Г.Уянга: АН-ын үзэл санаа МҮАН-ынхтай нийлдэггүй

УИХ-ын гишүүн Г.Уянгыг АН-д орох гэж буй хэмээн хэвлэлээр гарч байгаа. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.

-Та Ардчилсан намд орох гэж байгаа юм уу?

-Зарим нэг хүн намайг АН-д ороосой гэж их хүсч байгаа юм байлгүй дээ. Түүнээс ямар ч тийм асуудал байхгүй. Би ямар нэгэн намын хамааралгүйгээр зөвхөн өөрийнхөө л зарчмын байр сууриа илэрхийлдэг. Одоогийн улстөрд үүсээд байгаа нөхцөл байдалд ч мөн адил нэг талыг барихгүйгээр л өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаа. Тэр нь л АН-ыг хэт дэмжсэн юм шиг сэтгэгдэл төрүүлж ийм яриа үүссэн байж болно. Эсвэл олон хүн намайг АН-д ороосой гэж хүсч байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ АН-ын үзэл санаа МҮАН-ын үзэл санаатай нийлдэггүй. Тиймээс надад нам солино гэдэг зүйл амархан биш.

-Тэгэхээр АН-д орохгүй гэсэн үг үү. Эвсэл АН-аас Танд санал ирсэн юм уу?

-Санал ч ирээгүй.

-Таны нөхрийг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилогдож байгаа гэсэн. Энэ нь бас л улстөрийн тохироотой хэмээн ярьцгааж байна. Та АН-д ороод, АН Таны нөхрийг агентлагийн даргаар томилж байгаа юм биш үү?

-Хүмүүс улстөрийг хэтэрхий өнгөц хялбархан тайлбарлах юм. Манай хүн МОНЦАМЭ агентлагийн даргаар очиж байгаа нь үнэн. Ерөнхий сайд МОНЦАМЭ агентлагийг бодлогын төвшинд өөрчилж, А.Баатархуяг шиг мэдлэгтэй, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй залуу хүнийг ажиллуулъя гэсэн санал тавьсан. Энэ саналд бид хүндэтгэлтэй хандсан. Энэ бол нэг их айхтар албан тушаал биш. Манай нөхөр “25-дугаар суваг” телевизэд авдаг байсан цалингаасаа доогуур цалинтай ажилд очиж байгаа. Ерөөс А.Баатархуягийг Ерөнхий сайд ямар нэгэн албан тушаалд тавилаа гээд би үзэл бодлоосоо урваад хэн нэгний атганд орно гэсэн ойлголт байхгүй.

-Залуу, мэдлэг туршлагатай хүн өндөр цалинтай ажлаасаа татгалзаад бага цалинтай ажил орж байгаа гэхээр сонин байна л даа?

-Төрийн албаныхны авдаг цалинг л авна. Бид хоёр цалин мөнгө гэхээсээ илүүтэй монгол төрийн төлөө, шинэчлэлийн Засгийн газрын үзэл санааг дэмжиж ажиллана гэдэг бахархалтай. Гэхдээ энэ асуудлаас болоод бидний хувьсгалт үзэл санаа өөрчлөгдөхгүй. Үзэл санааны өөрчлөлтөд энэ томилгоо ямар ч хамаагүй.
Д.Ангараг
Эх сурвалж: “Монголын Үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.