууд зогсож байсан аксент маркийн машин, микро автобусны жолооч бууж ирж хамт очсон. Гэхдээ яг хэдэн хүн буусныг нь санахгүй байна. Тэгээд мөргөлдсөн машинуудаас эхний хүмүүсээ гаргаж эхлэхэд гал нэлээд авалцаад, шатаж эхэлсэн.

-Машин дотор яг хэдэн хүн явсан юм бэ?
-Гурван залуу байсан. Тухайн үед машин дотроос хүмүүсийг яаж ийгээд гаргахыг бодсон. Гэтэл кабинд нь гал дүрэлзээд байдаг. Жолооч залуу гарч чадахгүй, бид түүнийг аврах гээд машины хаалгыг нь онгойлгох гэж оролдож байлаа. Хаалганууд нь бүгд цоожтой болохоор цонхны шилийг нь хагалсан.

-Та нарыг хүн аврах гэж байхад машины эргэн тойронд олон хүн байсан уу?
-Тийм ээ. Эргэн тойронд яг л кино үзэж байгаа юм шиг хүмүүс цуглачихсан зүгээр л харж байлаа. Уг нь хүн үхэх гэж байхад бүгд аврахыг бодно биз дээ. Даан ч тэгээгүй. Бүгд машиныхаа гэрлийг асааж, унтраагаад утаснуудаа гаргаж ирэн бичлэг хийгээд л байсан. Хүмүүс муухай юм билээ. Ядаж байхад энд тэндээс камераар дүрс аваад ядаргаатай гэж жигтэйхэн. Ер нь хүн гэдэг чинь их муухай болсон байна билээ шүү.

-Кабин дотор байсан залуу суудлын даруулгатай байсан юм уу?

-Хариуцлагатай жолооч юм шиг байсан. Суудлынхаа бүсээ зүүчихсэн, бас хөл нь нэг юманд тээглээд байх шиг харагдсан. Эхлээд өмнөх цонхыг нь хагалахад машины хуванцар эд нь шатаад маш халуун гал урдаас төөнөөд ойртож чадаагүй. Ядаж байхад машин хажуу тийшээ хазайчихсан, явган хүний зам руу тэгнэгдээд үнэхээр хэцүү байсныг л санаж байна.

-Арын хаалгыг нь онгойлгох боломжгүй байсан юм уу?
-Бүх хаалга нь цоожтой байсан болохоор ямар ч боломжгүй. Тэгээд хойд талын цонхыг нь хагалж арын хаалгыг нь нээх гэтэл гүйцэд онгойдоггүй. Арай гэж хөлөөрөө жийж онгойлгоод орсон. Жолоочийн суудал дээр байсан хөөрхий залуугийн гар нь хөдлөөд “Хүмүүс ээ, туслаач ээ” гэж дуугарч байсан /уйлав/. Залуугийн цээжнээс нь доош нэлэнхүйдээ галд орчихсон ёстой эвгүй харагдсан.

-Таныг хаалга онгойлгоод орох үед залуу амьсгалтай байв уу?
-”Бие нь яаж байна ахын дүү” гэж асуугаад хүзүүн дээр нь гараа тавихад аман дотроо үг бувтнаад л байсан. Тэр залууг аврах гэж зөндөө оролдсон. Үнэхээр дийлээгүй. Тэгээд суудлын бүсийг нь огтолж авах гэтэл гал дүрэлзээд ойртуулдаггүй. Хүмүүс рүү галын хор байна уу гэхэд “Одоо оройтсон” гэж хэлж байсан. Харин нэг автобусны жолооч галын хороо гаргаж өгсөн. Манай дүү бас нэг автобуснаас хорыг нь авчирсан. Тэр их галыг хоёр, гуравхан литр автобусны галын хор яаж дийлэхэв дээ. Бид амь биеэ хайрлахгүй тэр залууг аврах гэж зүтгэсэн боловч даан ч чадсангүй.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих