МАНСУУРСАН ИРЭЭДҮЙ

Хичээлийн шинэ жил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Оюутан, сурагчид хичээлдээ шамдахын хажуугаар зарим нэг нь насаа богиносгохын төлөө шимтэж байгаа мэт. Яагаад ингэж хэлэв гэхээр хичээлийн шинэ жил эхэлснээс хойш өрнөж буй оюутан, сурагчидтай холбоотой гэмт хэрэг, тэр дундаа мансууруулах бодистой холбоотой олныг цочроосон үйлдлүүд үүнийг харуулж байна. Хар тамхи, мансууруулах бодис, ахуйн хэрэглээний хий, бусад донтогч бодис ямар их хортой вэ гэдгийг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар сонсохоороо л нэг болж байгаа. Гэвч үүнээс урьдчилан сэргийлэх, ирээдүй хойч үеэ аврах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь эмгэнэлтэй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, донтуулагч бодисын хэрэглээг хязгаарлах чиглэлээр цагдаагийн байгууллага, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн дангаараа тэмцээд үр дүнд хүрэхгүй байгаа гэдэгтэй олон хүн санал нэгдэх биз. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр олон ажил хийхээр болсон ч чимээгүй болчихов.

Одоо бол цагдаагийн байгууллага л дангаараа тэмцэж байна. Харин энэ тэмцэлд өмгөөлөгчид саад болж байна гэхэд хилсдэхгүй. Хар тамхины төрлийн хэргийг илрүүлж, шалгаж эхлэхэд өмгөөлөгч нар тээг болж буйн нэг жишээ нь БНХАУ-д хар тамхи тээвэрлэсэн хоёр залуу, нэг бүсгүйд холбогдох хэрэг. Шүүх өмгөөлөгч нарын үгэнд хэт орж, тухайн хэргийг шийдвэрлэж чадаагүй буцаасан нь мөрдөн байцаалтад байгаа 20 гаруй хэргийн ирээдүйг бүрхэгдүүлэхэд хүргээд байна. Хар тамхи зөөсөн хүмүүст холбогдох хэргийг шийдвэрлэж чадаагүй нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлтэй залуусыг өөгшүүлэхэд хүргэж, харьд амиа алдвал “хохь чинь” гэж буйтай агаар нэгэн санагдаж байна.

МАНСУУРАГЧДЫГ “ХАШРААХ” ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ НЬ ТЭДНИЙГ ДАВРААЖ БАЙНА

Түүнээс гадна манай хууль тогтоомжид ч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг хэрхэх нь ойлгомжгүй. Тиймээс олон хүн ман сууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисоос салж чадахгүй байсаар. Үүний тод жишээ нь “Айс топ” хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаяр. Тэрбээр өмнө нь каннабис олж авч хэрэглэж байсан асуудлаар зургаан сар баривчлах ял шийтгүүлсэн. Гэвч энэ ял түүний толгойг илээд өнгөрсөн гэхэд болно. Өдгөө тэрбээр “Дижитал”-ын Баавартай хамт хилээр “ice” их хэмжээгээр оруулж ирж хэрэглэсэн хэрэгт холбогдоод байгаа. Гэвч нөгөө л өмгөөлөгч нар болон хуулийн ойлгомжгүй байдлаас болоод хэрэг нь шийдвэрлэгдэж чадахгүй өнөөг хүрээд байна. Энэ мэт мууг үлгэрлэгчдийн араас залуу хойч маань мансуурах донтой, эмгэгтэй, нас нь ахар болж байгаа нь эмгэнэлтэй. Хэдхэн хоногийн өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий үнэрлэж байгаад нэг нь амиа алдсан хэрэг гарч, олныг цочирдуулсан. Гэвч оюутан, сурагчдын дунд мансуурагчид улам бүр хүрээгээ тэлсээр байна.

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн уушийн газарт ХААИС-ийн дөрвөн оюутан мансуурч байсныг иргэдийн мэдээллээр цагдаагийнхан шалгасан. Гэвч мансуурсан залуусыг эмчлэх талаар эрх зүйн орчин нь тодорхойгүй учраас цагдаагийнхан яаж ч чадалгүй явуулжээ. Учир нь тэдний хэрэглэсэн бодис нь тайвшруулах, унтуулах үйлчилгээтэй эм байсан аж. Уг эм нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад ордоггүй учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй болсон гэнэ. Гэхдээ жороор олгох ёстой эмийг жоргүй гээр олгосон “Монос”-ын эмийн сангийнхан дахиад л эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байна. Одоогоос хоёр жилийн өмнө “Монос”-ынхон сэтгэцэд нөлөөлөх эмийг жоргүйгээр эмийн сангуудад их хэмжээгээр борлуулж, ашиг олсон бөгөөд шийтгэлийг нь нэг л хүн үүрээд өнгөрсөн түүхтэй. Тиймээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, донтуулагч бодис, ахуйн хэрэглээний хийг авч хэрэглэсэн хүмүүст арга хэмжээ авах, эмчлэх талаар ажиллахгүй бол ирээдүй маань мансууралд автах нь.

14 НАСТНУУД 18-ТАЙ “АХ”-ЫГАА УРУУ ТАТАЖ ХАР ТАМХИНД ОРУУЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн пүрэв гаригт Б.Даваацэрэн, Д.Хангай нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Тэд Сэлэнгэ аймгийн нутгаас манай оронд элбэг ургадаг каннабис буюу олсны төрлийн ургамал 600 гаруй граммыг түүж бэлтгэсэн, улмаар борлуулахыг завдсан хэ рэгт холбогдсон аж. Тэдний нэг нь 18-тай, нөгөө нь 17 настай. Тус дүүргийн шүүх энэ хоёр хүүхдэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол байхгүй хэмээгээд хоёр жилийн хорих ял оноож, түүнийгээ нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ. Гэвч Б.Даваацэрэн нь шийтгэх тогтоолоо гардаж авч амжаагүй байхдаа дахиад эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдчихов. Баянгол дүүргийн XII хорооны нутаг, 17 дугаар байранд очиход 14 настай А, 15 настай Т, 16 настай Т, М нар нийлэг ууттай нунтагласан өвс татан, мансуурч байгаад баригдсан хэрэг энэ сарын 12-нд гарсан. Хэрэглэж байсан бодис нь багагүй хэмжээтэй олсны төрлийн ургамал буюу каннабис байсан нь тогтоогдоод байгаа.

Харин шалгалтын явцад Б.Даваацэрэнгээс дээрх хүүхдүүд каннабис худалдан авч байснаа хүлээгээд зогсохгүй, өнгөрсөн жилээс удаа дараа хэрэглэж байсан талаараа мэдүүлжээ. Үүнээс үзэхэд ирээдүй маань “инээдэг өвс”-ний ид шидийг эртнээс мэдэрч, донтож эхэлсэн нь харагдаж байна. Хамгийн эмгэнэлтэй нь дээрх дөрвөн хүүхэд 18 настай өөр нэг залууг уруу татаж, мансууруулах бодис хэрэглүүлсэн нь шалгалтаар тогтоогдоод байгаа гэнэ. Тэгэхээр ирээдүйг маань юу хүлээж байна вэ. Мансуурлын аюулаас хойч үеэ хэрхэн хамгаалах вэ. Үүнд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сургуулийн нийгмийн ажилтнууд, цаашлаад хууль тогтоогчид маань хүртэл анхаарлаа хандуулж, нэгийг бодох цаг болжээ. Тэгэхгүй бол мансууруулах бодист донтсон хүүхдүүд, ирээдүй хойч маань тахир дутуу, өрөөл татанхай болох, цаашлаад ихийг сурч мэдэх, хийж бүтээх насандаа ч хүрэлгүй хар тамхины хордлогод орж, хорвоогоос халихад ойрхон байна.

Г.ЦОЛМОН


URL:

Сэтгэгдэл бичих