Б.Батзориг даргыг өмөөрдөг байлаа, би…

Би Баянзүрх дүүргийн иргэн. 280-аад мянган хүн амтай энэ дүүрэгт найман жил амьдарч байна. Өөрөөр хэлбэл, хотын энэ хэсгийн булан тохой   бүрээр биш юм аа гэхэд сүүлийн найман  жил бүтээж босгож байгаа бүхнийг харан хөгжлийнх нь замаар өдөр   бүр алхдаг гэсэн үг.  Тодруулбал,  350   сая   төгрөгөөр  “Эвтэй  дөрвөн амьтан”-ы хөшөөг барьж   нээлтийг нь  хийж байхыг үзсэн.

 

Бурхан багшийн хөргийг дэлгэчихсэн юм шиг л хөөрөн догдолсоор хүмүүс урд нь зургаа татуулж байхыг хараад би ч гэсэн яагаад болохгүй гэж бодсон. Энэ хөшөөг хүрлээр барьж уу, шавраар барьж уу хэмээн АТГ-аас шалгаж эхлээд байхад нь Засаг даргынхаа талд бат “зогсч” л байлаа. Хөшөөг ямар янзаар хаана ч түргэн шуурхай хийж болдгийг “Чулуун овоо” дахь нохойны хөшөө сүндэрлэхэд нь мөн л харж зогссон.

Төдөлгүй өнөөх нохойны хөшөөг 750 сая төгрөгөөр урлуулсан гэдгийг нь мэдэж билээ. Тухайн үедээ иргэдийн олонх нь “Б.Батзориг дарга чинь энэ хөшөөг өөрийн хайртай нохойныхоо гэгээн дурсгалд зориулж босгосон гэсэн шүү” гэх  бор шувуу нисгэж өнөөх нь хот даяар жиргэж байхад ч би өнөөх дүүргийнхээ Засаг даргын талд бат зогсдог үзэл бодлоосоо айхтар ухарч байсангүй.

Хэдийгээр энэ мөнгө Б.Батзориг даргын  өөрийнх нь ярьснаар “120 хүүхэд хүлээж авах боломжтой хоёр ч  цэцэрлэг байгуулах мөнгөн дүн” ч гэлээ нэгнийхээ хийснийг яах нь вэ дээ хэмээн өмөөрч л суусан. Гэтэл нэг л асуудал эртнээс сэтгэл “ураад” болдоггүй ээ. Тэр нь дүүргийн минь зам.

Алсыг хараачлан аль арай гайгүй хэсгээр нь явах гэсээр адгаж байтал нөгөө эгнээнээс ч мөн надтай ижил зорилготой яваа жолооч ирж мөргөчих гээд сандаргах нь там болсон замын балаг. Мөнгийг нь “ахиухан” төсөвлөөд байвал хөшөө мэтийг ч яах вэ хийгээд байгаа юм. Гэтэл өнөөх хөгжлийн нүүр царай гэгддэг зам нь баларч, бүдгэрээд аспольт байсан, байгаагүй хэмээн маргахад хүрээд байна.

 

Тодруулбал, Саппорогоос эхтэй хороолол, 100 айлаар хөтөлдөг шар хадны зам, урдуураа Баянзүрхийн товчооноос эхлээд хотын төв рүү хөтөлдөг гол замыг нэрлэж болно. Үүн дээр мэдээж Сансар орчмын туслах зам, байшин хороолол дундах замуудыг нэмж болно. Уг нь бол энэ онд Улаанбаатарт  нийт 114 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийж байгааг мэдээлж байсан.

 

Тодруулбал, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 17 төсөл боловсруулжээ. Жил бүр л төсвөө зузаатгаж байдаг энэ салбарт “Нарны гүүр” шиг нүд бүлтийлгэм бүтээн байгуулалтын жишээг жил бүр хармаар байна. Монголчууд л гэхээр бусдаас үргэлж суралцдаг байдлаа болимоор. Насаараа л орос ах нараас сурч сүүлдээ даяаршин хятад, солонгос, япон болж тэллээ.

 

Одоо хөгжлөө өөрсдийн гараар бүтээвэл яасан юм бэ. Хот руу орж, гарах бүртээ төлдөг өнөөх 500 төгрөг замын санд төвлөрч өнөөдрийн сайн муугаар хэлэгддэг зам засварын мөнгөнд “дусал” нэмдэг. Тэгвэл хотын дарга аа яг өнөөдөр та Офицер орчмын зам дээр алхаад үзээч. Замын гол шугам нь согтуу нүдээр зурчихсан юм уу гэмээр ташуу, дов жалган дотор яваа юм шиг энд тэнд хөл алдаж мэдэхээр овойж товойх юм.

 

Хайран мөнгө, хайран цаг хугацаа. Ингэж байхаар өнөөх япончуудад хөлс мөнгийг нь өгөөд 100 жилийн баталгаатай зам хийлгэчихмээр юм биш үү. Зарлага нь чанарын баталгаанаасаа нэг их зөрөхгүй дээ. Өдөр бүр дугуйгаа нөхүүлж, хийгээ нэмдэг жолооч нарын хотын замын балгаас үүссэн оргүй зардал хэмнэгдээд хэн хэндээ ашигтай баймаар. Ерөөсөө л мөрийцье. Ирэх жил дахиад л мөнгө төсөвлөж энэ хэсгийн замыг засна даа гэж мөрийцье. Хөшөөнөөс өөр хөгжилгүй Баянзүрх дүүрэгт авто замын шинэчлэл асуудал болоод байна.

М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих