Дэмис Руссосын нэгэн дууны хоёр орчуулга VIDEO

Хит дууг хэлээрээ дуулъя.

 

М. Саруул-Эрдэнэ

Зохиогчийг жиргээнд @SaruulerdeneM хаягаар дагаж болно.

 

Энэ удаагийнхаа орчуулгыг “Хит дууг хэлээрээ дуулъя” хэмээх буланд оруулж байгаа ч үнэн хэрэгтээ дуулахад зориулж, аянд нь тааруулсан бус зүгээр утгачилсан орчуулга юм л даа.

 

 

http://bayasgalanb.blogspot.com – ыг хөтөлдөг Баясгалан гэж бүсгүй Дэмис Руссосын Goddbye My Love Goodbye хэмээх дууг орчуулсан байхыг Нүүрний номоос олж үзээд арав илүү жилийн тэртээ өөрийнхөө орчуулж байсантай зэрэгцүүлэн та бүхэнд хүргэвэл сонин байх бол уу хэмээн бодсон юм.  Ер нь аливаа шүлэг найргийн өөр өөр хувилбар орчуулгыг харьцуулан харах, хэн нь аль үгийг нь илүү чухалчилж вэ гэдгийг сонжих нь сонирхолтой байдаг. Зэрэгцүүлсэн хэл шинжлэлийн хичээл дээрээ би оюутнуудаар энэ дууг орчуулгах дуртай.

Ингээд Баясгалангийн бичлэгийг эхлээд та бүхэндээ толилуулбал:

 

Дэмис Роусэс-ийн нэгэн дууг иймэрхүү байдлаар Монголчилж үзлээ. Хүмүүс дууны үг орчуулаад байхаар нь даган баяссан гэх үү дээ. Энэ тэнд нь бага сага халиулсан явдлыг зориуд гэж ойлгож болно.

 

Demis Roussos – Goodbye My Love Goodbye

 

hear the wind sing a sad, old song

it knows I’m leaving you today

please dont cry or my heart will break

when I go on my way

 

Chorus:

 

goodbye my love goodbye

goodbye and au revoir

as long as you remember me

I’ll never be too far

 

goodbye my love goodbye

I always will be true

so hold me in your dreams

till I come back to you

 

see the stars in the sky above

they’ll shine wherever I may roam

I’ll pray every lonely night

That soon they’ll guide me home

 

Chorus

 

Баяртай, хайрт минь

 

Эртний гунигтай дуу аялах салхийг сонс доо

Энхэр чамайгаа орхиод явж буйг минь тэр мэдэж байна

Эхэр татаад хэрэггүй ээ, эсвээс аяны урт замын туршид

Энэлэн шаналах болно шүү дээ, миний зүрх сэтгэл

 

Энхрий хонгор минь баяртай

Эргээд уулзталаа баяртай

Амраг минь намайг санахын төдийд л

Алсаас би чамтайгаа дандаа хамт байх болно

 

Баяртай, хайрт минь баяртай

Би чамдаа үнэнч байх болно

Эргээд чамдаа ирэх хүртэл минь

Торгоож байгаарай намайгаа зүүднээсээ

 

Тэнгэрт гялалзах оддын тийш хар даа

Тэнүүлчилж явах газар бүрт минь тэд гэрэлтэж л байх болно

Гэрээд минь удаалгүй намайг хөтөлж өгөөч гэж би тэдэнд

Гиюүрэн суух үдшүүддээ залбирч байх болно

 

 

*au revoir* гэж Францаар “Баяртай” гэсэн үг.

хэмээжээ.

2001 онд миний бие бас энэхүү дууг орчуулж Зүрх зогсохгүй хэмээх бичил түүвэртээ оруулж байснаа сонирхуулбал:

 

Ялгуун салхины уйтгарт дууг сонсоорой, хайрт минь

Яг одоо чамайгаа орхин одохыг минь тэр хэлнэ

Асгаруулан чиг уйлаад хэрэггүй дээ, хонгор минь

Алсын замдаа би чинь гуниггүйхэн мордмоор байна.

 

Ариун хайр минь баяртай

Ахин учиртлаа баяртай

Алагхан зүрх чинь намайг мартаагүй цагт

Алсад биш дэргэд чинь л би байна шүү дээ.

 

Янаг хайр минь баяртай

Ямагт үнэнч явахаа амлая

Ахин учрах тэр агшныг хүртэл

Амтат зүүдэндээ л надтай уулзаж байгаарай.

 

Тэнгэрт гялалзах оддыг ажиглаарай хайрт минь

Тэнүүчлэн явах газар бүхнийг минь тэд гэрэлтүүлнэ

Гиюүрч ганцаардсан шөнө бүрээ би залбиран гуйна

Гэрт минь мөдхөн намайг хүргээд өгөөч.

 

Зураг 2. 2001 онд гарсан жижиг номын маань хуудаснаас. Чимэглэлийг нь зураач Төрбурам хийж байлаа.

 

 

Б. Баясгалан блог бичлэгтээ орчуулгынхаа араас ийн бичээд, нэгэн найраг нэмснийг энд бас хавсаргав:

 

Харин энэ дууны араас Барнангийн Доржпалам найрагчийн “Би ирж яваа юм” хэмээх шүлгийг нэхэн саналаа. Сайхан дууг сайхан шүлгээр өргөсү.

 

 

Би ирж яваа юм

 

Барнангийн Доржпалам

 

Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь сартай нь

Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа, би явлаа

Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар

Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо, би явлаа.

Холдож явсан энэ л мөчөөсөө эхлэн

Хонгор минь би чамдаа очиж яваа юм, би ирж яваа юм, чам руу.

Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас

Хорж байгаа юм энэ чинь, би ирж яваа юм, чам руу.

Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хоногоос

Өнөөдрийг би хасч яваа юм, би ирж яваа юм, чам руу.

Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг

Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм, чам руу.

1982


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих