Монгол хэлний зөв бичгийн дүрмийг мөрдүүлэхэд төрийн оролцоо дутаж байна

“Өглөөний сонин”-ы редакцийн уулзалтдаа МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг-Ал­­тай судлалын тэнхимийн эрх­­лэгч, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд про­фессор М.Баярсайханыг урилаа.

-Монголчууд монгол хэ­лээрээ зөв бичиж чадах­гүй байна гэж маш их ярих боллоо. Таны хувьд энэ асуу­дал хэр хэмжээнд явж байна гэж бодож байна. Тухайн хүн монгол хэлээр зөв бичиж сурахын тулд яг яах ёстой юм бол?
-Нэг хэсэг зөв бичгийг нэлээд анхаардаг байсан. Дунд сургуульд цээж бичиг хийлгэдэг. Сонин бүр утга зохиолын ажилтантай. Тэр хүн зөв бичих зүйн дүрмийг сайн мэддэг, сайн баримталдаг ч байлаа.

Сүүлийн үед нэлээд задгай болж, нэг үгийг олон янзаар бичдэг болсон. Бусад улс оронтой харьцуулахад манайх шиг ингэж задгай бичдэг улс байхгүй. Соёл боловсрол нь өндөр хөгжсөн газруудтай ярих юм байхгүй. Англи хэлээр бичдэг улс орнууд, орос хэлээр бичдэг аль ч улс орон манайхан шиг алдаатай бичдэггүй. Эрх биш алдаа гарах нь гардаг байлгүй. Гэхдээ ном, сонин хэвлэл нь бүгд алдаагүй гарч байх шиг санагддаг.

Манайд одоо Ц.Дамдинсүрэн гуайн боловсруулсан үсгийн дүрмийг хэрэглэж байна. Үсгийн дүрмийг солино, өөрчилнө гэсэн албан ёсны зүйл гараагүй. Харин энэ үсгийн дүрмийг сайжруулах ёстой. Энд маргаантай, эргэж хармаар зүйл байна гэж эрдэмтэд яриад судалж үзье гээд тусгай судлаачдын баг гараад 1980, 1990-ээд онд судалсан нь бий. Тэд зарим зүйлийг нь ярилцсан. Гэхдээ үндсэндээ нэг их өөрчлөөгүй. Үсгийн дүрэм өөрчилж болохгүй гээд зарим нэг үгийн бичлэгийг ярьсан байдаг.

-Энэ асуудал одоо ч гэсэн маргаан дагуулсаар л байгаа шүү дээ?
-Тийм ээ. Одоо үг хавтгайраад, яаж бичих нь зөв юм бэ гэдэг талаар хоорондоо ч маргадаг болсон. Ц.Дамдинсүрэн гуай ингэж бичсэн, энэ нь зөв гээд хоёр, гурван тийш нь татдаг болсон. Тийм учраас нийтэд хамгийн их хольж хутгаж байгаа хэдэн үгийг түүгээд Төрийн хэлний зөвлөлөөс их, дээд сургуулийн багш нар, хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдээс бүрдсэн комисс гаргаж, тэр эргэлзээтэй бичигддэг үгсийг цэгцэлсэн.
Үүнийгээ эмхэтгээд Төрийн хэлний зөвлөлөөс 2011 оны арваннэгдүгээр сарын 5-нд Кирил бичгийн стандарт гэх журамласан тогтоол гарсан. Үүнийг гарсны дараа хүмүүс олон янзаар хүлээж авсан. Үсгийн дүрэм өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн байна гэлцэх болсон. Гэхдээ үсгийн дүрэм өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, зөрүүтэй бичлэгээр олон нийтэд хэвшчихээд байгаа үгсийг жигдлэхдээ Ц.Дамдинсүрэн гуайн үсгийн дүрмийг барьж, түүний дагуу цэгцэлсэн. Өөрөөр хэлбэл, одоо маргаад байгаа энэ үгс бол Ц.Дамдинсүрэн гуайн үсгийн дүрмийн дагуу ингэж бичигдэх ёстой шүү гэдгийг ард нь бичиж өгсөн.

Гэвч протокол хөтөлсөн хүний алдаанаас болсон уу яасан цөөн зүйл арай ийм биш гэж харагдсан. Ер нь бол бүгдийг жигдэлсэн. Энэ тогтоолд “Бичлэгийн стандарт тогтоо­сон үгсийг албан бичиг болон бүх төрлийн ном, сурах бичиг, мэдээлэл хаяг, шошгод мөрдөн хэрэглэж байхыг төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслйин редакциуд, ном хэвлэдэг байгууллагууд, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид, хянан тохиолдуулагч нар, зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болгосугай” гэсэн байдаг.

-Тэгэхээр зөв бичгийн дүрмийн жижиг шар номоо баримтална гэсэн үг үү?
-Тийм. 1983 онд хэвлэгдсэн Ц.Дамдинсүрэн гуайн ном байгаа. Тэрийг баримтлаад мөн дээрх тогтоолыг хараад явахад болно.

Ер нь бид ерөөсөө анзаарахаа больж, буруу бичээд хэвшчихээр тэр нь нүдэнд дасчихдаг. Дүрэмтэйгээ харьцуулж хараад л буруугаа мэддэг. Хэл шинжлэлийн ухааны үүднээс авч үзэхэд өөрчилмөөр зүйлс байдаг. Гэхдээ бид үсгийн дүрмээ солиогүй учраас эх хэлнийхээ онцлогт таарсан төгс зүйл болсон гэж хараахан хэлж болохгүй. Гэхдээ үүнийг солино, өөрчилнө гэсэн юм байхгүй учраас бид дагах л хэрэгтэй.

-Энэ тогтоолоос хэдэн асуух үг байна. Хашхирах, хошхирох гээд “хи”-гээр бичсэн байна л даа. Ц.Дамдинсүрэн гуайн тольд хашгирах гэж бичсэн байдаг шүү дээ?
-Тийм. Уг нь үсгийн дүрмийн толь дээр “ги”-ээр бичсэн байдаг. Харин энд жигд “хи”-гээр оруулсан. Тэр бол Ц.Дамдинсүрэн гуайнхаас зөрнө. Дуудлагаа баривал “ш”-ийн дараа “х” болж хэлэгддэг. Үүнд авиа зүйн зарчмыг гол болгож бариад үг зүйн зарчмыг нэлээд харгалзан үзсэн. Авиа зүйн зарчмыг баримталбал “хашхирах” болно.
Харин үг зүйн зарчмаа баримталбал “хашгирах” болно. Гэхдээ “гир” дагавар “хир, гир” гэсэн хоёр хувилбартай. Тиймээс анхнаасаа авиа зүйн зарчмаа бариад “хашхир” гэж хэвшсэн бол зөв зүйтэй байсан.
-Бас “Ташрам, дашрам” гэдэг үгэн дээр маргаан үүсдэг. Энэ тогтоолд “Ташрам” гэсэн байна лээ?
-Энэ их маргаантай. Яг энэ үгэн дээр энэ стандартыг гаргахад нэлээд маргаан болсон. “Таш” гэдэг язгууртай ташрамд гэж бичнэ гэсэн тал нь дийлсэн.

Миний хувь дашрамд гэж бичнэ гэсэн талд нь байсан. Яагаад гэвэл, хуучин дашлага гэж үг бий. Нэг хүн хоёр албан тушаал хавсран гүйцэтгэхийг дашлах гэдэг байсан. Хуучин албан бичигт нэг мөрөнд хоёр үг зэрэгцүүлж бичдэг ёс байсан. Тэрийг нэр дашлах гэдэг.

Монгол бичгээр босоо бичдэг байхад хоёр яамны нэрийг бичихдээ нэгийг нь түрүүлж, нөгөөг ард нь бичих бус хоёуланг нь зэрэгцүүлээд бичдэг байсан. Үүнийг мөр дашлах гэдэг. Тэгэхээр дашлах гэдэг нь юмыг зэрэгцүүлэх гэсэн утга гарч байгаа юм. Да язгуур нь дагалдах, далимдах гэсэн үгстэй гарал нэгтэй. Тиймээс дашрам гэж бичих ёстой. Гэхдээ таших гэдэг үгнээс гарсан гэдэг тайлбар хэлдэг хүмүүс нь давамгайлаад энд ташрам болгож цэгцэлсэн.

Албан хэрэглээнд монгол бичгийг алхам алхмаар нэвтрүүлэх хэрэгтэй

-Үнэ цэн гэдэг үг Ц.Дамдинсүрэнгийн тольд ардаа э-гүй/цэн/ байдаг. Харин гадуур э-тэй /цэнэ/ бичээд хэвшчихсэн. Тэгэхээр яагаад ЕБС-д э-тэй заагаад, гадуур э-тэй бичээд хэвшчихсэн юм бол. Энэ хоёрын аль нь зөв бэ?
-Уг нь цэн хэмжих нэгж гарал нь ч гэсэн э-гүй цэн гэж байдаг. Хятад хэлнээс орж ирсэн үг. Бэн цэн гээд бэл бэнчин гэдгийнхээ бэнтэйгээ хоршоод бэн цэн, үнэ цэн гээд хоршиж хэрэглэгддэг. Цэн гэж бичих нь зөв, энд ялгах эгшгийн хэрэг байхгүй. Ялгах эгшиг арын н-ийг үзүүрийн н-ээс ялгах шаардлагатай үед гарч ирдэг.

-Бүх нийтээрээ “цэнэ” гээд бичээд хэвшчихсэн болохоор “цэн” гэж бичиж байгаа хүмүүс нь буруу бичээд байгаа юм шиг болчихдог. Үүнийг яах ёстой юм бол?
-Нийтийн хэвшсэн алдааг заавал дагах ёсгүй. Харин “цэн” гэж бичиж байгаа та нарыг дагах ёстой. Ер толь бичгүүдэд “цэнэ” гэж ард нь э-тэй бичсэн зүйл байхгүй л болов уу гэж бодож байна. Сургалт нь тэгж заасан байх учиргүй.

Харин манайд хэлний зөв бичих зүйн дүрмийг баримтлах тал дээр төрийн оролцоо дутагдаад байна. Энд ийм тогтоол гарсан, та нар үүнийг хэрэгжүүл, буруу бичиж байгаагаа зас гэдэг төрийн оролцоо дутагдаад, хүчгүйдээд байна. Ер нь Төрийн хэлний зөвлөл гэж ганцхан л хүн байдаг. Энэ хүн бусад эрдэмтнийг цуглуулаад ингээд хэлэлцье болохгүй байна гээд хэлэлцсэн хэрэг. Цаашид энэ зөвлөлийн эрх мэдэл, статусыг нь нэмж өгөх хэрэгтэй.

-Ерөнхийлөгч монгол бичгийг төрийн бичиг болгоно гэж зарласан. Тэгэхээр энэ тал дээр анхаарч, ажиллаж байгаа хүн байгаа юу. Өнгөрсөн хавар сургууль төгссөн хүүхдүүд монгол бичгээр бичиж байгаа гэдгээс хамаарч, дипломоо авч чадахгүй удсан. Үүнийг хэн зохицуулж байгаа вэ?
-Шууд л монгол бичгээр бичээд эхэлнэ гэвэл боломжгүй. Тиймээс “Монгол бичгийн хөтөлбөр-1” гэж хэрэгжүүлсэн. Одоо хоёр дахь хөтөлбөр нь хэрэгжиж эхэлсэн. Алхам алхмаар явж байна. Дунд сургуулийн сурах бичгийг цэгцлэхийн хэрээр нийт өргөн олны монгол бичгийн хэрэглээг нэмж өгөхгүй бол зүгээр сурталчлаад, таниулаад л болчихгүй. Тухайн хүн би монгол бичиг мэдэхгүй байж монгол хүн гээд яваад байдаг. Ямар ч байсан сурна даа гээд л бодоод явдаг. Гэхдээ хэрэгжүүлж чаддаггүй. Тэгэхээр албан хэрэглээнд нь алхам алхмаар нэвтрүүлэх хэрэгтэй.

Ерөнхийлөгч чухал шийдвэр гаргасан. Төгсөгчдийн боловсролын гэрчилгээ, диплом, болоод Засгийн газар, УИХ, ГХЯ-ны болон бусад яам, Тамгын газрын албан бичгийг кирил бичгээс гадна монгол бичгээр бичнэ гэдэг нь их зөв шийдвэр. Тэр утгаараа өнгөрсөн жил төгссөн хүүхдүүдийн боловсролын гэрчилгээ, дипломыг монгол бичгээр бичих ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг манай сургууль, манай тэнхимд төвлөрсөн.

Манай тэнхимийнхэн бүх их, дээд сургуулийн дипломд тавигдах хичээл, шалгалтын нэр, диплом хамгаалсан сэдэв зэргийг монгол бичгээр бичиж өгсөн. Маш их ажил болсон. Зарим сургууль материалаа эрт өгч байхад зарим нь сүүлд өгөх асуудал байсан. Би indesign программд материалаа зөөгөөд оруулчихаар хийж өгсөн. Тухайн сургуулийнхан программтайгаа ажиллах зэргээс шалтгаалж оройтсон зүйл байгаа байх.

Гадаад үгийг монголоор бичихэд зориулж толь гаргамаар байна

-Гадаад үгийг монгол бичгээр бичих хэцүү. Түүнтэй адил гадаад үгэнд монгол хэлний дагавар, нөхцөл залгах нэлээд асуудал дагуулдаг. Тэр дундаа тийн ялгалын нөхцөлөөр яаж хувиргавал зөв бэ гэдэгт нэлээд маргах боллоо?
-Гадаад үгийг кирил үсгээр бичих их төвөгтэй, адармаатай. Монгол бичгээр бичихэд кирилээр бичихээс төвөгтэй асуудал нь бага. Ер нь гадаад үгийг ингэж бичнэ гэж цэгцтэй боловсруулсан зүйл байхгүй. Тиймээс сүүлийн үед программ гэдэг үгийг нэг “м”-тэй бичих үү, хоёр “м”-тэй бичих үү гэх асуудал гарч байна. Орос хэл, Оросын утга зохиолд Европт хэрэглэдэг үгсийг харахад Францыг дагасан харагддаг. Англи хэлний хэрэглээ ихэсч, орос хэлний хэрэглээ багассан үед үгнүүдийн бичлэг өөрчлөгдөж байна.

Тийн ялгалын нөхцөлийг гадаад үгэнд залгахад асуудал үүсч байгаа гэдэг нь яах аргагүй үнэн. Монгол үгийг тийн ялгалаар хувиргахдаа эр, эм үгийн эгшиг зохицох ёсоо дагадаг. Гэтэл гадаад үгэнд эр, эм эгшиг холилдоод орчихдог. Тухайлбал, курсийн гэхэд “ий” залгах юм уу, “ы” залгах юм уу гээд эргэлзэдэг. Курсийн гэдэг үгийн тухайд “ий” залгах нь зөв юм. Эгшиг зохицох ёсоо бодсон ч гэсэн. Энд монгол хэлний у эгшиг бус ү эгшиг байгаа юм. Клуб гэдэг үг курс гэдэгтэй адил хувирна. Клубийн, клубээр гэх мэт. Олон тоо ч мөн ялгаагүй, клубүүд гэж бичнэ, ууд гэж болохгүй.

-Олимп гэдэг үгийг томоор бичих үү. Бас олигарх гэдэг үг тогтоолд “и”-гүй байгаа. Хувилгахдаа яах вэ, “и”-г нь гаргах хэрэгтэй юү?
-Энэ уулын нэрээрээ ч тэр Олимпийн их наадам гэсэн ч аль аль нь томоор бичнэ. Оноосон нэрдээ орно. Олигарх гэдэг үгийн тухайд уул үндсийнх нь “и”-г гаргаж, олигархийн, олигархиуд гэж бичих нь зөв юм. Ер нь гадаад үгийг монголоор бичихэд зориулж, тийн ялгалаар хувилгасан цэгцтэй толь гаргамаар байна.

Мөн хамгийн түрүүнд шийдэх маргаантай зүйл бол уг үгийн үндсэнд нь байгаа үгийн адагт орсон богино эгшгүүдийг бичих ёстой юу, үгүй юү гэдэг асуудал. Яг үндсэн үгээр нь бичихэд аваад хаячихдаг ч нөхцөл залгахаар гараад ирдэг. Яваандаа англи хэлнийх шиг монгол хэлний TOFEL-ийн шалгалт бий болгоно гэж байгаа. Монгол үгэндээ Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг бариад гадаад үгээ цэгцэлнэ гэж ярьж байгаа. Дээр үед өргөлтийг хамаарна, өргөлт ногдоогүй бол төгсгөлийг нь хамаарна гэж бүдүүн тойм зааж өгсөн. Одоо бол хэл шинжлэлийнхэн гадаад үгийг зориудаар цэгцлэх шаардлага гарсан.

-Тухайн үед зөвхөн орос хэлний үгс хэрэглэж байсан. Гэтэл одоо зөвхөн орос биш бусад хэлнээс үг орж ирж байгаатай холбоотойгоор гадаад үг улам ихэсч байна?
-Тийм. Тухайн үед монгол хэлэнд орос хэлээр дамжиж, орж ирсэн. Одоо англи, япон хэлнээс түүнчлэн солонгос хэлнээс ч орж ирж байна. Сэүл гэж оросууд шиг бичиж байснаа Сөүл гээд солонгос хэлний өөрийнх нь дуудлагаар бичиж байна.

-Үг томоор бичих асуудал бас нэлээд маргаан дагуулдаг болсон. Товчилж бичихдээ бүх үсгийг нь томоор бичдэг. Харин задлаад бичихдээ бүх үгийн эхний үсгийг томоор бичих үү гэх асуудал гардаг. Тухайлбал, МУ гэж товчлоод Монгол Улсын гэж бичиж байгаа?
-Энэ тохиолдолд Монгол улсын гэж бичих хэрэгтэй. Дүрэмдээ төрийн төв байгууллага, яам, яамны хэмжээний байгууллагыг товчилж бичихдээ бүх үсгийг томоор бичнэ. Харин задлаад бичихдээ үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ гэж заасан. Харьяа газруудын эхний үсгийг л томоор бичнэ гэсэн.

Багш, эрдэмтэд үзэл бодлоо илэрхийлэхийг дүрэм гэж ойлгож болохгүй

-Ц.Дамдинсүрэнгийн үс­гийн дүрмээр явна гэсэн. Гэх­дээ сүү­лийн үед МУИС-ийн М.Базаррагчаа, МУБИС-ийн Б.Пүрэв-Очир багш гээд хүмүүс шинэ шинэ дүр­мүүд гаргаж ирдэг. Үүнээс болоод эргэлзээ гардаг?
-Тэр бол дүрэм биш, үүнийг дүрэм гэж нэрлэх юм бол хувь хүн бүр өөрсдөө дүрэм гаргаад явна. Магадгүй тийм зүйлийг дүрэм гэж хэлдэг бол Монголд их олон дүрэм байгаа. Албан ёсоор үүнийг дагая гээд тогтоочихсон зүйл байхгүй. Багш нар, эрдэмтэд уг нь ингэх ёстой гээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Түүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-ЕБС-ийн хүүхдүүдэд монгол хэлний хичээл “нойрны эм” гэлцдэг. Тэгэхээр үүнийг хэрхэн зохицуулах хэрэгтэй бол?
-Дунд сургуулийн монгол хэлний сурах бичиг их төвөгтэй. Бодит байдал дээр манай дунд сургуулийн хөтөлбөр хүүхдийг залхаасан нэр томъёогоор дарчихаад байгаа хэрнээ яг онолын мэдлэг өгөх зүйл алга гэдэг шүүмжлэл яриад л байдаг. Гэхдээ үүнийгээ өөрчлөх талаар юм хийгдэхгүй байна. Дунд сургуулийн сурах бичигт багш нар нь ч учрыг нь олохгүй асуудаг зүйл үнэндээ бий.

-Дунд сургуулийн багш нар Я.Цэвэл гуайн толийг ихэвчлэн хэрэглэдэг гэдэг?
-Я.Цэвэл гуайн толь тайлбар толь болохоос зөв бичих зүйн толь биш. Тайлбар толийг хүн үзэхэд нэг зүйлийг тулгаж болохгүй. Үгийн шилжсэн, болон салаа утгыг харахад зориулсан. Газар газрын монголчууд үзэх зорилгоор нэг үгийг хэд хэдэн янзаар нь оруулсан. Тиймээс зөв бичих талаас нь барих зүйл биш.

-МУБИС, МУИС-иас ирж байгаа дадлагын оюутны бичлэг өөр байна. Мөн сая манай сэтгүүлч Олимп гэдгийг томоор бичих үү гэж асуулаа. Тэгвэл даншиг гэдгийг яаж бичих вэ. Даншиг гэж дээр үеэс монголчууд хэлээд ирсэн нэрлэсэн нэр томоор бичнэ гэдэг?
-Даншиг гэдэг “Бат оршил өргөх” гэсэн утгатай төвөд үг. Богд хаанд бат оршил өргөх гэж хийж байсан наадам. Түүнийгээ дагаад наадам гэдэг байсан. Уг нь бол оноосон нэр биш. Тиймээс томоор бичих шаардлагагүй.Дунд сургуулийн монгол хэлний хичээлийг чанаржуулах шаардлагатай

-Арван жилд үг зүйн хичээлийг сайн заагаагүй байж өгүүлбэр зүй их ороод байдаг. Мөн албан бичиг боловсруулалтыг бага заадгаас хүмүүс өргөдөл бичиж чадахгүй байна?

-Үг зүй, үгийн сангийн хичээлийг түлхүү үзэх хэрэгтэй. Албан бичгийн тухайд гэвэл уг нь хичээл ордог. Гэхдээ чанаргүй байгаатай л холбоотой. ЕБС-ийн сургуулийн монгол хэлний хичээлийг чанаржуулах шаардлагатай байна.
-Ер нь маргаан гарч байгаа нь яам, зохион байгуулах газар нь үр дүнтэй ажиллахгүй байгаатай холбоотой.Тухайлбал, Төрийн хэлний зөвлөл 2011 онд тогтоол гаргасан хэрнээ нэг ч байгууллагад албан ёсоор танилцуулаагүй. Яам энд дутагдалтай ажилласан гэж үзэж болох уу?
-Үүнийг яамны сайтад тавиад орхичихсон. Уг нь бол яамны сайтад тавиад орхих бус улс орон даяар хүн бүрт хүргэх ёстой.

-Яамны зүгээс анхаарах ёстой гэж байна. Үүнтэй адил хэл шинжлэлийн эрдэмтэд яамтайгаа хамтраад хяналтын тогтолцоог нь сайжруулах хэрэгтэй байх. Жишээ нь энэ тогтоол гарснаас хойш манай сониныхон өөрсдөө сурвалжилга, цэн гэдэг үгийг буруу бичдэг сэтгүүлчид болж хувираад байна. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө ажлыг үр дүнтэй болгоод хяналтын системээ чангалбал яасан юм гэдэг санал байна?
-Зүйтэй. Энэ маш зөв санал байна.

П.Буян-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих