Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд тун ч бухимдуу байна.

Жижиг сажиг ашиг хараад байдаггүй том амбийцтай хүн гэдгээ хэвлэлээр зарлаж ярилцлага өгөөд байсны учир өнгөрсөн парламентад байхаасаа л зүтгүүлсэн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын төсөлтэй холбоотой бололтой. Х.Баттулга сайд Дорнын говьд том бүтээн байгуулалт эхлүүлэх төслийг нь дэмжихгүй байна хэмээн өмнөх Засгийн газрын үед МАН-ыхныг буруутгаж байв.

 

Ярихаас цаашгүй, хэрэгтэй хөрөнгийг нь баталж өгөхгүй байна хэмээн гомдоллож байхад нь нэг танхим ч нам өөртэй сайд нарын амбийц хэмээн олон хүн харж байсан. Гэтэл засаг солигдож, нөхцөл байдал өөрчлөгдөөд ч Х.Баттулга сайдын төсөлд нэмэр тусаар бага байгаа бололтой. Намын нөхөдтэйгөө ойлголцож чадахгүй бухимдаж, ямар сайндаа “Сайншандын төсөл надаас болж дэмжигдэхгүй байгаа юм бол би энэ танхимаас чннь гарчихаж чадна шүү” хэмээн тун ч чангахан дуугараад авчээ.

 

Тэр ч бүү хэл үүнтэйгээ утга нэг хэдэн хатуу үг Засгийн газрын тэргүүнд ч дайсан юм байх. Уг нь Х.Баттулга сайдын парламент дамжин хэрүүл уруул хийгээд, гарна орно доо хүрч бухимдаад буй “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах” хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл зөвхөн Сайншанд, Дорноговьд ч ашигтай юм биш. Газрын доорх баялгаа ухаж төнхөөд түүхийгээр нь хил давуулаад байх биш, боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод нэг үгээр өртгийг нь өндөрсгөж энэ хэрээр олох ашиг орлогоо нэмэх том санаа.

 

Нэгэнт үйлдвэр байгуулагдаж байгаа хойно үүнд ажиллах хүч хэрэгтэй гэдэг утгаар үндэсний боловсон хүчинд ажлын фронт гаргаж ажилтай, орлоготой монголчуудыг олноор нь бий болгох том зорилго агуулж буй юм. Түүнээс гадна баялагтай Монголд бэл мөнгөө оруулж хамтрах сонирхолтой гадны баячуудыг ёстой нөгөө “нохойн гуяар” даллаад аваад ирэх боломжтой гэхчилэн ололттой талыг нь тоочоод байвал уртаас урт жагсаалт гарч болохоор юм билээ.

 

Тэгээд ч яг ийм зорилго хийгээд зорилтоор Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө чимж, үүнийг нь таашаасан иргэд энэ намыг олноороо дэмжсэн. Нэгэнт сонгуульд ялсан тул төр тэргүүлж Засгийн газраа эмхлэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, мөрөөдөл бишээ бодитоо зүйл амласан юм гэдгээ монголчуудад харуулах ёстой. Харамсалтай нь эрх мэдэл авангуутаа амласнаасаа буцаж, “хүлээ, тэвч, найд тэгвэл чи ялна” хэмээн ард түмнийг хошгируулж эхэллээ.

 

Ирэх жилийн төсвийн төслийг харахад л Ардчилсан намын амласан ажилтай орлоготой монгол хүний төлөө хэмээн хаяглачихаж болохоор тодорхой ажил тун цөөн юм. Баахан ерөнхий хөтөлбөр, бодлого зорилт л байна. Ард нь том том тоо зоогоостой. Уг нь ард түмэн Ардчилсан намаас арай л өөр зүйл хүлээсэн юм. Хүлээсэн зүйлийн нэг нь Х.Баттулга сайдын зүтгүүлж буй Сайншандын аж үйлдвэрийн парк.

 

Гэвч Ардчилсан намын доторх фракцуудын зөрчил албан тушаалын хуваарилалтаас үүдэн хурцдаж, үүнийх нь хөлд улс орны хөгжилд тустай тодорхой төсөл, хөтөлбөрүүд ч гацаж мэдэхээр болсны тод жишээ уг цогцолбор болж магадгүй. Гол тээгийг “Алтан гадас” урлаж буй гэж байна. УИХ-ын сонгуулийн дүнгээр шийдвэр гаргах түвшинд фракцаасаа тун цөөн хүн гаргаж чадсан “Алтан гадас”-ынхан гол бурууг намын даргадаа үүрүүлэхээр занаж байсан ч албан тушаалын бялуунаас ахиухныг олж ирсэнд нь бага зэрэг тайвширсан гэдэг.

 

Гэвч үйлдвэр, хөдөө аж ахуй гэж хамгийн том салбарыг Төрийн өмчийн хороотойгоо хамт “Женко”-д атгуулчихаар бүтээж босгосон бүх гавьяа “Алтан гадас”-т биш МоАХ- нд хамаарахаар болж буй нь дарга нарын фракцид даанч нэг таалагдахгүй байгаа гэнэ. Чухам энэ шалтгаанаар Х.Баттулга сайдын нэрээр хэрэгжих том төслүүд дээр тээг болох арга чарга бүхнийг хайж суугаа гэх.

 
Хувийн амбийц хөөсөн улстөрчдийн балгаар хэрэгжих цаг нь хойшилж магадгүй болоод байгаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийн талаар цухасхан танилцуулъя. Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2011-2015 оны тэргүүлэх чиглэлд уг төсөл тэргүүлэх байр эзэлж байгаа. Бүрэлдэхүүндээ Коксын, Хар төмөрлөгийн, Нүүрс хийжүүлэх, Зэс хайлуулах, Барилгын материалын, Газрын тос боловсруулах гэсэн зургаан том үйлдвэртэй байна.

 

Эдгээр үйлдвэрийн найдвартай үйл ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй шилдэг хот төлөвлөлттэй олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий бүхэл бүтэн цогцолбор босох учиртай. Үйлдвэрүүд тодорхой үе шаттайгаар баригдах бөгөөд Коксын үйлдвэрийг Тавантолгой-Сайншандын төмөр замыг ашиглалтад орохтой, Газрын тос боловсруулах үйлдвэрийг Тавантолгой-Чойбалсангийн төмөр замыг барихтай цаг хугацаа, үйл ажиллагааны хувьд уялдуулан босгох юм.

 

Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрч, бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулах үед буюу 2021 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 15.2 мянган ам.доллараар хэмжигдэж одоогийнхоос долоо дахин өснө. Эдийн засгийн бодит өсөлт жилд дунджаар 14- 16 хувьд хүрнэ гэсэн тоодоо бий. Эдийн засгийн хувьд үр ашиггай энэ төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 15 тэрбум ам.долларын хэрэгцээ бий.

 

Үүнийг хувийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны зээл, гадны тусламж дэмжлэг гээд бололцоо бүрийг ашиглан бодитоор хэрэгжүүлнэ хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд зүтгэж байгаа ч эх оронч энэ төсөл нь Ардчилсан намаас тэр дундаа “Алтан гадас” фракцынхнаас дэмжлэг авахгүй байх магадлалтай гэж буй нь оргүй хоосноос гарсан цуу яриа төдий биш бололтой дог шүү.

Н.Сарангэрэл
Эх сурвалж: “Өдрийн Шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.