Банкин дахь хадгаламж “хальж”, мөнгө угаах сүлжээ нарийсав уу?

“2012″ кино дэлгэцнээ гарсан даруйдаа дэлхийг шуугиулж “Олны үг ортой” гэгчийг батлах нь энэ үү гэх шиг айдас хуруулчихав. Ливид бослого газар авч, Японд цунами нүүрлэж, газар хөдлөөд ертөнцийн сүүлчийн өдөр тохиох нь уу гэлтэй үйл явдлууд шинэ оныг амдан үргэлжилсээр. Харин Монголд ирэх онд эх гариг маань шилгээнэ гэж муу амлахгүй ч сонгуулийн жил тохиож байгаа, уул уурхайнхан тэр аяараа манай улсад нүүж ирнэ гээд бас хүлээлт цөөнгүй бий. Энэ бүхний дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх бол.
Мөнгөний чимээтэй хамт хадгаламж дахь иргэдийн хөрөнгө өсч буйг илтгэх дохио зогсолтгүй үргэлжилсээр байна. Зарим эдийн засагч 2012 онд манай эдийн засагт гамшиг нүүрлэнэ гэсэн хүлээлттэй байх юм. “Банкны хадгаламж асар ихээр нэмэгдсэнийг хар л даа. Энэ бол энгийн жишээ” гэж тэд эхнээсээ хэлээд байна. “Нийт хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 65.9 хувиар өсч гурван триллион 65.9 тэрбум төгрөгт хүрэв” гэж Монголбанкны цахим хуудаст өнгөрсөн нэгдүгээр сард тэмдэглэжээ. “Хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүйгээс банкны өнөөгийн байдал өрсөлдөөнгүй, эрсдэлтэй хэвээр байна” гэж Банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Шагдарсүрэн хэлсэн юм.
“Төр нь авлигаас салж чадаагүй байхад банк амжилттай ажиллана гэдэгт үнэхээр эргэлзэж байна” хэмээн нийтлэгч Б.Оюунбилэгт хэлсэн билээ. Тэгэхээр өрсөлдөгчгүй энэ салбарт мөнгө нь илүүдээ гарчихаад байгааг юу гэж ойлгох нь бас бэрх хэвээр үлдэх нь. “Юм гэдэг хоёр талтай.
Банкны хадгаламж нэмэгдэж байгаа нь нэг талаар бид орлоготой болоод байна гэсэн үг. Мэдээж энэ орлогоо банкууд бусдад зээлнэ. Харин энд нь л эрсдэл хүлээсэн хэвээр байна. Найдваргүй цөөн хүнд хэт их хэмжээний зээл олгосноор төлбөр гүйцэтгэх чадваргүй болох нь ч бий. Гэтэл хуулиар төр нь иргэдийн хадгаламжид баталгаа гаргачихсан болохоор банкууд энэ хуулийн цоорхойг ашиглахыг ч үгүйсгэх аргагүй” хэмээн эдийн засгийн ухааны доктор Л.Оюун хэллээ.
Хөрөнгийн зах зээлээс бараг 50 тэрбум төгрөг босгож чадсан “Анод” банкны өр одоо хэр нь дуусаагүй. Харин татвар төлөгчдийн мөнгөөр найдваргүй зээлдэгчдийн өрийг төр барагдуулж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлэн олгож байна.
Хадгаламжид баталгаа гаргасан хуулийг өөрчлөх, даатгалын сан байгуулах гэсэн төрийн яст мэлхийн хурд өнөө цагийн шинэ “угаалгын машин”-ы эргүүлгийг гүйцэх үү гэдэг нь эргэлзээ дагуулж байна. “Гаднаас орж ирж байгаа их хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь гадны эзэмшилд оччихсон байна. Үүнээс болгоомжлоод Монголбанк дүрмийн санг нэмж өгөхгүй байх шиг байна. Мөн зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд өрсөлдөөн хэрэгтэй. Өрсөлдөөний эрчим өрсөлдөгчийн тооноос хамаардаг” гэж Л.Оюун мөн ярьсан.
Энэ оны эхний сард хадгаламж гурван их наяд төгрөгт хүрсэн бол 2007 онд 2,4 их наяд давсан байна. Өөрөөр хэлбэл, 2008 оны сонгуулийн өмнөх жил зах зээлд эргэлдэх мөнгө “галзуурсан” байв. 2008 оны арванхоёрдугаар cap гэхэд л ” Анод” банкны амь тасалдаж харилцагчид банкны үүдэнд суулт зарлаж, хэвлэл мэдээллээр энэ тухай өдөр шөнөгүй дамжуулж байсан. Сонгуулиас хагас жилийн дараахан гэсэн үг юм. Удалгүй энэ банк “оршуулагдаж”, эздийг нь шүүж эхэлсэн. Дараа нь “Зоос” орыг нь залгаж, Төрийн банк ахиад л тэдний “толгойг илсэн”. Дараалсан банкны дампуурал нь их хэмжээний зээлийг өрөө төлөх найдваргүй цөөн хүнд олгосных байсан. Гэтэл одоо сонгуулийн өмнөх хавар банкуудад ахиад л мөнгөний синдром нүүрлэж, түүгээр хахаж цацаж байна.
Ханиад хүртэл шинж төрхөө өөрчлөөд улам бүр дархлааг “жичлээд” байхад банкны салбарын өнөө-гийн байдалд тайвшраад үлдэх нь зөв үү. “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваа “Намайг энэ үе буруу гэж дүгнэхэд, дараагийн үе намайг зөв гэж үнэлнэ. Яах аргагүй энэ цаг үе, бидний амьдралд хэрэгжиж байгаа хууль хоёр чинь хоорондоо нийцэхгүй байна шүү дээ” хэмээн хэлсэн нь бий. Тэрээр ийнхүү алдаагаа тайлбарласан. Харин дараагийн банкны амь дээсэн дөрөөн дээр ирэхэд бид хэн нэгнийг энэ мэт мэдүүлгээс өөр “хөрөнгө”-гүй үлдэх юм биш биз.
“Олон улсад санхүүгийн хямрал болж байхад манайд бэлэн мөнгөний дутагдал болсон юм. Үүнийг зохиомлоор бий болгосон. Энэ бол банкны тогтолцоонд ил тод байдал биш, хариуцлагагүй байснаас үүдэн гарсан” хэмээн ХАС банкны гүйцэтгэх дэд захирал Л.Төр-Од хэлсэн.
Банкуудын ил тод байдал бүрэн хангагдсан, шалгалт сайн хийгдэж байгаа тухай Монголбанкныхан хэвлэлийнхэнд cap бүрийн хурлаараа мэдээлж байгаа. Тэгсэн хэр нь хууль нь, тогтолцоо нь хөлдүүсээр дүүрсэн санхүүгийн талбарт биднийг эрсдэл мөшгисөөр байна. Нэг үгээр, хуулийн ‘цоорхой одоо ч хэвээрээ байгаа учраас дахин банк үгүй болохгүй гэсэн, бас бидний татварт төлсөн мөнгө хэн нэгний хадгаламжийг хар нүхнээс аврахад чиглэхгүй гэсэн баталгаа алга.
Иргэдийн татварт төлсөн мөнгөөр бусдын хадгаламжийг хэдий болтол санхүүжүүлэх талаар одоо хэр нь УИХ хариу өгөөгүй байна. Монголбанкнаас энэ тухай лавлахад “Банкны хадгаламжийг даатгах хуулийг батлуулахад бид бүх талаар яаран ажиллаж байна. Өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг бүтцийг хийж гүйцэтгэсэн” гэсэн хариулт өглөө.
Тэгвэл банкууд хуулийн нүхээр сүвэгчилж, ирээдүйгүй бизнест бидний мөнгийг урсгачихвал УИХ-ын гишүүд цалингаасаа эсвэл компаниудаа зарж байгаад ч болтугай бүх мөнгийг гаргана гэж тунгаах уу. Хариулт нь нээлттэй үлдэж байна. Яст мэлхийн хурдтай төр нэг удаа бидний мөнгөөр банкны зах зээлийг аварсан. Хоёр дахь удаагаа тэдэнд алдах эрх байхгүй.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих