Жижиг компаниудаа “залгих” нь газар авчээ

Тавантолгойн хувьцаанаас иргэн, аж ахуй нэгж бүрт эзэмшүүлэхтэй холбоотойгоор илүү олон хувьцааг гартаа оруулах гэсэн сонирхол томоохон компаниудад давамгайлж байна. Дэлхийд ашиглаж эхэлж байгаа нүүрсний дөрвөн том ордын нэг бол Тавантолгой. Цаашид байгалийн хий, нефть зэргийн нөөц дундарч байгаатай холбоотойгоор эрчим хүчний эх үүсвэрийн гол түүхий эд нүүрс болж хувирах нь нэгэнт тодорхой болсон. Энэ бол Тавантолгойгоос олборлосон баялаг ямар их үнэ хүрэх боломжтойг харуулж буй энгийн гаргалгаа юм. Ийм ч учраас томоохон компаниудад 30 мянган хувьцаа чамлалттай санагдаж, түүнийгээ нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн оны зургадугаар сараас өмнө байгуулагдсан жижиг компаниудыг олноор худалдан авч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нэг компанийг худалдан авснаар дахин 30 мянган ширхэг хувьцаа авах эрхтэй болж байна гэсэн үг. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын байцаагч нараас тодруулахад компанийн эзэмшигчийн нэрийг солиулах гэсэн хүсэлт нийт хүсэлтийн дийлэнх хувийг эзэлж байгааг хэлэв. Ялангуяа энэ нь Тавантолгойн хувьцааг иргэд аж ахуйн нэгжид тараах тухай яригдаж эхлэх үеэс нэмэгдэх хандлагатай болжээ. Үүнийг батлах мэт зарим телевизээр компани худалдаж авна гэсэн утгатай зар олноор явах болсон юм. Холбогдох утас руу залгаж тодруулахад татварын өргүй л бол үйл ажиллагааны чиглэл зэргийг харгалзалгүй худалдан авна, уулзаж компанийн гэрчилгээ, бичиг баримттай танилцсаны дараа үнийн асуудлыг ярина хэмээж байв. Ер нь манай улсад олон тооны жижиг компани бий аж. Энэ нь барилга, үйлчилгээ зэрэг салбарт түгээмэл байдаг байна. Тухайлбал, найман нэрийн дэлгүүр хүртэл компанийн эрхтэй байх жишээтэй. Мөн барилгын засвар үйлчилгээ эрхэлдэг хүн хүртэл компанийн эрх авсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн компаниуд 20-30 сая төгрөгийн өртгөөр хувьцаа худалдан авах чадамжгүй юм. Хамаг юмаа барьцаанд тавьж хувьцаа авлаа ч ногдол ашиг шууд хуваарилагдахгүй тул ихээхэн эрсдэлтэй учирч болзошгүй байгаа. Тиймээс том аж ахуйн нэгжүүд энэ мэт жижиг компанийг худалдан авах үйл явц цааш үргэлжлэх нь тодорхой аж. Томоохон компаниуд жижиг аж ахуй нэгжээ худалдан авснаар Тавантолгойн хувьцааг цөөн тооны олигархи эзэмшин ашиг хүртэж, төрийн иргэн, компани бүрт байгалийн баялгийн үр шимийг тэгш хүртээх зарчим алдагдах юм. Энэ талаар Төрийн өмчийн хорооноос тодруулахад үүний эсрэг тодорхой арга хэмжээ авсан зүйл одоогоор байхгүй гэдгийг хэлэв. Ер нь компанийн эзэмшигч өөрчлөгдөх үйл явц байж болно. Үүнийг хууль бус гэж үзэх үндэсгүй, гэхдээ хувьцааг өөртөө төвлөрүүлэх зорилгоор компани худалдан авахыг хүлээн зөвшөөрөхгүй аж. Үүнийг сүүлд татвар, аудитын байгууллагууд шалгаж дээрх зорилгоор компани авсан аж ахуй нэгжид хувьцаа борлуулахгүй байх арга хэмжээ ч авч болно гэдгийг анхааруулж байсан. Ер нь яаж ийж байгаад хувьцаа авчихвал ирээдүйд ихээхэн ашиг хүртэх боломжтой шүү гэдгийг сануулж байв. Дашрамд дурьдахад, иргэнд 538, аж ахуй нэгжид 28100 ширхэг хувьцаа ногдож байгаа юм. Хувьцааны нэрлэсэн үнийг Засгийн газрын шийдвэрээр зарлах аж. Ойролцоогоор 300-1000 төгрөгийн хооронд хэлбэлзэх юм байна.

Г.Батзориг http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих