Хуучин барилгуудыг нурааж, шинэ хороолол босгоё

Хотын үзэмжид чимэг нэмэх барилгууд борооны дараах мөөг шиг олноор сүндэрлэж байна. Улс орон хөгжиж байгаа эсэхийг тухайн хотод хэчнээн өргөгч ажиллаж байгаагаар нь шинждэг энгийн үнэлэмж байх аж. Энэ хэмжүүрээр бол хот маань хөгжиж байна. 2009-2011 онд нийслэлд 29.5 мянган өрх шинэ орон сууцанд оржээ. Ийм эрчимтэй бүтээн босголтын зэрэгцээ оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон хуучин барилгууд ч Улаанбаатарт олон байна аа. Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх Нэгдүгээр дөчин мянгат нийслэлийн анхны орон сууцны хороолол. 1950- иад оны сүүлчээр хятадуудын босгосон энэ хороолол 1960- 1961 онд ашиглалтад орсон. Тухайн үеийн тэргүүний ажилтан, сэхээтнүүд орж, цагтаа хотын чимэг болж асан энэ хороолол өдгөө барилгын чанар, хийц гээд бүх талаараа орчин цагтаа гологдож байна. Тэнд худаг усны 36 дугаар байр хамгийн анх ашиглалтад орсон гэнэ. Гурван орцтой, орц тус бүрт 12 айл амьдардаг. Бага талбайтай нэг, хоёр өрөөтэй, жорлонтой ч усанд орох онгоцгүй. Стандартын онгоц багтахгүй зай давчуу учир оршин суугчид нь хувиараа жижигхэн онгоц, шүршүүр суурилуулсан аж. “Манайх 50 төгрөгөөр жижиг ванн суурилуулсан” гэж тус байрны оршин суугч хэлсэн. Энэ байрны зэргэлдээх дулааны 18 дугаар байранд 18 айлын орон сууц хойтон нь ашиглалтад оржээ. 54 айлтай энэ хоёр байр хорооллынхоо бусад байраас илүүтэй хуучирч мууджээ. Тохь тухын хувьд бусдадаа хүрэхгүй хоёр байшин. Барилга нь дундуураа цуурсан учир нурахаас сэргийлж бүсл үүр хийсэн, подвальгүйгээс шал нь хөгцөрсөн, тааз нь дусаал гоождог, хана нь цуурч суулт өгсөн. Хана нь өнгө шавар дээрээ л тогтож байгаа. Он цагийн уртад тоосгон хана нь элс, шороо болжээ. Ямар сайндаа ханыг нь нохой самардаад ухчих вэ дээ. Инженерийн шугам сүлжээнд байсгээд л доголдол гарна. Багахан чичирхийлэлд ширээн дээрх аяга, таваг нь шажигнана. Цаг хугацааны уртад хотын төвийн унаган иргэд ийм хүнд нөхцөлд амьдрах болжээ. Тиймээс оршин суугчид нь нэгдэж барилгын компанитайгаа тохироод хуучин байрныхаа суурин дээр шинэ барилга бариулж, өөрсдөө орохоор болж. Тэгэхдээ өөрийн байрны талбай дээр таван ам.метр талбай нэмж авахаар болсон байна. “Өндөр буянт холдинг” компани барилга барих хоёр жилийн хугацаанд хажууханд нь шинээр ашиглалтад орсон байранд оршин суугчдыг нь байрлуулахаар болжээ. Гэтэл нийслэлийн удирдлагууд энэ тохиролцоонд нь саад учруулан цаг алдуулж байгаад оршин суугчид бухимдаж буйгаа дуу нэгтэй ярьцгаав.

Оршин суугчдыг түр байрлуулах уг байрны суурийг 10 гаруй жилийн өмнө тавьсан гэнэ. М.Энхболд хотын мээр байх үеэс л тус байрны оршин суугчид ийм саналаа тавьж байжээ. Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас хуучин барилгуудыг нурааж, шинэ байр барихад оршин суугч, барилгын компани тохирсон л бол бодлогоор дэмжихээ мэдэгдсэн. Гэтэл хотын төвийн энэ багахан газрыг дуудлага худалдаагаар зарж, их ашиг олох сонирхол байгаа бололтой гэж оршин суугчдын ярих нь үндэслэлгүй хардлага ч биш бололтой. Дөч, тавин мянгатын хуучин шар барилгууд цөм 1960-аад оны бүтээн байгуулалт. Хотын төв цэг учир өнгө будгаар хуурч, хагарсан цуурсныг нь нөхөх байдлаар гадаад үзэмжийг нь гоодон аргацааж байгаа барилгууд. Улсын их дэлгүүрийн ойролцоох энэхэн хэсэг Улаанбаатарын хуучин барилгатай ганц цэг биш л дээ. Төмөр замын шавар нь холцорч, царай алдсан гурван давхар шар барилгуудыг дөчин мянгатаас хойш 1968 онд ашиглалтад оруулсан гэдэг. Гэтэл дэндүү царай алджээ. Тэнд амьдарч байгаа иргэдэд амьд явах баталгаа байна уу гэж асуумаар аюултай харагддаггүй гэж үү. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нурах аюултай 44 барилгын жагсаалт гаргажээ. Гэсэн ч эдгээрээс Хан-Уул дүүрэг дэх гутал, арьс ширний үйлдвэрийн ажилчдын хоёрхон барилгыг нурааж, газар дээр нь барилга бариад эхэлсэн. Нураасан хоёр барилгын нэг болох арьс ширний 27 дугаар байрны нэг өрөөнд хүүхдүүдтэйгээ амьдарч байсан Б.Мөнхөө гэгч эмэгтэй өдгөө айлын хажуу өрөө хөлслөн суудаг. Тэрбээр “Манай байрыг 2010 оны наймдугаар сард нураасан. Бид айлын хажуу өрөө түрээслэн амьдарч байгаа. Ажлынхаа зав чөлөөгөөр байрныхаа суурин дээрх барилгын ажлын явцыг хардаг. Байр босож байна аа, гэхдээ нэлээд жижигхэн өрөөнүүдтэй л юм шиг байна лээ. Гэрээнд зааснаар ирэх онд байр ашиглалтад орох ёстой. Хугацаандаа амжих байх аа” гэж ярив. Уг барилгыг “Орчлон констракшн” компани барьж буй аж.

Тус барилгуудыг барихад Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас дэмжиж, барилгын зөвшөөрөл, инженерийн шугам сүлжээг хангаж өгч байгаа тухай тус газрын хот байгуулалтын архитектор Д.Энхтүвшин ярив. Энэ барилгатай хаяа нийлэн Гутлын үйлдвэрийн ажилчдын нийтийн байр байсныг 2000 онд нураасан. Байшин нь дээврээсээ нурж, хүн амьдрахад аюултай болсон тул зарим оршин суугчийг гэрээс нь хүчээр гаргасан гэдэг. Тэдгээрээс 12 айл өнөө хэр нь байртай болж чадаагүй гэнэ. Тэдний нэг хижээл насны эмэгтэйн нөхөр Гутлын үйлдвэрт ажиллахын хажуугаар тус хорооллын нэг орон сууцны подвальд хувиараа гутал оёдог байжээ. Тиймээс байр нураахад хотын захиргаанаас манайхыг ажлын байрандаа түр амьдарч бай гэсэн. Тэр цагаас хойш өнөөг хүртэл манайх 12 жил орцонд амьдарч байна. Орцноосоо хөөгдөхгүйн тулд гуталчин биш орцны жижүүр болсон гэх тэрбээр хаана, хэнд хандахаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байгаа тухайгаа гунигтайхан өгүүлэв. Хүүхдүүд нь орцны хэмээн шоовдорлогдон өсөж, одоо ачийг нь ийм ялгаварлалт хүлээж байна. Чийгтэй орчинд удаан амьдарснаас чих нь сонсохгүй болж, саяхан групп тогтоолгожээ. Нөхөр нь сүүлийн 10 жилд зүрх судасны өвчтэй болсон гэж зовлонгоо тоочсон. Байрных нь суурин дээр нь хэдийнэ барилга боссон. Гэсэн ч тэдэнд өрөөний булан олдоогүй. Хотын захиргаагаар хөөцөлдөж зөндөө явсан ч танайх дараагийн дугаарт орсон гэж явуулсаар хариуцах эзэнгүй болгосон хэмээн нэрээ хэлэхийг хүсээгүй тэр эмэгтэй ярьсан юм. Түүнээс танайх байрны гэрчилгээтэй байсан уу гэж асуухад “Манай нөхрийн үйлдвэрийн дарга гэрчилгээ өгнө гэж явсаар өгөөгүй. Нөхөр бид хоёр ХанУул дүүргийн унаган иргэн. Хоёулаа энд төрж, өсөцгөөсөн. Эцэст нь байр нурааснаас болж орцны эмзэг бүлгийн айл боллоо” гэж хэлэхдээ нулимсаа барьж дийлсэнгүй. Байрыг нь нурааснаас оршин суугчид хохирсон бодит жишээ энэ.

“Баянзүрх” захын өмнөх 44 айлын орон сууцыг хоёр жилийн өмнө нураасан. Оршин суугч, барилгын компани, хотын захиргааныхан гурвалсан гэрээ байгуулсан ч суурин дээр нь өнөө хэр барилгын ажил эхлээгүй тул суугчид нь шүүх, цагдаадаа тулаад байна. Тэднийг дээрхийн адил азгүйтэл битгий л дайраасай билээ. Хуучин барилгуудыг нурааж, суурин дээр нь орчин үеийн барилга барих замаар хотоо тохижуулдаг нь дэлхийн жишиг. Харин түүхийн чухал ач холбогдолтой байшин бол урсгал засвар хийж, хэвээр нь хадгалдаг уламжлал бий. Улаанбаатарт хотын өнгө дарсан хуучны барилгууд захаас аваад олон. Хамгийн өнд өр настай, өнгө зүсгүй барилгууд хотын төвдөө төвл өрлөө шүү дээ. Гэтэл барилгын компаниудад газар олдохг үй, олдлоо ч хэдэн тэрбумаар үнэлэгддэг гэх юм. Иргэд шинэ байранд орох, барилгын компаниудад байшин барих газар хэрэгтэй. Тэд хоорондоо зөвшилцвөл бэрхшээл гарахгүй санагдана. Ингэхдээ оршин суугчдын эрх ашгийг дээдлэх нь хамгаас чухал юм. Үүнээс болж оршин суугч жирийн иргэд л хохирох учиргүй. Хуучны барилгууд 2-3 давхраас хэтрэхгүй. Газрыг нь чөлөөлж олон давхар байшин барьж, оршин суугчдыг оруулаад, бусад нь барилгын компанийн ашиг болог. Хэн хэндээ л ашигтай хувилбар. Нийслэлийн иргэдэд орон сууцанд орох сонирхол их байна. Гэр хороололд 150 мянга гаруй өрх амьдарч байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тохироо бүрдэнэ гэгч энэ биш үү.


URL:

Сэтгэгдэл бичих