Ц.Шаравдорж МАН-ын гишүүдийг торгуулна гэнэ үү? Хэн бэ? Хэдэн он бэ?

МАН-ын гишүүд сонгуулийн луйврыг эсэргүүцэн жагсаал, цуглаан хийж эхэлсэн. Тэднийг олон нийт дэмжиж байгаа ч энэ намын буянаар төрийн өндөр алба хашиж явсан зарим нэгэн увайгүй этгээдийн хэлсэн үг хийж буй үйлдэл анхаарал татаж эхэллээ.
Түүний нэг нь УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж. Энэ эрхэм уг нь МАН-ыг ядарч биш задарч явах үед буяныг нь эдэлж бишгүйдээ л саагчсан. Харин одоо намаа ялагдсаны дараа нүүр буруулж, албан тушаалдаа үлдэхийн тулд АН-ынхныг дагаж намирах болжээ. Ц.Шаравдорж намаасаа аль хэдийн татгалзсан ч түүнд совест гэж юм баймаар даа.

Өчигдөр тэрээр МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд чуулганы танхимын үүдийг хааж сууснаараа хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн тухай мэдээлэл хийж өөрийгөө хэн бэ гэдгээ харуулав. Тэрээр “Төрийн ордны тухай хуулийн  11.1.4 “Төрийн ордонд түүний нутаг дэвсгэр дээр жагсаал, цуглаан суулт хийх зэргээр шаардлага илэрхийлэх хориотой” гэсэн байдаг. Чуулганы хаалгыг хааж, нэгдсэн чуулганы хийлгээгүй нь буруу. Төрийн ордны тухай хуулийн 13.1.4-т заасныг зөрчиж, Төрийн ордны ойролцоо жагсаал цуглаан, суулт хийх, шаардлага илэрхийлэхдээ хууль зөрчсөн бол иргэнийг 20-50 мянга, албан хаагчийг 20-60 мянга, байгууллагыг 20-250 мянган төгрөгөөр тус тус торгоно гэсэн заалт бий” хэмээн дөвчигнөв. Үндсэндээ АН-ынхантай нийлж өөрийн намынхаа гишүүдэд сануулга өгч байгаа юм уу даа янз нь. Айлгах гээд ч байгаа юм болов уу эсвэл. Уг нь УИХ-ын Тамгын газрын дарга иймэрхүү асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой л доо. Ц.Шаравдорж мэтийн юм үзсэн, улс төрийн тогоонд чанагдсан хүмүүс харин ингэж ярих нь олон хүний гайхшыг төрүүлээд байна. Тэгээд ч энэ улс төрийн хүрээнд шийдэгдэх асуудал болохоос биш Ц.Шаравдорж мэтийн хүмүүсийн “торгоно шүү” гэсэн бяцхан сүрдүүлэгээр асуудал шийдэгдэхгүй л дээ.

Хамгийн хачирхалтай нь Ц.Шаравдоржийн мэдэгдэл ч юмуу, мэдээлэл ч юмуу, сануулга ч юмуу гэмээр энэ байр суурийг сонссон АН-ынхан татаж унатлаа инээж байгаа бол уугуул намынхан нь нөхөд “Энэ одоо хэн бэ? Хэдэн он бэ? Хэний талд ороод байна аа? Хэний намд байлаа?” гэж өөр хоорондоо ярилцжээ.
Цагтаа МАН-д алдарт “гурван дорж” байлаа шүү дээ. Ц.Нямдорж, Ж.Бямбадорж, Ц.Шаравдорж гээд. Тэд бүгд намынхаа төлөө үхэхэд ч бэлэн гэдэг байсан. Харин одоо энэ үгэндээ муу нэртэй Ц.Нямдорж л эрийн шийр зааж үнэнч хэвээрээ үлдэж. Ц.Шаравдорж бол бүр нүүр буруулж. Уг нь Ц.Шаравдоржийг албан тушаалын төлөө юугаа ч өгөхөд бэлэн арчаагүй эр гэж Б.Баабар мөн ч олон бичсэн дээ. Б.Баабар түүнийг зурагтаар гараад ирэхээр л хүүхдүүдээ дуудаад “За та нар хичээлээ муу хийгээд байвал энэ хүн шиг муу хүн болно шүү” гэж айлгадаг байсан гэж яригддаг. Харин МАН-ынхан Ц.Шаравдоржийгоо өмөөрөөд л тухайн үедээ Б.Баабарыг хүн гүтгэлээ, манай намын хамгийн алдартай улс төрчийн нэр төрд халдлаа гээд сүйд болдог байсныг олон хүн гэрчилнэ. Цаг хугацаа өнгөрч Б.Баабарын хэлдэг үнэн болж Ц.Шаравдорж өөрийг нь өмөөрч байсан нам руугаа, нөхөд рүүгээ нулимаж эхэлсэн гэж эх сурвалжууд ярилцах болжээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа Ц.Шаравдож дарга МАН-ыг ялагдангуут л хуучин нөхдөө үзэж чадахаа байсан гэдэг. Учир нь тэрээр МАН-ын гишүүдийн өрөөг булааж АН-ынханд өгч бөөн сүрийг үзүүлсэн юм. Үйл явдлыг эргэн санавал Ерөнхий сайд асан С.Баярын өрөөг эзгүй хойгуур нь онгойлгож суллахыг шаардаж явсан гэдэг. Учир нь төрийн хамгаалалтад байдаг хүний өрөөг комиссор, туслахуудад нь хэлэлгүй хэн онгойлгосон бэ гэдэг асуудал үүсгэхэд Ц.Шаравдорж даргын шийдвэр гэж ам тагласан сураг байсан. Тухайн үед энэ асуудлаар С.Баяр даргын хамгаалагч, туслахууд гомдол мэдүүлж байсан удаатай. Мөн нэгэн цагт найз нөхөр болж явсан Ц.Нямдоржийгоо өрөөнөөс нь хөөсөн хүн бол бас л Ц.Шаравдорж. Энэ асуудлаас болж хоёр “дорж” чи, бидээ тулсан гэж саарал ордынхон цайны хачир болгон инээлддэг байсан нь хуучраагүй.

Асуудал үүгээр дууссангүй. Ерөнхий сайд, тухайн үеийн МАН-ын дарга С.Батболд ажлаа өгөөд орох өрөөгөө бэлдүүлж байж. Гэтэл тэр өрөөг нь мөн л Ц.Шаравдоржийн шийдвэрээр булаагаад авчихаж. “Ялагдсан намын дарга ийм тухтай өрөөнд сууна гэж юу байсан юм бэ? Харин энэ өрөөг АН-ынханд өгнө” гэж Ц.Шаравдорж дарга хэллээ гэсэн хачирхалтай яриа бас гарсан юм. Үнэн худлааг нь мэдэхгүй. Ямар ч байсан ийм явган яриа нэг хэсэгтээ засаг хавиар эргэлдсэн. Тэгээд С.Батболд дарга Ерөнхий сайдын ажлаа өгөөд орох гэтэл өрөөгүй болчихож. Түүнийг хуулиараа хамгаалагч, шадар туслахууд дагах ёстой байдаг. Бас л өрөөгүй. Санаа нь зовж, нэрлэхсэн С.Батболд дарга би хэд хоног гадаад яваад ирье, гэр зуураа байж байя, өрөө гаргаж өгвөл ажилдаа ирье гэж хэлээд явсан гэж ойрынх нь эх сурвалж мэдээлдэг.

Ц.Шаравдорж өнгөрсөн сонгуулийн дараа намынхаа удирдлагууд руу ингэж давшилт хийжээ. Намын удирдлагад байсан хүмүүстэйгээ ингэж хандсан хүн жирийн гишүүдээ торгуулна гэж матах, айлган сүрдүүлэх юу ч биш бололтой.
Харин түүний энэ занг АН-ынхан сайн ашиглаж, өөрийнх нь намын эсрэг турхирч буйг мань хүн ердөө ойлгохгүй байгаа бололтой. Ийм үед АН-д Ц.Шаравдорж хэрэгтэй. Яагаад гэвэл түүгээр бүх бузар булайг хийлгэнэ, намынх нь эсрэг турхирна. Тэгээд хэрэгцээг нь дуусахаар ажлаас нь хална. Үүнийг ойлгохгүй дүрдээ итгэсэн Ц.Шаравдорж даргыг МАН-ынхан харин яаж хүлээж авах бол. Эсвэл албан тушаалтай байхдаа АН-ынхантай нийлж намынхаа нөхдийг баахан “түншсэндээ” бантаад Н.Энхбаярын нам руу харайлгаж өгөх болов уу?

С.Батсайхан

URL:

Сэтгэгдэл бичих