Д.Хаянхярваа: Битгий гоншигоноод бай гэж Н.Алтанхуягт хаягламаар байна

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ирэх оны төсвийн төслийн эргэн тойронд өрнөж байгаа асуудлаар ярилцлаа.

Ирэх дөрвөн жилд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй гэнэ

-АН-ынхны анхны төсөв. Тэр дундаа шинэчлэлийн Засгийн газрын төсвийг хэлэл­цэж байна. Таны хувьд нэлээд шүүмж­лэлтэй хандаж харагдсан?

-Шинэчлэлийн   Засгийн   газрын  шинэч­лэ­лийн төсөв гэж эрх баригчид өөрсдөө тодотгож бай­сан. Ер нь энэ Засгийн газарт шинэчлэл гэдэг үг моод болж. Харамсалтай нь, төсөвт шинэч­лэгдсэн зүйл байна уу гэдгийг би хувьдаа харахгүй байна. Үнэнийг хэлэхэд, тийм зүйл ажиглагдаагүй. Харин хууль зөрчсөн юм их бий. Үүнийг л шинэчлэл гэж ойлгож болох юм.

 

Миний хувьд тэгж л эргэцүүлж суугаа. Ер нь АН-ын хэлээд байгаа шинэчлэл гэж чухам юу вэ гэдгийг ард түмэн ч ойлгохоо болилоо. Шинэчлэл гэсэн сайхан малгайнаас цаашгүй хоосон яриа ч юм уу. Төсвийн төслийг оруулж ирэхдээ ард түмний амьдралыг боомилох тал руугаа хандсан утга аястай байсан нь шинэчлэл үү. Үүнийг бид хэлж, ярьж байж өнөөдөр тодорхой түвшинд засч залруулахаар болж байна.

 

Тухайлбал, 2005 оны гуравдугаар сарын 18-нд   Нэмэгдсэн   өртгийн  ал­бан татвараас чөлөөлөх тухай хууль,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд орсон “Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зо­риу­лалтаар импортлож байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон тус­лах мате­риа­лыг нэмэгдсэн өртгийн албан татвар бо­лон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай заал­тыг хүчингүй болгох гэж байгаа нь гол тө­лөв эмэгтэйчүүдийн эрхэлдэг оёмол, сүлжмэл бүтээг­д­эхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг зогсонги бай­далд оруулж, энэ төрлийн дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дампуурлын ирмэгрүү түлхэж байгаа хэрэг юм.

“Атрын 3” аяны хүрээнд хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Үр дүнд нь Монгол Улсад “Атрын 3” аян амжилттай хэрэгжиж төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, нэг үе дутмаг байсан улаан буудайг энэ жил экспортлох хэмжээнд хүрсэн.

 

Энэ хуулийн заалтыг хүчингүй болгож байгаа нь хөл дээрээ дөнгөж босч ирж байгаа хөдөө аж ахуйн салбарыг эргэн уналтад оруулах, улмаар энэ салбарт ажиллаж буй олон мянган бизнес эрхлэгч, ажиллагсадын ажлын байрыг эрсдэлд оруулж, хүнсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлнэ.

Энэ мэтчилэн өмнөх Засгийн газрын барьж байсан бодлогоос олон зүйл дээр ухралт хийсэн. Ганц жишээ татахад, багш нарыг тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай дүйцэхүйц тэтгэлийг олгох хуулийн заалтыг ч ирэх оны төсөвт тусгаагүй.

Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхчүүдээс авахаар санал боловсруулж ирлээ. Хүүхдийн мөнгө өгөх нэрийдлээр нэг гараа сунгаж, нөгөө гараараа эцэг, эхийнх нь халаасыг тэмтэрсэн хэрэг. Ингээд яривал ард түмнийхээ амьдралыг бодоогүй зүйл их байна.

-Танай намын зүгээс цалин урамшуулал ирэх дөрвөн жил ганц сохор зоосоор ч нэмэгдэхгүй нь гэх шүүмжлэлийг хэлж байсан?

-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цалин, хөлсийг өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин нэмэгдүүлж чадсан. Тэгвэл ирэх дөрвөн жилд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй юм байна. Уг нь эрх баригч намынхан инфляцитай нь уялдуулна гэж  байсан ч энэ жилийн тухайд 13-15 хувийн инфляцитай байхад цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхгүй гэсэн хариулт өгч буй. Товчхондоо удирдлагын зардлаа нэмэгдүүлж байгаа нь тэдний хэлээд байгаа бас нэгэн шинэчлэл юм болов уу.

Энэ засгийн газрыг огцруулья гэлгүй хүлээцтэй хандсан

-МАН цөөнхийнхөө байр сууринаас өндгийг ч өөлж байна гэх шүүмжлэл бий. Магадгүй тийм биш гэж үү?

-Тийм юм байхгүй. Бид ажил хэргийн үүднээс ярьдаг. Төсвийн төсөлд авах гээхийн ухаанаар хандвал авах юм даанч ховор. Харин ч хууль зөрчсөн зүйл их бий. Зураг төсөлгүй олон обьектийг тусгасан. Төсвийн ерөнхийлөн захирагч дээр нэг обьектийг давхардуулан оруулж ирсэн. Юунд зарцуулах нь тодорхой бус хөрөнгийг төсвийн төсөлд тусгаж оруулсан гээд яривал их зүйл бий.

 

Төсвийн хуульд нийцүүлж үр ашиг талаас онцгойлон анхаарах ёстой Засгийн газрын тэргүүн хусмаа голсон хүүхэд шиг Засгийн газар илүү төсөвтэй байх ёстой гэж байна. 50 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд мэдэж зарцуулахгүй юм бол Засгийн газар байхын хэрэг юу байна гэх мэтийн юм ярьсан. 50 тэрбум төгрөгийг дур мэдэн зарцуулах эрхтэй болохын төлөө Ерөнхий сайд болсон бол “Уучлаарай” гэж хэлмээр байна.

 

Өнгөрсөн долоо хоногт хүч түрсэн байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын тав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулалт нь тодорхойгүйгээр Засгийн газрын мэдэлд үлдээх хуулийн төсөл өргөн барьснаа хэлэлцүүллээ. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн далбаан дор 81.7 тэрбум төгрөгийг Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд зарцуулах нь.

-Засгийн газрын нөөц сангийн хөрөнгө ороод уу?

-Засгийн газрын мэдэлд дахиад 20 тэрбум бий. Тэр нь нөөц сангийн хөрөнгө. Нийлээд 100 гаруй тэрбум төгрөг. Энэ их мөнгийг юунд зарцуулах нь тодорхойгүй. Гол нь энэ мөнгийг юунд зарах нь сонин байна. Иймээс л төсвөөс шинэчлэл харагдаж бас үнэртэхгүй байгаа юм. Учир нь төсөв бүхэлдээ хууль зөрчөөд байна.

-Ийм байтал сөрөг хүчин болсон МАН ганц хоёр үг унагахаас хэтрэхгүй чимээгүй байгааг юу гэж ойлгох вэ?

-Харин ч эсрэгээрээ манай намынхан аливаа зүйлд хүлээцтэй, бас ноён нуруутай хандаж байгаа. Иймдээ бид энэ Засгийн газрыг огцруулья энэ тэр асуудлыг хөндөж тавилгүй, хүлээцтэй хандаж ирсэн. Хэрэв ийм байдалтай төсвийг МАН Засгийн эрх барьж байхдаа оруулж ирсэн бол аль хэдийнэ АН-ынхан биднийг огцруулна гэж “дайлаар морьдож” байхгүй юу. Ордноор дүүрэн юм болж, төсвийн хууль зөрчсөн гэж тонгочоод сүйд хийнэ. Тэднийг ийм үйлдэл гаргана гэж би эргэлзэхгүй хэлж чадна. Тэд яг тийм л араншинтай.

АН хэлсэн үгэндээ эзэн болоосой
-Бас нэг зүйл бий. Төсвийн төс­лийг Засгийн газар танхимаараа хэлэлцэн, санал бодлоо тусгасан эсэх. Сүүлдээ Сангийн сайд Ч.Улаан л хамаг ажлыг хар толгойгоороо хариуцаж, дур зоргоороо авир­ла­сан гэх хандлага бий болоод байгаа. Та ч мөн Сангийн сайд байсан хүн. Энэ талаар тодорхой байр суурь илэрхийлэх байх?

-Наадуул чинь их олон юм ярина. Шинэчлэлийн Засгийн газрын төсөв шинэчлэл гээд л. Эсвэл өмнөх Засгийн газрын төсөв Д.Хаянхярваа чи оролцсон чиний хийсэн төсөв ч гэх шиг. Ерөнхий сайд хачин юм ярьсан. Энэ чинь ганц Сангийн сайдын төсөв биш. Нэг хүний төсөв гэж огт хэлж болдоггүй. Энэ бол Монгол Улсын төсөв. Улсын төсвийг УИХ-д Ерөнхий сайд өргөн барьдаг.

 

Тэрбээр УИХ-ын өмнө өргөн барьсан төсвөө хамгаалах үүрэгтэй. Харамсалтай нь, өнөөдөр үүргээ умартаж, тэнэж мунгинаад “Би энэ төсвийг хараагүй. Надад хамаагүй. Зарим нэгийг нь би мэдэхгүй. Энэ их хачин юм болсон байна. Энэ Сангийн яамны нөхдүүд санаатай улс төрийн зорилготой хийсэн” ч гэж байх шиг. Сангийн яамны нөхдүүд рүү УИХ, Засгийн газраасаа эхлээд бүгд дайрдаг боллоо. Мөрөөрөө төрийн албан үүргээ гүйцэтгэж, мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа тэр багийн хүмүүс рүү хошуу дүрж, орилж эхэллээ. Ийм юм байж болох уу. Энэ тэр шинэчлэл нь мөн үү.

-Тодруулбал..?

-Та нар хэний заавраар, тушаал авч ажилладаг юм. Та нарын хэн нь улс төрийнхөнд хошуу хүргэсэн ч гэдэг юм уу. Төсөв гэдэг зүйлийг УИХ-д суугаа гишүүд бид ямар ч түвшинд ухаж төнхөөд хуулийн хүрээнд байна уу, үгүй юү гэдгийг мэдчих чадвартай хүмүүс, энэ 76 чинь. Ганцхан Сангийн яамныхан ч мэддэг юм биш. Айсан хүн адуу манаж, ичсэн хүн хүн ална гэгчээр АН аргаа барахдаа Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг “Чи төсөвт утга учиргүй зүйл оруулж ирсэн хариуцлагагүй байна. Чамайг ажлаас чинь хална” гэх байдлаар чөлөөлж байх жишээтэй.

 

Тэгвэл тэр төсвийн төсөл дээр анхаарлаа хандуулж, харж чадаагүй Ерөнхий сайд өөрөө огцрох ёс зүйтэй байж яагаад чаддаггүй юм. Сонгуулиар ялалт байгуулсан уу, байгуулсан. Ерөнхий сайд болсон уу, болсон. Тэр өдрөөсөө эхлээд хариуцлагаа үүрэх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр хүнд надад хамаагүй гэж хэлэх эрх байхгүй. Ямар ч нөхцөлд энэ хүн хариуцлагаа үүрэх учиртай.

 

Гэтэл үүргээ умартсан алдаагаа Сангийн яамны мэргэжсэн ажлын аппарат, газар, хэлтсийн дарга нар руу нь нялзааж эхлэх нь л дээ. Ийм өнцгөөр хандах гээд байна уу даа гэсэн хардлага түмний өмнө ил харагдаж байна. Ийм байж болохгүй. Төсвийн хөрөнгийг дур мэдэн зар­цуулж, хууль бус үйл ажиллагаа хий­сэн бол хатуу хариуцлага тооцож, арг­а хэмжээ авах ёстой гэж АН-ынхан их ярь­даг. Хэлсэн үгэндээ эзэн байж үүний­гээ л хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

-Ерөнхий сайд нийтдээ 81.7 тэрбум төгрөг зарцуулах нь гэж та дурьдаад өнгөрсөн. Энэ талаар тодруулна уу?

-Шинэ хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд, 276 тэрбум төгрөг гэж бий. Үүний 31.7 тэрбум нь Ерөнхий сайдын мэдэлд. Дараа нь хөрөнгө оруулалт дээр нь 50 тэрбум бий. Ингээд үндсэндээ 81.7 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд мэдэж, зарцуулах нь. Үүнийг бид юу гэж хардаж байна гэвэл 50 тэрбум төгрөг нь 42-ын бүлэг буюу давхар дээлтэй 42 гишүүнийх нь нэг нэг тэрбум төгрөг үүн дотор явж байгаа юм байна. Иймэрхүү байдлаар нуун далдалжээ гэж манай намын бүлгийн гишүүд хардаж байгаа.

-Ах нам Засгийн эрхийг атгаж байхдаа шинэчлэлийн Засгийн га­зарт хоосон авдар шилжүүлж өг­сөн гэдэг. Тэр ч бүү хэл, өрийн хууд­саар дүүрсэн гэх яриа их бий. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ. Сангийн сайд байсан болохоор то­доор­­хой мэдээлэл өгөх болов уу?

-Өнгөрсөн дөрвөн жилд ямар Засгийн газар байсан бэ. Хэдэн жилд нь АН Сангийн яамыг толгойлсон юм. Хэдэн сард нь МАН толгойлов. Энэ оны төсөвт 1.5 сая төгрөгийг өгнө, авна. Бүх юмыг ингэж хийнэ гэж хэзээнээс эхэлсэн ямар өр, зээл авсан бэ гээд гоншигоноод урдах юмаа ухаад эхэлвэл нэг тоон үзүүлэлт гарна. Гэхдээ би тэгж ярьмааргүй байна.

Яагаад гэвэл нэгэнт ард түмнийхээ өмнө үүрэг хүлээж, Засгийн газарт орж ажилласныхаа хувьд чадлаараа ажилласан. Ямар ч байсан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд чаддаг бүх арга хэмжээгээ авч ажилласан.

-Тэгэхээр өр, зээлийн асуудал хэдийнээс эхлэлтэй гэж?

-Төсвийн өр, авлага гол нь Хүний хөгжил сан дээр үүссэн. Тус сангийн өр зөвхөн 2011 онд үүссэн юм биш. 2008-оноос эхлэн шат дараалан авсан урьдчилгаа хөрөнгө, зээл гээд юм бий. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг “МАН хоосон авдар өглөө, бид хоосон зүйл авчихаад одоо л босгох гэж байна” гэж. “Тэгж гоншигонох хэрэггүй” гэж тэр хүн хэлдэг юм билээ.

Харин би энэ үгийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт өөрт нь хаяглаж хэлмээр байна. Өнгөрсөн дөрвөн жилд өр үүссэн бол МАН, АН хоёулаа холбоотой. Сайн сайхан яваа бол мөн л хоёулангийнх нь гавьяа. Тийм ч учраас хамтарч ажилласан гэдэг том нэрийг аль аль нь бодолцож алдаа оноогоо ярих учиртай.

-Гэвч сонгуулийн өмнөх Ардын Засгийн газрын богинохон хугацаанд асуудал дэгдсэн юм биш үү. МАН сонгуулиар төсвийг улайлгасан ч гэдэг юм уу?

-Энэ үгнийхээ учир явдлыг олоод ир. Сонгуульд юунд зарцуулсан юм тэрийгээ баримттай гарга. Яах гэж баталсан юм, тэр төсвийг. Сонгуультай, сонгуульгүй нэгэнт баталсан төсвийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүргийнхээ дагуу хуулийн хүрээнд бүх зүйл хийгдсэн. Түүнээс биш сонгуулиар манай намыг сонгоорой гэж ард түмэнд хууль бусаар өгсөн зүйл байхгүй. Хэрэв баталгаа, нотолгоо байгаа бол хууль хяналтын байгууллагад ханд. Түүнээс биш бидний хувьд хуулиас гажуудсан зүйл байхгүй.

-Өнөөх 1.5 сая төгрөгийн асуудал..?

-Сонгуулийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өөрийнх нь хэвлэлд өгсөн ярилцлага бий. Энэ 1.5 сая төгрөгийг МАН-ынхан өгч чадахгүй. Хэрэв бид байсан бол өгчихсөн гэж. Тэгвэл одоо хэлсэн үгэндээ эзэн болж өгөх ёстой. Архангай, Дархан, Дундго­виос бусад газруудад үлдэгдэл 330 мян­ган төгрөгийг яагаад өгөхгүй бай­гаа юм. Тэд өөрсдөө Засгийн эрхэнд гараад ирлээ шүү дээ. Чадна гээд.

-Тухайлбал, Дарханд 330 мянган төгрөгийг сонгуулийн сурталчилгаагаа болгож Сангийн сайд эрх мэдлээ урвуулан олгосон гэлцдэг. Тийм биш гэж үү?

-Эрдэнэтээс орж ирсэн мөнгөөр хоёр дахь 330 мянган төгрөгийг өгсөн юм. Тухайн хөрөнгөнөөс Сангийн яаман дээр мөнгө үлдсэн юм билээ. Намайг сонгуулийн сурталчилгаагаар явж байхад “10 гаруй тэрбум төгрөг үлдлээ. Үүнийг яах вэ” гэсэн. Та нар өөрсдөө дотооддоо ярилцаад шийд ээ. Аймгуудаас ядуурал ихтэй газарт нь өгвөл зүгээр гэдэг хандлагаар ярьсан.

Тэгээд Сангийн яамны газрын дарга нар удирдлагын түвшинд хэлэлцээд шийдвэрлэсэн юм билээ. Би Дарханд сурталчилгаагаар явсан бүх бичлэг бий. Үзэж болно. “Би та нарын 330 мянган төгрөгийг өгнө. Намайг сонгоорой” гэж нэг ч үг хэлж байгаагүй.

Спикер төв шугамаа барьж алтан дунджийг олсонгүй
-АН-ын алдааг засаж, залруу­ла­хын тулд МАН-ын хүч хүрэх болов уу. Бүлгийн асуудал шийдэгдтэл байдал энэ хэвээр үргэлжлэх үү?

-Бүлэгтэй, бүлэггүй бид чадлаа­раа хэлж, алдаагаа засахыг сануулж байна. Энэ бол зарчмын асуудал. Бид саналаа хэлж, асуудлыг тавь­сан. Зөрүүлээд хууль оруулж ирж, хүч түрэмгийлсэн байдлаар кнопддог ийм л байдалтай болж. Хууль зөрчсөн зүйл оруулаад ирлээ гэхээр хуульд нийцүүлж байна гээд хуулиа өөрчилчихдөг. Энэ нь сүүлдээ төрийн толгойд гарч, Засгийн эрхийг атгахаараа дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болдог гэсэн буруу зүйл рүү л явж байна.

-МАН-ын гишүүдийг 60 мянган төгрөгөөр торгохоор яригдаж байна. Таны хувьд торгуулиа төлөх үү. Хууль зүйн хувьд хэр үндэслэлтэй юм бол?

-Тэр хуулийг мэдэхгүй юм. Намын бүлгийн хуралдаанаар хууль эрх зүйн хувьд ямар байдаг талаар гишүүд санал бодлоо солилцсон. Сүүлийн үеийн хандлагуудаас нэг зүйлийг ажиглаж байна. УИХ-ын дарга парламентад суудалтай нам, сонгогдсон гишүүдийн алтан дунджийг олж, үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэвч өнөөдөр УИХ-ын дарга гэгдэж байгаа З.Энхболд ганц АН-ын талд үйлчилж байна.

 

Хооронд нь сөргөлдүүлэх, хагаралдуулах байр суурин дээрээс асуудалд хандаж байна. УИХ-ын даргын сэнтийнээс шүүхийн шүүгч шиг ярьдаг байдал ч ажиглагдах боллоо. Чи үүнийгээ хэл, тэрийгээ хэл. Энэ хууль зөрчсөн нөхрийг ажлаас нь хал. Чи яагаад арга хэмжээ авч, торгоогүй юм. Үүнийг УИХ-ын дарга биш хууль хяналтын байгууллага, дотооддоо мөрддөг дү­рэм журмаараа нийцүүлэх ёстой. Бид ямар нийгэмд амьдарч байгаагаа ойл­го­хоо байлаа. Гэм зэмгүй хэрнээ шо­ронд орох нь гэсэн айдас төрийн ал­ба­ны­ханд төрж байх шиг байна шүү.

-Таны хувьд З.Энхболдыг УИХ-ын дарга болсон нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хурцатгах үндэслэл болсон гэж үзэж байгаа юм уу?

-Би хувьдаа З.Энхболдыг их гайхаж байгаа. Энэ чигээрээ хатуу байр суурьтай, МАН гээд ярихаар үстэй толгой нь үрвийдэг иймэрхүү хандлагаар хандсаар байх гэж үү. Энэ хүн үнэхээр УИХ-ын дарга мөн юм бол парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн эв эеийг олуулах, хороонд нь зохицуулах, парламентын ардчиллыг хөгжүүлэх чиглэл рүү явах ёстой.

 

Түүнээс биш хэт нэг талыг барьж нөгөө талыг нь өдөөсөн байдлаар хандаад байвал сүүлдээ үндэсний аюулгүй байдалд аюултайгаар барахгүй, цаашлаад төрийн хямрал руу түлхэх алхмыг спикер өөрөө удирдаад орчих юм биш биз гэсэн болгоомжлол төрж байна. Нөгөөтэйгүүр, Спикер төв шугамаа бариад алтан дунджийг олж явсан бол УИХ хуулийнхаа хүрээнд ажлаа явуулах боломж байсан. Би үүнийг З.Энхболдыг ойлгоно гэж бодож байна.

-Та 60 мянган төгрөгийн торгуулийн асуудлыг орхигдуул­чих­лаа. Бүлгээр хэлэлцээд асууд­лыг хэрхэхээр шийдвэрлэсэн бэ?

-Хуулийнхаа дагуу шийдвэрлэж, торгодог хууль дүрэм нь байдаг бол тэр эрх мэдэлтэй хүн нь торгоно л биз. Түүнээс биш УИХ-ын даргын хэлснээр торгож, халж солиод байдаг юм биш. Иймэрхүү юманд УИХ-ын дарга хэлээд, түүнийг нь биелүүлээд байвал хууль гэж байхын хэрэггүй. Ер нь АН-ын хууль зөрчсөн үйлдэл бүрийг нь “шинэчлэл” гэж ойлгож байгаа. Цаашид ч ийм дөрвөн жил үргэлжлэх болов уу даа гэсэн бодол өдрөөс өдөрт төрөх боллоо.

-Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд таван тэрбум ам.долларын бонд гаргахаар баталлаа. Гэтэл энэхүү хөрөнгө нь ирэх оны төсөвтэй тэнцэхүйц хэмжээнийх байдаг. Эргээд хариуцлагын асуудлыг хэрхэн хөндөх бол?

-Шинэчлэлийн Засгийн газраас таван тэрбум ам.долларын бонд гаргана гэж төсөвт тусгаж, батлууллаа. Энэ нь хэдий хэмжээний мөнгө вэ гэдгийг монголчууд мэдэж байгаа. Эхний ээлжинд 1.5 тэрбумыг нь гаргахаар зэхэж байна. Гэтэл юунд, ямар зориулалтаар гэдэг нь тодорхой бус. Асуухаар хийх ажил их байна л гээд байдаг. Би жишээ татаж хэлж байсан.

 

Монгол анх удаа Хөгжлийн банк 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээрээс босгосон. Гэвч дараа нь сар бүр хүү төлж, нөгөөх төсөл хөтөлбөр арга хэмжээгээ санхүүжүүлээд явья гэхээр Хөгжлийн банкнаас тавьсан шаардлагыг хангасан төсөл нэг ч байгаагүй. Тэгэхээр Монгол Улс өнөөдөртөө бонд гаргахад бэлэн биш байна. Зүй нь бонд гаргаад, хөрөнгө нь манай дансанд ороод ирлээ гэхэд л хүү төлж эхэлнэ.

 

Гэтэл тэр эрсдлийг тооцож байна уу. Наанадаж л, ашигт малтмын үнэ дэлхийн түвшинд буурч, экспорт зогсох тал руугаа ороод байна. Ийм байтал тэр их мөнгө босгож ирээд хүүг нь төллөө гэхэд ямар ашиг байх вэ. Үнэхээр хийх зүйл нь тодорхой болоод хийе гэж зорьж байгаа бол чуулганы хуралдаан дээр бүх төслөө оруулж ирэх хэрэгтэй.

 

Жишээ нь Замын-Үүд Сайншандын замыг, төмөр замын гэх юм уу төслийг санхүүжүүлье гэдэг ч юм уу, тодорхой зүйл оруулж ирэх хэрэгтэй. Бонд гаргах бол нэг л өдрийн асуудал. Гэтэл заавал шахаад, одоо л батлуулах гэж улайрах шаардлагагүй. Бид баталж өгөхгүй гэж хэлээгүй. Хэрэгтэй, шаардлагатай бол батлая. Гол нь Монгол Улсад маш том эрсдэлтэй алхам.

 

Эцэст нь хариуцлагыг хэн үүрэх юм. Энэ Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ажиллаж, хэдэн ч ам.долларын бонд босгоод үр ашиггүй байдлаар зарцуулчихаад буувал хариуцлагыг нь хэн яаж үүрэх юм. Магадгүй дөрөв, таван жилийн дараа энэ Засгийн газарт байсан хүмүүс яаж хариуцлагаа үүрэх вэ. Эцсийн мөчид энэ бүхнийг ард түмэн л нуруун дээрээ үүрэх болно.

Тийм учраас л үүнийг нухацтай хэлэлцэх ёстой. Төсөл хөтөлбөр нь бэлэн байх учиртай. Ингээд явбал дээр гэхээр л үгүй гэж, хүч түрсэн байдлаар хандаад хуулиа батлаад л, ийм маягийн дүр зургаар шинэ парламент явж байна. Зөв буруу аль вэ гэдэг ард түмэн үнэлэлт өгчихсөн гэдэгт эргэлзэхгүй байна.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих