Сагсан бөмбөгчид тивийн аваргыг зорино

Монголын сагсан бөмбөгийн оюутны шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Тайванийн Тайпей хотноо аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 4-ний хооронд болох Азийн сагсан бөмбөгийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд О.Сэргэлэн /Төмөр замын коллеж/, А.Энхтүвшин /ШУТИС/, Б.Батжавхлан /МУИС/, А.Бямбадорж /МУБИС/, Э.Цэрэнбаатар /ОТИС/, Т.Санчир /МУИС/, Б.Билгүүн /ОТИС/, Г.Цэнгүүнбаяр /МУИС/, Т.Билгүүн /МУБИС/, Ц.Азбаяр /МУИС/, Д.Дэлгэрням /ШУТИС/, О.Очирбат /МАБТДС/ нарын тамирчид багтсан бөгөөд ОУХМ Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нарын удирдлага дор бэлтгэлээ сургуулилтаа үргэлжлүүлж байна.

Азийн оюутны спортын холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг тэмцээнд Монголын сагсан бөмбөгчид гурав дахь удаагаа өрсөлдөх гэж буй. Өмнөх тэмцээнээс буюу 2010 онд Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирдлага дор Монголын баг тамирчид хүрэл медаль хүртэж байсан юм.

Энэ жилийн тэмцээнд оролцох баг тамирчдын тухайд нас залуу, нуруулаг тоглогч олонтой гэдгээрээ онцлог. Тодруулбал, багийн тамирчдын дундаж өндөр 190 см ажээ. Тэд тэмцээний салхийг хагалж, аравдугаар сарын 30-нд Хонконгийн багтай тоглох юм.

С.ЦЭЛМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих