Төсөвт өөрчлөлт оруулж эхэллээ

Ардын намын гишүүд буйдантай жагсаалаас бууж, улс төрийн хүчнүүд ханцуйдаа найрсан чуулганы өчигдрийн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ удаагийн чуулган нэлээд өргөн хүрээнд болсон. Учир нь түрүүчийн долоо хоногийн пүрэв, баасан гаригийн тасарсан хуралдааныг энэ өдөр нөхөж хийсэн юм. Ийнхүү өнөөдрөөс эхлэн холбогдох байнгын хороод хуралдаж, төсвийн хэлэлцүүлгийг хийж эхлэх аж. Төсвийн хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбоотойгоор холбогдох хууль болон УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хамтатган хэлэлцсэн юм.

Ямартай ч төсөв хэлэлцэж эхэлсэн үеэс маргаан дагуулж байсан тэтгэмжийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлж, ажилгүйдлийн даатгалд өөрчлөлт оруулах ажлыг ирэх жилээс эхлүүлэхээр боллоо. Ингэснээр Тэтгэмжийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангана гэдгийг салбарын сайд онцолсон. Мөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авч буй болон шинээр тэтгэвэр авах иргэдэд эдгээр нь хамаатай аж. Зүй нь ирэх онд ДНБ-ний хэмжээ буурахаар байгаа тул зарим тоон үзүүлэлтийг өөрчилж, төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээнд өөрчлөлт оруулахаар болсон байна.

Хамгийн гол нь нийтэд хавтгайруулсан халамж, тэтгэмж үзүүлэхгүй. Харин зорилтот бүлэгт буюу 0-18 насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэнийг тэрбээр энэ үеэр тодотгов. Бас нэгэн мэдээлэл бол дэлхийн эрдэс баялгийн үнэ, хэмжээ, үзүүлэлт буурч байгаа нь уул уурхайд түшиглэсэн манай эдийн засагт таагүй мэдээлэл болж буй. Бүр тодруулбал, энэ бүхнээс үүдэн манай ДНБ-ний хэмжээг бууруулахуйц байгаа ажээ. Иймээс ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах болсныг Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэд дурьдсаныг гишүүн С.Ганбаатар илтгэсэн юм.

Зүй нь газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 2000 оноос эхлэн газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтаар импортолсон бараа бүтээгдэхүүнд ногдох татварын чөлөөлөлтийг өнөөг хүртэл эдлүүлж байсныг цуцлахаар болсныг тусгажээ. Учир нь олон улсын жишигтэй нийцүүлэн татварын тэгш шударга ногдуулах асуудлын хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийн багасгах бодлого баримтлах нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр ирэх онд төсөвт 10,2 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой юм байна. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтээр нэг банкинд 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдэд хадгаламжийн хүүгийн татвар ногдуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Мөн хоёр хүчний дунд “хэрүүлийн алим” болоод байсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, эл салбарт ажиллагсдад тэтгэвэрт гарахад нь 24 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж өгдөг байсныг 36 сар болгон нэмэгдүүлэх зэрэг заалт нэмээд байсныг хассан. Гэвч дараагийн хэлэлцүүлгийн үеэр дахин авч үзэхээр болов. Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дүгнэлтэд байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн зарим хэсгийг хүчингүй болгохыг гишүүд дэмжлээ. Ийнхүү гишүүд Төсвийн хуулийн төслөөр асуулт тавьж, багагүй хугацаа зарцуулав.

О.Сэлэнгэ

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих