“Рио Тинто” Оюутолгойн гэрээг өөрчлөхгүйгээ албан ёсоор мэдэгджээ

Манай улсын хэмжээнд Стратегийн ач холбогдолтой 15 орд байдаг. Уг ордуудыг хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн орд, улсын төсвийн хөрөнгөөр хайгуулсан хийсэн орд гэж ангилдаг. Оюутолгойн орд нь хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон стратегийн орд гэдгийг албаныхан тодорхойлдог. 2009 онд манай улстай гэрээ байгуулж харилцан ашигтай нөхцөлтэйгээр олборлолт явуулж эхэллээ гэж байсан. Гэтэл түүнээс хойш энэ гэрээ хууль зөрчсөн болох нь тогтоогдоод байгаа билээ. Монголд ямар ч ашиггүй хэмээн яригдаж, гэрээг өөрчлөх талаар дээр дооргүй гомдол санал, шүүмжлэл хөврөх болсон. Ингээд судлаад үзэхнээ үнэхээр Монголын ард иргэдэд сар бүр “амь зогоох” хэдэн төгрөг өгснөөс цаашхи ашиг тус нь ажиглагдаагүй. Шинэчлэлийн Засгийн газар уг асуудалд анхаарлаа хандуулж эхэлжээ.

Уул уурхайн яам гэхэд гурван ч удаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар “Рио Тинто” компаний удирдлагатай албан бичиг солилцож, хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулсан байна. Гэтэл хөрөнгө оруулагч тал үүнд татгалзсан хариу өгчээ. Тодорхой хэлбэл  гэрээний 15.28-д “Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг гэрээ нь 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэсэн заалт, 2011  оны  10 дугаар сарын 06-ны хамтарсан мэдэгдлийн 2-т “Монгол Улсын Засгийн Газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжтой бүрэн нийцэж байгуулагдсаныг дахин бататгав” гэсэн заалтыг тус тус дурьдаад гэрээнд өөрчлөлт оруулахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж өөрийн яамны үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийхдээ энэхүү мэдээллийг өгсөн юм. Түүний хэлж байгаагаар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэнэ. “Рио Тинто”-гоос ирсэн хариултад тэрээр тайлбар өгөхдөө “Хөрөнгө оруулалтын гэрээний зорилгод “2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор энэхүү гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Уг гэрээнд гарын үсэг зурсан талууд түүгээр тодорхойлогдсон эрх, үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж, дараах нөхцөлтэйгээр харилцан тохиролцов” гэж зааж өгсөн.

Хөрөнгө оруулалтын гэрээнд анхны хөрөнгө оруулалт 4.7 тэрбум ам.доллар гэж тусгасан. Гэтэл одоо хөрөнгө оруулалт 7.1 тэрбум ам.доллар гэсэн мэдээлэл байна. Үүний аль нь анхны хөрөнгө оруулалт болох, аль нь энгийн хөрөнгө оруулалт болохыг мэдэх шаардлагатай. Мөн хөрөнгө оруулагч тал далд уурхайн хөрөнгө оруулалтад нэмэлт 3-4 тэрбум ам.доллар шаардлагатай гэж байгаа. Хөрөнгө оруулалтын зардал өссөн гэж ярьж байгаа. Аль ч тохиолдолд хууль, гэрээнд заасны дагуу техник эдийн засгийн үндэслэлдээ өөрчлөлт оруулах ёстой. Одоогоор өөрчлөлт ороогүй байна. Тэгэхээр зардал өсвөл ашиг багасна, анхны хөрөнгө оруулалт нэмэгдвэл Монголын Улсын зээлийн хэмжээ болон хүүгийн зардал нэмэгдэнэ. Тиймээс энэ нь Монгол Улсын эрх ашигтай нягт холбоотой асуудал” хэмээв.

УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх санал гаргаж, улстөр эдийн засгийн хүрээнд шуугиан дэгдээгээд байгаа ч явуургүй болсон. Харин Оюутолгойн гэрээг нээлттэй хэлэлцүүлгийн шатанд оруулсан. Энэ мэт нэг талаас Засгийн газар, “Рио Тинто”, нөгөө талаар ард иргэд гэсэн гурвалжин харилцаан дунд Оюутолгойн гэрээ шийдэлд хүрч чадаагүй л байна.

Уул уурхайн сайдын мэдээлэл үндсэн таван хэсгээс бүрдсэн. Уул уурхайн салбарын сайд болсноос хойш бүтэц зохион байгуулалт болон энэ салбарт хийж буй ажлуудынхаа талаар тайлагналаа. Тодруулбал, уул уурхайн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар Эрдэс баялгийн салбарын экспортыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг боловсронгуй болгож, хяналтыг сайжруулах, Гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллах, уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг судалж холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх.Таван толгойн ордыг төрийн мэдэлд байлгах тусгай зөвшөөрлийн арилжаанд ил тод байдлыг бүрдүүлэх. Газрын тосны үйлдвэр барих гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөгөөндөө тусгаад байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар тогтвортой байдлын 4 гэрээ, хөрөнгө оруулалтын 1 гэрээ, бүтээгдэхүүн хуваах 15 гэрээ үйлчилж байна. Монгол Улсад ганцхан хөрөнгө оруулалтын гэрээ байгаа нь Оюу толгойн гэрээ аж. Мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг боловсруулах, “Ашигт   малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын хуулийн төслийг боловсруулж байгаа гэсэн одоо хийгдэж буй ажлуудыг онцоллоо.

Мэдээлэл болгон дурьдахад манай орон 15 стратегийн ордтой, нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувь ашиглалтын лиценз, 13.2 хайгуулийн лецинз,  2.5 сая баррель газрын тосыг экспортлодог. Төмрийн хүдрийн уурхайн тоо 21, алтны уурхай 127, таван зэсийн уурхай, 54 нүүрсний уурхай тус бүр үйл ажиллагаа явуулдаг. Харин дотоодын нүүрсний хэрэгцээ 7 сая тонн байдаг.

Өнөөдрийн байдлаар манайд 70 мянган бичил уурхайн эрхлэгч байдаг байна. Уурхайд ажиллагсдын тоо 48455 байдаг бол уул уурхайн салбарт ажилладаг гадаад ажилчдын тоо 989-д хүрчээ.

Бөөнөөр шатахуун нийлүүлэгчдийг татвараас чөлөөлөхгүй

Уул уурхайн яамныхан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл, Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай шинэ хуулийн төслүүдийг боловсруулж ажиллаж байгаа аж. Манай улсад жилд дунджаар 1 тонн орчим газрын тос нийлүүлдэг. Түүний 60 хувийг бөөнөөр буюу томоохон компаниуд нийлүүлдэг бол 40 орчим хувь нь жижиглэн байдлаар орж ирдэг ажээ.

Монгол Улсын Засгийн 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шатахууны бөөний худалдаанд татварын хөнгөлөлт үзүүлдэг тогтолцоог өөрчилж, жижиглэнгийн үнийг тогтворжуулах бодлого барих” гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл бөөнөөр шатахуун нийлүүлэлт хийдэг компаниуд Онцгой байдлын албан татвар, гаалийн, нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөгдөх асуудал байхгүй болно гэсэн үг аж.

Энэ дашрамд дурдахад Уул уурхайн яам сар бүрийн хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт 11.00 цагт “Ил тод уул уурхай” нэртэйгээр яамныхаа үйл ажиллагааг тайлагнах арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Өнөөдөр нээлтээ хийсэн уулзалтаар яамныхаа бүтэц зохион байгуулалтын талаарх мэдээллийг өгсөн.

Уул уурхайн яам дөрвөн газар, зургаан хэлтэстэй. Төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих \РОСА\ гэсэн зарчимд тулгуурлаж яамны бүтцээ боловсруулжээ. Мөн тус яамны харъяанд Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн хэрэгжүүлэгч хоёр агентлаг ажилладаг.

Г.ТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих