АССАНЖИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД САНАА ЗОВЖ БАЙНА

ЛОНДОН. /РОЙТЕРС/. Их Британи дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож буй Ж.Ассанжийн эрүүл мэндийн байдалд санаа зовж байгаагаа Эквадор улсын Гадаад хэргийн орлогч сайд Марко Винисио Альбуха Мартинес сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
“Илэрхий турж эцэж байгаа Ассанжийн эрүүл мэндэд бид маш их санаа зовж байна. Тэрбээр өвдсөн бол ЭСЯ-нд эмчилгээ хийлгэх үү, эмнэлэгт очих үү гэдгийг бид шийдэх хэрэгтэй болно. Энд маш ноцтой байдал үүсээд байгаа бөгөөд Ассанжийн эрхэнд нөлөөлж болзошгүй” гэж Мартинес ярьжээ.
Одоогийн байдлаар Эквадор улс Ассанжийг өвдсөн нь нотлогдсон тохиолдолд аюулгүй эмчилгээ хийлгэх, дүрвэгчийн статустайгаар ЭСЯ-ны байранд эргэж ирнэ гэсэн баталгаа болсон баримт бичгийг бүрдүүлж өгөхийг Их Британийн ГХЯ-наас хүссэн байна.
Ассанж өөрийн үүсгэн байгуулсан Викиликс цахим хуудсандаа улсын болон хувийн байгууллагуудын нууц материалуудыг нийтэлдэг. Тухайлбал, 2010 оны 11 дүгээр сарын сүүлчээр Викиликс АНУ-ын Төрийн департаментын нууц 250 мянган ширхэг баримт бичгийг нийтэлж эхэлсэн юм.
Удалгүй түүнийг хүчингийн хэрэгт сэжиглэсэн бөгөөд улмаар шилжүүлэн өгөхийг Их Британиас Швед улс шаардаж байгаа юм. 41 настай Ассанж зургадугаар сарын дунд үеэс хойш Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд байгаа билээ. Наймдугаар сард Эквадор улс түүнд улс төрийн орогнох эрх олгосон боловч Их Британийн эрх баригчид Шведийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шийдвэр төгс байна.
З.Амгалан

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих