МАН орон нутгийн сонгуульд бэлэн үү?

Монголын улстөр “намрын гуниглал” зарлаж, гудамжинд гарч дуусах нь ээ янз нь. Дөрвөн жил болоод л ард түмнийхээ итгэл үнэмшил, хөрөнгө чинээ, боловсролын түвшин, амьдралыг үзэх  чиг хандлагаар нь хэдэн хэсэгт хувааж сэтгэл зүйгээр нь тоглосоор 20 жил боллоо хөөрхий.

УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх “цусгүй дайн” нь ядаж байхад  дундаа  ганцхан жилийн зайтай болдог нь халширмаар. Малилзтал худлаа инээсэн таних, танихгүй баахан нөхдийн зураг, худал үнэн намтрыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр  нь  хэвлэж, гудамжаар нэг хөглөрсөн хог тарьж, хөөрхий муу сайн цэвэрлэгч нарын махыг зулгаана.

Ганцхан сарын дараа орон нутгийн сонгууль болно. Хэдхэн жилийн өмнө  орон нутгийн сонгууль гэгч  болдог  эсэхийг мэддэг хүн байсангүй. Одоо бол хамгийн эрэлт хэрэгцээтэй, хуваах бялууны хамгийн амттай, томоохон нь оногддог сум, дүүргийн Засаг дарга нарыг  тодруулдаг учир ёстой л бага шиг дайн болдог сурагтай. УИХ-д суудалтай дээдчүүл  хувь хэмжээгээ чамлан тэмцэж жагсаж байгаа дүйвээнээр  орон нутгийн сонгуульд тоосоо өргөх эрхмүүдийн нэрс үндсэндээ тодроод дуусч байна.

Сум орон нутгийн удирдлагууд гэдэг хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй, бас  хөрөнгө мөнгөнд хамгийн ойр байд­гаараа идэж шамшигдуулахад хамгийн боломжтой газар гэх юм билээ. Тиймдээ ч  сум, баг, хороо, дүүргээр гүйдэлтэй, жаахан улстөрийн синдромтой нөхөд энэ л өдрүүдэд ёстой нэг “эрэгчин эмэгчин”-ээ үзэлцэж байгаа нь тодорхой. Төрийн албыг яг ард иргэдэд гардуулан хүргэдэг анхан шатны нэгжүүдийн ажил ном дүрмийн дагуу явагддаг бол өнөөдрийн энэ их авлига хээл хахууль, хүнд суртал ингэтлээ галзуурахгүй байхсан.

Харин эсрэгээрээ орон нутгийн сон­гуулийн нууц тэмцэл, хөшигний арын сөргөлдөөн улам ширүүсч, төрийн албаны нэрээр түмний мөнгөнд гараа лавхан шургуулах сонирхолтой эрхмүүдийн тоо толгой л өдрөөс өдөрт өсч байгаа нь өнөөд­рийн эмгэнэл болчихоод байна.

Гэхдээ аймаг, сум, дүүрэг бүрийн сонгуулийн тойрогт өрсөлдөх тухайн орон нутагт сүүлийн зургаан сар ажиллаж, амьдарсан дээд боловсролтой нэр дэв­шигч­дийг олж тодруулах гэж улстөрийн нам хүчнүүд ёстой л шар махтайгаа хатаж байгаа нь нууц биш.

25-35 суудлын төлөө зарим газар 100 хол давсан горилогч бүртгүүлээд байгаа ч  Сонгуулийн хорооны шаардлагад ний­цэх нэр дэвшигч тун  ч цөөн байгаа нь Монголын улстөрд үүсээд байгаа оюуны хомсдолын бодит жишээ мөн.

Аль ч шатандаа боловсон хүчин хан­галттай хэмээн сайрхдаг МАН-д ч орон нут­гийн сонгуулийн шаардлагыг хэл ам­гүйхэн хангачих нөөц хүчин туйлын хангалтгүй байгаа нь өнөөдрийн бодит үнэн.

МАН-д орон нутгийн сонгуульд анхаарах зав чөлөө, ажлын боломж, хүн хүчний хуваарилалт тун ч ядмаг байх шиг. Бараг л тавиад туучихсан УИХ-ын хоёр гурван суудлын төлөө намын удирд­лагууд нь хамаг хүч анхаарлаа тавь­чихсан хойгуур өрсөлдөгч хүчнүүд нь орон ну­тагт уран мэхийг уралдуулж суугаа нь тодорхой.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих