Дэлхий дээрх “жигтэй 10” занданшуулсан шарил

Эртний Египет болон Өмнөд Америк, Азийн өлгий нутгуудын өв соёлын үнэт олдвор болсон тэргүүтэй дэлхий дахинаа танигдсан занданшуулсан шарил буюу “мумми”-ны тухай түүхийг дурьдаад дундаршгүй юм. Иймийн тул ТАНИН МЭДЭХҮЙН сонин хачин мэдээллийнхээ үргэлжлэл болгон дэлхийд танигдаж, сонирхол татсан нууцлаг гэгддэг цөөнгүй олдворуудаас түүвэрлэн дараах мэдээллийг сонирхуулж байна.

 

1. Назке соёлын өв - Чаучилла оршуулгын газар / Перу

Перугийн өмнөд нутгийн Назке хотод одоогоос 600 – 700 жилийн тэртээх занданшуулсан шарил бүхий оршуулгын “Чаучилла” хэмээх газар байх агаад эндэхийн занданшуулсан шарил нь суугаагаараа нас барж тэр чигт нь занданшуулсан мэт санагдах үлэмж олон “мумми шарил” үзмэртэй гэнэ. Жуулчдын ихээр очиж сонирхдог Перугийн эл соёлын өвийг 1920-оод онд олж нээсэн бөгөөд 1997 онд улсын хамгаалалтад авчээ.

Эртний занданшуулсан шарил бүхий эл оршуулгын газраар хоёр цаг зорчих эрхийг жуулчид $7 орчим доллараар худалдан авдаг. Перугийн хуурай цаг агаарын нөхцөлд үнэхээр гайхалтай хадгалагдан үлдсэн эдгээр занданшуулсан шарил нь хөвөн даавуугаар шаглан оёсон хувцастай, элдэв шавж болон нянд идэгдэхээс хамгаалж бүхэлд нь давирхайгаар хучсан шарилууд байх бөгөөд шавар тоосгоор тус бүрт бяцхан бунхныг сүндэрлүүлсэн байх ажээ. Энэ төрлийн шарилууд дэлхий дээрх хамгийн нууцлаг бас хамгийн аймшигтай бүтээлд тооцогддог байна.

2. “Юкок гүнж”-ийн занданшуулсан шарил / Сибирь

Удаах байрт Интернэт сенсаци: “Анал” шивээс ба Мумми мэдээллээр хүргэж байсан Юкок гүнжийн занданшуулсан шарилын тухай оржээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү мумми нь 2500 жилийн өмнө нас барсан бөгөөд 25 настай байх агаад Алтайн уулсаар нутаглаж байсан Паризик омгийн гүнж Юкок гэнэ. Муммиг 1993 онд олсон бөгөөд Оросын Үндэсний Музейд хадгалагдаж байгаа юм байна. Түүний булшийг ухаж гаргахад нутгийнхан нь тийм ч таатай байгаагүй бөгөөд учир нь тэрээр нутгийн удган гүнж байжээ.
Ингээд энэхүү занданшуулсан шарилыг авч явснаас хойш эл нутагт ойн түймэр, газар хөдлөлт, өвчин тахал, амиа хорлолт зэрэг золгүй явдлууд ар араасаа үргэлжлэх болсон гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар Юкок гүнжийн занданшуулсан шарилыг эргэн нутагт нь буцааж тэндэхийн түүхийн музейд үргэлжлүүлэн судлах төлөвтэй байгаа ба энэ нь тус судалгааны багийнхан муммиг олсноос хойш элдвээр хар дарах зэрэг жигтэй явдлуудтай учирч эхэлснээс улбаатай шийдвэр ажээ.

3. “Сети I хаан” / Египет

Египетийн эзэн хаан байсан Сети (Сетос ч гэж нэрлэдэг)-гийн занданшуулсан шарил нь XIV зуун тэртээд хамаарах бөгөөд зүрхнээс нь бусад бүх эд эрхтнийг нь биеэс нь салгаж маш нарийн процессоор занданшуулсан нэн эртний сонирхолтой шарилын нэг ажээ. Хүний биеийн анатомийг нарийн мэддэг хуврагуудаар үйлдүүлсэн эр шарилыг занданшуулах явц 70 өдөр өрнөсөн гэдэг. Муммиг хужир түрхэж хатаасан ба зотон даавуугаар бүрж нөгөө ертөнцөд үдсэн бөгөөд хааны шарилын урт 1.7 м байжээ. Түүнд тусгайлан бунхан бариулж оршуулсан бөгөөд бунхныг Италийн аялагч, Египет судлаач Жованни Батиста Бельцони 1817 онд Египетийн Хаадын хөндий хэмээх газраас олж байсан гэнэ.

4. “Рендсвурень” занданшуулсан шарил / Герман

Оршуулгын “жигтэй – 8” зан үйл мэдээллээр хүргэж байсанчлан оршуулгын “намаглах” зан үйлээр занданшуулсан энэ шарил Германий нутгаас 1871 онд олджээ. “The Rendswuhren Man” нь 40 – 50 настай байсан бөгөөд задлан шинжилгээгээр хүнд цохиулж нас барсан болохыг тогтоожээ. Учир нь түүний гавлын ясанд хүчтэй цохиулснаас үлдсэн нүх гарсан байсан байна. Христийн эриний I / II зуунд амьдарч байсан байж болох энэ шарилд Данийн археологич Петр Вилгельм Глоб дүгнэлт хийсэн байна.

5. “Шаргал үст” / Египет

Ийн нэрийдсэн эртний занданшуулсан шарилыг Египетээс олжээ. Энэ нь одоогоос 5000 гаруй жилийн тэртээ байгалийн жам ёсоор хуурай элсэнд занданшуулагдсан шарил бөгөөд Их Британий нэгэн музейд хадгалагдаж байгаа ажээ. Байгалийн жамаар занданшуулагдсан гэдэг нь Египетчүүдийг зориуд алив шарилыг занданшуулдаг ёс тогтохоос өмнө байгалийн жамаар ийн төрхөө олж занданшуулагдсан шарилыг хэлж байгаа бөгөөд энэ төрлийн шарилуудаас “Шаргал үст” нь нэн эртнийх ажээ.

6. Скрайдстрапын эмэгтэй “мумми” / Дани

Царс модоор урласан авсанд занданшуулагдсан эл эмэгтэйн шарилыг 1935 онд олсон бөгөөд Христийн тооллын 1300 оны тэртээх “элит” гаралтай эмэгтэй болохыг тогтоожээ. Учир нь тэрээр өмссөн зүүснээрээ бусад занданшуулсан шарилаас эрс онцгой байсан бөгөөд ойролцоогоор 18 / 19 настай байсан байна. Авс болон авсан дотор байсан ургамал ногоо нь илжирч муудсан ч түүний шарил муудаж ялзраагүй хэвээр байсан гэнэ.

7. Хөлөг баатар Крисшень Фредрик вон Кахлбацийн “мумми” / Герман

Германы зартай хөлөг баатар гэгддэг Крисшений эл занданшуулсан шарил нь удаах сонирхолтой түүхийн өвийг илэрхийлэх олдвор бөгөөд одоог хүртэл нууцлаг хэвээр “аура” түүний мумминаас цацрах ажээ. Тэрээр нутгийнхаа онгон залуу охид, эмэгтэйчүүдийн “онгон”-ыг цоолж олон эмс эргүүлсэн цэрэг байсан бөгөөд нэг удаа хоньчин залуугийн эхнэртэй унтах гэсэн нь бүтэлгүйтсэний улмаас хоньчин залуугийн амийг хөнөөсөн явдал гарчээ.
Бэлэвсэн хоцорсон эхнэр нь шүүхэд гомдол гаргахад шүүхийн өмнө Крисшень буруугаа хүлээгээгүй бөгөөд миний буруугүй гэдгийг баталж намайг нас барсан хойно миний цогцос илжирч муудахгүй байх болно гэжээ. Гэсэн ч түүний буруутай нь нотлогдсоны зэрэгцээ цогцос нь ийнхүү илжирч муудаагүй үлдсэн нь байгалийн жам хэмээгдсэн ч баталгаатай биш бөгөөд яагаад ийнхүү муудаж ялзралгүй үлдсэн тухай ямар ч таамаг байдаггүй нууц хэвээр үлдсэн түүхтэй юм байна.

8. Гуанажуатагийн занданшуулсан шарилууд / Мексик

1833 оны үед байгалийн жам ёсоор занданшуулагдаж өдгөө түүхийн үнэт өв болсон Мексикийн занданшуулсан шарилууд нь дэлхийн хамгийн сонирхол татам төдийгүй хамгийн аймшигтай байж болох “мумми”-нуудад тооцогддог бөгөөд тэдний гадна төрхнөөс ажихад ихэнхи нь амьдаараа булшлагдсан мэт баримт олонтаа гардаг байна. Мексикийн Гуанажуатад байх оршуулгын газраас олдсон эдгээр занданшуулсан шарилыг малтах ажил 1865 – 1958 онд өрнөсөн бөгөөд өнөөдөр эл газарт жуулчдын олноор очиж сонирхдог “El Museo De Las Momias” хэмээх “Занданшуулсан шарил / Мумми музей” сүндэрлэжээ.

Музейд  119 гаруй занданшуулсан шарил үзмэр байх агаад тэдний зарим нь бүрэн хувцасласан байхад зарим нь ганц гуталтай байх жишээтэйгээр нялхсаас настан буурал хүртэл эртний “мумми”-нууд байдаг байна. Сонирхолтой үзмэрүүдээс дурьдвал бунхандаа эргэн амилж гараа хазаад амаа цусаар дүүргэсэн эмэгтэйн жигтэй мумми байхаас гадна эл газартай салшгүй холбоотой түүхийг хүүрнэх нэгэн дууг Английн дуучин Тояа Вилкокс 1980 онд бичиж байжээ.

9. Килакитсокийн нялх үрийн занданшуулсан шарил / Грийнланд

Грийландын Ньюсуак хойг нутгийн Килакитсок бол Грийнландын археологийн төв газруудын нэг бөгөөд энэ нутгаас Христийн тооллын 1460 оны үед хамаарах 6 сартай нялх хүүхэд болон эмэгтэй хүний хэд хэдэн занданшуулсан шарил олджээ. 1972 онд олж нээсэн хүүгийн шарилыг Эскимосчуудын заншил ёсоор нас барсан эхийнх нь хажууд амьдаар нь орхисон гэх ажээ. Тэдний өмсөж зүүснээс харахад тухайн үеийнхээ хувцас загварын онцлогийг илтгэсэн амьтдын арьсаар хийсэн хувцастай байсан гэнэ.

10. Розалио Ломбардо / Итали

Сицилийн Палермо хотод 1918 онд мэндэлсэн ч хоёрхон настайдаа уушгины хатгалгаа тусч хорвоог орхисон бяцхан охины шарил өнөөдөр дэлхийн хамгийн сайн занданшуулсан шарилд ордог ба охиныхоо үхэлтэй эвлэрэхийг хүсээгүй аав Ломбардогийнх нь хүсэлтээр занданшуулагч Альфредо Салафиа ийнхүү занданшуулсан байна.
Тэрээр охины цусыг бактери устгагч формалин шингэн бодисоор орлуулж, цогцсыг хатаахад архи болон хэт хатаахаас сэргийлж глицеринийг тус тус холих арга барилаар охиныг занданшуулжээ. Энэ нь түүний боловсруулсан арга бөгөөд салицилийн хүчлийг мөөгөнцөрдөхөөс сэргийлж, хатуулаг чанарыг бэхжүүлэхийн тулд цайр ашигласан нь хожмын судалгаагаар тогтоогдсон ажээ.

http://www.playskull.mn/content.php?id=759


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих