Орчин цагийн олны танил “Үнсгэлжин”-гүүд /2-р хэсэг/

zМонголын олны танил сайхан бүсгүйчүүд голдуу баян эрчүүдийг  сонгож, хуримладаг. Тэдний орчин цагийн “үнсгэлжин” гэх хэлэхэд хилсдэхгүй болов уу. Тиймээс бид  орчин цагийн олны танил “Үнсгэлжин”-гүүдийг та бүхэндээ толилуулж байгаа билээ.

-Хийлч Ч.Дэлгэрцэцэг

-Хийлч Дэлгэрцэцэг хагас нүцэглэж, “Үлэмжийн чанар” дууг анх хийлээр тоглосон энэ бүсгүйн хувийн амьдралыг тойрсон, элдэв дуулиан шуугиан тасардаггүй. Одоогоос таван жилийн өмнө “Дээгий өөрөөсөө олон насаар ах энэтхэг эртэй суулаа”, “Дээгийгийн нөхөр Саха Миянатан хэмээх энэ эр Монгол дахь дэлхийн банкны зөвлөх бөгөөд нутагтаа 10 эхнэртэй. Монголын урдаа барьдаг хийлч бүсгүйг хамгийн бага эхнэрээ болгосон”, “Хийлч Дээгийгийн найз бүсгүй мөн л энэтхэг, нэлээд чинээлэг эрхэмтэй гэрлэсэн бөгөөд үй зайгүй нөхөрлөдөг бүсгүйчүүд энэтхэг эрчүүд түшин амьдралаа эхлээд байна” гэх мэт олон мэдээлэл тарж байсан. Гэвч удалгүй хийлч бүсгүй өөрөөсөө 30 насаар ах, дэлхийн банкны зөвлөх энэтхэг нөхрөөсөө салж, “Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эртэй өнгөрсөн долдугаар сард хуримласан. Түүний сүүлийн нөхөр уул уурхайн салбарт гуч гаруй жил ажиллаж буй бөгөөд Хонгконгд ажиллаж байхдаа “Лейтон Ази” компанийн уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн, бизнесээс гадна хүмүүнлэгийн үйлс, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог нэгэн аж. Марк Бейли 2005 онд Пол Харрисийн шагнал хүртэж байсан сурагтай. Тэрбээр хөрөнгө мөнгөний хувьд ч асуудалгүй, чинээлэг захирлуудын тоонд багтдаг бөгөөд хийлч Дээгий Ананд хүүтэйгээ хамт түүний “Вилла Виста” хотхон дахь гэрт хамт амьдрах болсоор багагүй хугацааг элээж байгаа. Монголын урдаа барьдаг хийлч бүсгүй маань АНУ-ын Мичиган мужийн Grand Valley их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн, өндөр боловсролтой цөөхөн хөгжимчдийн нэг. Гэвч гадаад эрчүүдтэй байнга нэр холбогдож байдаг Дээгий өөрөөсөө олон ах энэтхэг нөхрөө сольж, австрали эртэй шинэ амьдрал зохиож байгаад фенүүд нь төдийлөн тааламжтай бус хандаад байгаа.

-Хөөрхөн Мино

- “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү болох дуучин С.Амарбаясгалантай хамт буриад ардын “Хатариш” дууг сонирхолтой байдлаар амилуулсан дуучин Мино буюу Т.Номин саяхан хуримаа хийсэн. Тэрээр Дамбын Хишгээгийн хүү Энхжин  хэмээх залуутай хуримласан бөгөөд нийт 500 гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Түүний ирээдүйн нөхөр болж буй “Дамбын Хишгээ” гэдгээрээ алдартай хүний том хүү Энхжин нь хурдан моринд хорхойтой нэгэн гэнэ лээ. Тэрээр хуримынхаа үеэр эхнэр болох Минод 1001 сарнайн баглаа бэлэглэсэн нь ихэд онцлог үйл явдал байсан юм. Баяр дээр баяр нэмж хадам аав болох Дамбын Хишгээ Ланд-200 маркийн авто машин шинэхэн хосуудад бэлэглэж бэл, нүнжигээ харуулсан гэнэ лээ.

-“BEST” сонголт Х.Отгонтуяа

Ерөнхий сайд асан С.Батболдын гэргийг урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Энэ хоёр хүний учирсан түүх, хайр сэтгэлийн холбоо нь олны анхаарлыг татах нь гарцаагүй. Тэдний хувьд хэн хэнийх нь анхны гэрлэлт бүтэлгүйтэж, ганц биеийн амьдралаар амьдарч байсан ажээ. Харин тэднийг Х.Отгонтуяа хатагтайн багын найз Ц.Гантуяа гэх бүсгүй танилцуулж, холбосон гэдэг. Тухайн үед “өндөр яам”-нд ажилладаг байсан Ц.Гантуяатай багийн найз Х.Отгонтуяа нь уулзахаар ирэхэд ирээдүйн ерөнхий сайд сэтгэл алдарч, Ц.Гантуяагаас найзыгаа танилцуулж өгөхийг гуйсан гэдэг. Нөхрөөсөө салаад удаагүй, нялх хүүхэдтэй байсан Х.Отгонтуяа танилцах саналаас эрс татгалзсан нь мэдээж. Гэсэн ч найзынхаа татгалзах саналыг хүлээж аваагүй Ц.Гантуяа утасных нь дугаарыг С.Батболдод өгч орхисон нь тухайн үед хийсэн хамгийн зөв шийдвэр байсан гэнэлээ. Учрах ёстой хүмүүс учирдаг жамтай, тиймдээ ч алдаа онооны дэнсэн дээр учирсан тэд хожуу ч гэсэн нэг гэрт орсон. Амжилттай яваа эр хүний ард, ухаалаг эмэгтэй хүн байдаг гэдэгчлэн удалгүй С.Батболдын нэр хүнд өсч, ерөнхий сайд болтлоо дэвшсэн нь олны анхаарлыг татаж бүр сүүлдээ хувийн амьдрал руу нь нэвтрэхэд хүргэсэн. Ерөнхий сайд асан С.Батболд эхнэрийнхээ тухай ярихдаа “амьдралынхаа хамгийн “BEST” сонголт” гэж байсан. Үүнээс харвал ерөнхий сайд маань хоёр дахь амьдралдаа тун сэтгэл хангалуун байдаг бололтой. Түүний анхны эхнэрийг Баттуяа гэдэг. Тэрээр одоо АНУ-д ажиллаж амьдардаг. Харин Х.Отгонтуяагийн хувьд сонгодог урлагт тун элэгтэй нэгэн бөгөөд эрхэм ерөнхий сайдын найдвартай ар тал нь болдог байна. Энэ хоёр таван хүүхэдтэй.

-Нийтийн дууны “гүнж” Т.Баясгалан

Нийтийн дууны “гүнж” Т.Баясгалан нэгэн цагт “Би монголын хамгийн баян эмэгтэй” болно хэмээн ярьдаг байсан гэнэ лээ.  Харин өнөөдөр дуучин бүсгүйн мөрөөдөл биелжээ.  Тэрээр  Кёкшюүзан Д.Батбаяртай гэрлэж, хүү охин төрүүлсэн. Түүний мэдэлд өдгөө “Баясгалантай дэлхий”  эмэгтэйчүүдийн төрөх эмнэлэг,  “Шонхор” телевиз,  “Зиндаа” сонин, “Хүүхдийн ертөнц хөгжлийн төлөө”  ТББ  байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн арав гаруй компанийн хувьцаа эзэмшдэг нөхөр нь дуучин гэргийдээ олон зуун саяын үнэтэй зочид буудал, эмэгтэйчүүдийн эмнэлэг бэлэглэж байсан гэдэг.

Энэ магадгүй түүнийг Монголын хамгийн баян эмэгтэй мэт харагдуулж байж болох л юм. Түүний  нөхөр Кёкшюүзан Д.Батбаяр өдгөө УИХ-ын биш ч гэлээ Төрийн ордонд өрөө хөлслөн суух сонирхолтой юм шиг ээ. Төрийн ордоноос салж чадахаа байсан нөхрөө дуучин Т.Баясгалан ажилд нь хүргэж өгч байгаа харагддаг.

Дуучин Т.Баясгалан хослон дуулж, урлагийн ертөнцөд хөл тавьсан ч хайр сэтгэлийн асуудлаасаа болж, тус тусын замаа хөөсөн дуучин С.Жавхлантай 2008 оны есдүгээр сарын 17-ны өдөр хуримаа хийсэн гэсэн шум байдаг. Жирийн дуучин эрээс баян чинээлэг эртэй амьдралаа холбосон тэрбээр аргагүй л хийморьтой нэгэн гэлтэй.

Б.ДЭЖИД


URL:

Сэтгэгдэл бичих