Ертөнцийн төгсгөл хоёр долоо хоног үргэлжлэх үү?

Майяагийн хуанли ёсоор дэлхий сөнөх эсэх тухай маргаан зурхайчид болон эрдэмдтийг хоёр талцуулаад байгаа. Манай улсад ч бас иймэрхүү утопи зөгнөлөөр мөнгө хийх гэсэн хүмүүс ч мэр сэр гарах болсон. Харин энэ асуудлаар дэлхийд юу гээч болж байгааг уншигчдадаа сонирхуулъя.
Хэрэв индианы Майяа омгийнхны цаг тооны бичигт итгэх юм бол дэлхий сүйрэхэд ердөө хоёрхон сар үлджээ. Одон орон судлаач, зурхайчид дэлхийн сүйрлийн тухай үнэхээр ноцтойгоор авч хэлэлцэж байгаа бол эрдэмтэд тэдний үгэнд итгэхгүй байхыг уриалж байна.
12 дугаар сарын 21-нд майяачуудын цаг тооны бичиг дуусгавар болох юм. Түүний хамт дэлхий дээр манай соёл иргэншлийг устгах галав юүлнэ гэдэгт үл итгэгчид байна. Харин гэтэл Латвид 12 дугаар сарын 21-нд “Орон зайд түр зуурын нүх үүсэх үед зэргэлдээ ертөнцөд очих тохиолдолд” нөхөн олговор авах даатгал бий болгохыг зохион байгуулагчид хүртэл гарч иржээ. Үүнээс ч манай Монгол хол хоцроогүй бололтой. Үгүй ядахдаа л лаа, шүдэнз их хэмжээгээр нөөцлөөд байгаа билээ.
Түүнчлэн “ертөнцийн төгсгөл”-ийн анир зөвхөн зурхайчид, гэнэн итгэмтгий мухар сүсэгтэй хүмүүсийг сандаргаад зогсохгүй улстөрчдийг хүртэл энэ талаар дуугарахад хүргэсэн байна. Тухайлбал хойд хөршийн хуучин нийслэл буюу Санкт-Петербургийн Хуулийн зөвлөлийн хурлын гишүүн, гомосексуализмыг сурталчилахыг хориглосон шийдвэр гаргаснаараа алдаршсан нэгэн ертөнцийн мөхлийн асуудалд анхаарлаа хандуулжээ. “Шударга Орос” фракцийн төлөөлөгч Андрей Горшечников ертөнцийн төгсгөл болон майяачуудын цаг тооны бичгийн талаар элдэв юм эрээчсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хатуу хориг тавих хэрэгтэй гэжээ. Хойд хөршийн улстөрчид хүртэл ийнхүү ертөнцийн ирээдүйд санаа зовж байхад Монголын улстөрчид буйдан, сандалаа л булаацалдахаас өөрийг мэдэхгүй сууж байх шиг.
Далай лам ертөнцийн төгсгөл болохгүй гэж айлдсаар байтал Оросын зарим шар хэвлэлүүд төвд лам нар ингэж хэллээ хэмээн худал нэр барьж бичих тохиолдол ч байна. Тухайлбал төвд лам нар энэ сүйрлийн үр дүн их хор хөнөөлтэйг нуусангүй. “Намар, өвөл дулаан байна. Харин 2012 оны 12 дугаар сарын 21-нээс эхлэн дэлхий огторгуйн “тэг хүрээ” гэгчид шилжинэ. Энэ бол ямар ч эрчим хүч байдаггүй онцгой орон зай. Хав харануй болон чив чимээгүй байдал нөмөрнө.Эрчим хүч, харилцаа холбоо гэж байхгүй болно. Харанхуй нь үе үе гялалзах гэрэл дагуулах бол гэрэл, сүүдрийн тоглоом үргэлжлэнэ. Цаг хугацаан дундуур дүрс сүүмэлзэн тэнүүчлэх нь яг л үхэгсэд булшнаасаа босоод ирсэн юм шиг байна. Дэлхий үл мэдэгдэх газар хөдлөлтөд өртсөн мэт сэгсрэгдэж байна. Зарим барилга нурж ч магадгүй” хэмээн өөрийгөө Шамбалын орны зөнч гэсэн нэгэн төвд лам хэлсэн юм байх.
Тэрхүү төвд зөнчийн хэлнээр хүмүүс нийтийн айдас хүйдэст автсаны улмаас олноороо хорвоог орхих аж. Энэ сүйрэл хоёр долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд хоёрдугаар сарын эх хүртэл сүйрлийн хэмжээ мэдэгдсээр байх ажээ. Энэ сүйрлийг давж гарахын тулд ундны ус, лаа шүдэнз, хоол хүнсээ нөөцлөх хэрэгтэй хэмээн айлдсаныг харвал орос сэтгүүлч төвд лам биш монгол ламтай уулзаа юу гэлтэй. Магадгүй монгол лам өөрийгөө төвд лам гэд хэлчихсэн ч байж магадгүй. Энэ зөнч ламын зөвлөгөө ОХУ-ын нэр хүндтэй „Собеседник“ сэтгүүл дээр гарсан юм шүү.
Харин эрдэмтэд ертөнцийн төгсгөл гэдэг бол ямар ч үндэслэлгүй зүйл гэдгийг хэлсээр байна. Төв Америкийн эрдэм шинжилгээ, судалгааны төвийн захирал Марчелло Кануто “Майяа нарын цаг тооны бичиг ертөнцийн төгсгөлийг зөгнөөгүй” гэж хэлснийг LiveScience.com сайт иш татсан байна. Энэ бол манай монгол ойлголтоор нэг жаран төгслөө гэдэг шиг зөвхөн нэгэн үеийн хугацаатай цаг тооны бичиг юм байна. Түүнчлэн 2012 оны 12 дугаар сарын 21-нээс хойших Майяа нарын цаг тооны бичиг олдсон талаар Discovery суваг мэдээлсэн байна.
С.Майдар

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=6580


URL:

Сэтгэгдэл бичих