“Болжмор”-оор ажлаа хийлгэж хэтэвчээ зузаалсан Хятад иргэд

Нийслэлийн Налайх дүүргийн зүүн өмнөх гүвээг давангуут давхарлан өрсөн урт урт тоосгонуудыг нэлэнхүйд нь хар гялгар юмаар хучсан дүр зураг угтана. Энэ бол тус дүүрэг дэх тоосгоны үйлдвэрүүдийн ерөнхий төрх юм. Одоогоор Налайхад 23 тоосгоны, нэг цементний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тамгын газрын үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга А.Туяабаатарын хэлснээр эдгээрээс ердөө гурван үйлдвэрийг л Монголчууд чадан ядан ажиллуулж байна.

 

Бусад нь хятад эзэнтэй үйлдвэрүүд аж. Хятад эзэнтэй тоосгоны үйлдвэрүүд иргэдийг өдөрт 3500- 5000 төгрөгөөр ажиллуулдаг юм байна. Тоосгоны үйлдвэрүүдэд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд ажилладаг нь сонирол татав. Үйлдвэрийн хашаанд тоосгыг хаа сайгүй жирийтэл өржээ. Үйлдвэрүүд хоорондоо ойрхон байх бөгөөд засан хүмүүжүүлэх газрынх шиг өндөр бетонон хашаатай.

 

Хэд хэдэн үйлдвэрээр орж үйл ажиллагаатай нь танилцах гэсэн боловч амралтын улирал эхэлсэн, монгол ажилчид байхгүй, ганц хоёрхон хятад ажилчин бааюу/шохой шатаах зуух/ шатааж байгаа гээд хамгаалагч нь оруулахыг хүссэнгүй. Хашаан дотор цөөн хэдэн хятад иргэд бөхөлзөн тоосго зөөж байгаа харагдав. Манай сурвалжлах баг цааш явж “Шинэ тоосго”-ны үйлдвэрээр орлоо.

 

Тэнд 20 гаруй хятад, арав гаруй эмэгтэй тоосго өрж байлаа. Бид пийшингээс шатаасан тоосго гаргах тэрхүү агшинд очиж таарав. Битүү уур савссан халуун тоосгыг монгол эмэгтэйчүүд “Пад пад” хэмээх жижиг оврын тракторын чиргүүл дээр чөлөө завгүй ачиж байв. Өмссөн хувцас нь тоос түйрэнд дарагдаад, нэлэнхүйдээ улаан болж, нүүр царай нь танигдахын аргагүй болжээ.

 

Хамар, зулаг нь цайрч сааралтсан ажлын хар гутал, ханцуй тохой нь урагдсан ногоон алаг цамц, халаас нь салбарсан эрээн өмд бол тоосгоны үйлдвэрийн ажилчдын хувцас аж. Толгой өөд татах завгүй тоосго өрж зогсох нэгэн эмэгтэйгээс ажлынх нь талаар тодруулах гэхэд “Эзэн биднийг зөвшөөрөлгүй яриа өгвөл ажлаас хална. Саяхан манай ажилчид ярилцлага өгөөд ажлаасаа халагдсан.

 

Өөр үйлдвэрт орох гэхээр битгий аваарай гээд хэлчихдэг юм байна лээ” гээд мэдээлэл өгөхөөс цааргалав. Ингээд гал тогооны болов уу гэмээр гэрт дулаацахаар орлоо. Үүдээр хөл тавингуут л өөрийн эрхгүй жихүүдэс төрөв. сармисны  нэгширсэн үнэр сэнхийж, шавар, тоосондоо дарагдсан гутал, хувцас эх адаггүй хөглөрч, ээлж солигдсон ажилчид бололтой хоёр гурван залуу нэгнийгээ дэрлэх нь шахуу гүн нойрондоо автжээ. Хижээл насны эмэгтэй ажилчдын хоол бэлтгэж байв. Гадаа хүйтэн байна шүү гэсээр бид галд дөхөж суун яриа өрнүүллээ.

-Та энэ үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна. Ажлын нөхцөл байдал ямархуу вэ?

-Тоосгоны үйлдвэрийн тогоочоор гурван жил ажиллаж байна. Амьдрахын эрхэнд л ийм ажил хийж сууна даа. Биднийг боол шигээ л харьцдаг. Хүмүүс гаднын оронд боол хийж байна гэж ярьдаг. Тэгвэл Налайхын тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаа монгол иргэд боолчлогдоод 10 гаруй жил болж байна. Ажлын орчин нөхцөл яаж сайн байх билээ. Хяналт шалгалтынхан ирээд ариун цэвэр хангалтгүй гэсэн, үндэслэлээр торгох төдий л арга хэмжээ авдаг юм шиг байна лээ.

-Хэдэн ажилчны хоол бэлтгэдэг вэ. Хоолны материал хангалттай хүрэлцдэг үү?

- Манай үйлдвэр 60 гаруй хүнтэй. Ээлжийн тогоочгүй, ганцаараа ажилладаг. Голдуу шөлтэй хоол хийнэ. Өдрийн хоолныхоо орцыг та нарт хэлбэл итгэхгүй л байх аа даа. Өдрийн хоолонд нэг кг мах, гурван кг гурил, нэг аяга ургамлын тос, жаахан байцаа, төмс өгдөг. Үүгээр л 60 хүний гурилтай шөл бэлтгэдэг юм.

-Ийм хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хоол цай сайтай байхгүй бол их л ядрах байх даа. Хоолны материал хүрэлцэхгүй байгааг Та эзэндээ хэлдэг үү?

-Анх ажил хийх үед уг нь ийм байгаагүй. Хоол хүнс хангалттай, ажлын хувцсаар хүртэл хангадаг байсан. Жил ирэх тусам хангамж муудаж байгаа. Үүнээс болоод залуучууд маргалдаж хэрүүл зодоон гаргадаг. Тийм болохоор тоосгоны үйлдвэрт хүүхэд. эмэгтэйчүүд ажиллуулах  сонирхолтой байдаг гэв. Энэ бүсгүй мөн л нэрээ нууцлахыг хүссэн нь ажилгүй хоцрох вий гэсэн айдастай холбоотой нь илт.

 

Гэрээс гараад зогсож байтал тоосго өрж буй хүмүүс дээр хоёр ч хүүхэд ирчихсэн “Пад пад”-ын тэвшин дээр тоосго зөөж тавихдаа бараг гүйх нь халаггүй харагдав. Ашгүй энэ үеэр “босс”-ууд цайндаа орсон бололтой. Бидэнд хүүхдүүдээс тоосгоны үйлдвэрт ажиллах болсон шалтгааныг асууж лавлах боломж олдсон юм. Өөрийгөө Л.Хуяг гэж танилцуулсан хүү энэ жил сургуулиас завсардсан аж.

 

Тэрбээр ээж, аавдаа тус нэмэр болохын тулд тоосго зөөж эхэлжээ. Өдөржингөө ажиллаад ердөө 3500 төгрөг авдаг. Аав нь мөн энэ үйлдвэрт өдрийн 5000 мянган төгрөгийн хөлсөөр ажилладаг аж. Л.Хуяг аавтайгаа нийлээд өдөрт 30 гаруй мянган тоосго завсар чөлөөгүй зөөж байж арай чүү л 8000 гаруй төгрөг өвөртлөн харьдаг юм байна. Түүний найз нь өглөө хичээлдээ яаж. үдээс хойш энд ирж тоосго зөөдөг байна.

 

Л.Хуяг “Зун Налайхын гэр хорооллын  бараг бүх хүүхэд тоосго зөөдөг. Биднийг “Болжмор” гэж нэрлэдэг” хэмээн инээмсэглэн өгүүлэв. Түүн шиг насанд хүрээгүй хүүхдүүдийг нутгийнхан төдийгүй хятадууд ингэж дуудсаар хэдийнэ дасал болжээ. Тэдний энэхүү цагаахан ярианаас үзвэл нутгийн тоосгоны үйлдвэрүүд томчууд болон хүүхдүүдийн хөдөлмөрийг мөлждөг нь илхэн байна.

 

Үндсэн цалин гэж байхгүй. Зөвхөн хийснээрээ л цалин авдаг аж. Зуны улирал бол тоосгоны үйлдвэрийн эздийн орлого олдог оргил үе. Өөрөөр хэлбэл, сурагчдын амралтаар “болжмор”-ууд үйлдвэрүүдийн ихэнх ажлыг нугалж өгдөг аж. Мөн хүүхдүүд зөвхөн тоосго зөөхөөс гадна халтуур хийдгээ ч бидэнд нуулгүй хуучилсан юм. Халтуур ч гэж дээ. Чиргүүлтэй ЗИЛ-130 машинд 5000 тоосго ачаад 7000 мянган төгрөг авдаг аж.

 

Хүүхдүүд хэдүүлээ нийлбэл нүд ирмэх зуур л аччихдаг гэнэ. Гурвуулаа 5000 тоосго ачлаа гэж бодоход нэг хүүхэд 2300 төгрөг авна. Энэ нь хүүхдийн хөдөлмөрийг дэндүү бага үнэлж буйн жишээ юм. Хуулиараа 16 нас хүрээгүй хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэх хориотой. Гэтэл хятад “босс”-ууд загнаж, зандчиж байхад амар хэмээн хүүхэд, эмэгтэйчүүдээр тэрэгний морь хийж, түрүүвчээ зузаалаад өвөл нутаг уруугаа буцдаг байна.
Хөх толбогүй 53 хүүхэд төржээ
Ажлын улиралд зөвхөн нэг тоосгоны үйлдвэрт 300 гаруй хятад эрс ажилладаг гэсэн судалгааг дүүргийн ИТХ-ын гишүүд гаргажээ. Тэдний нэлээд нь монгол эхнэртэй болж, одоогоор 53 хөх толбогүй хүүхэд Налайхад мэндлээд байна. Өмнөд хөршийн бэр бологсод ихэвчлэн 16-30 гаруй насны бүсгүйчүүд. Хамгаалагч залуугийн хэлснээр тоосгоны үйлдвэрүүд хашаан дотроо намхан урт байшин бариад ажилчдаа байрлуулдаг аж.

 

Монгол эхнэр авсан ажилчнаа өрх тусгаарлаж, урт байшингийнхаа умгар өрөөг султгаж өгдөг байна. Хяналт шалгалт ирэхээр “Ажилчдаа байрлуулдаг газар. Орой болтол ажиллаж байгаа болохоор эмэгтэйчүүдийг энд хонуулдаг” гэсэн тайлбар хэлдэг гэнэ. Эхнэрээ болгосон монгол бүсгүйчүүд хүүхдийг нь гаргачихвал хятад иргэд өөрийнх болсон гэж үзээд жаахан л эвгүйтвэл барьж аваад зоддог гэх.

 

Өнгөрсөн намар 21 настай эмэгтэй хятад хүнтэй суугаад хэвтэрт ортлоо зодуулсан тохиолдол гарсан тухай ч дуулгав. Биднийг “Шинэ тоосго”, “Күн лүн”, “Гэрэлт-Орд”, “Бумбатын гол”, ‘‘Toп тоосго”, “Угалзан цамхаг”, “Сүмбэр хунтан* “Нарангийн гол” зэрэг үйлдвэрээр орох үед хөл хүнд эмэгтэй цөөнгүй тааралдсан, Тэд насны хувьд нэлээд залуухан. Тоосгоны үйлдвэрүүдэд ажилладаг 300 гаруй хятадуудыг зугаацуулах охид машин машинаар ирдэг талаар монгол залуус их л жигшингүй хэлж байв.

 

Тэд “Манай охид өөрсдөө л гүйгээд ирдэг. Богино банзалтай, нүцгэн шахуу охид гүйж ирээд л хятад хүний өвөрт орж хэдэн халтар төгрөг салгаж, ажил хийхгүй, гиюүрч амьдарч байна шүү дээ” гэв. Ер нь Налайхын амьдрал ахуйтай танилцаж явахад дүүргийн IV хороо тэр чигээрээ хятад хороолол болчихсон мэт сэтгэгдэл төрөв. Ихэнхдээ амьдралын боломж тааруу айлын охид хятад хүнтэй гэр бүл болдог аж.

 

Тэд өрх, дүүргийн эмнэлэгтээ жирэмсэн болсноо мэдэгдэхгүй байж байгаад гэнэт л “Төрлөө шүү эмчээ” гэсээр ирдэг байна. Ийнхүү ургах нарнаас унтах саран хүртэл хорт утаан дунд борви бохисхийлгүй ажиллах энэ хүмүүсиин уушги ажиллаж буй орчныхоо бохирдпоос болж тоосго шигээ чулуужиж байгаа гэж Н.Баттулга жолоочийн хэлсэн үг хатуу боловч үнэн.

 

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэж юунд хэрэгтэй ямар бичиг баримт байдгийг ч бараг мэдэхгүй, хоногийнхоо хоолыг олохын төлөө зүтгэж буй тоосгоны үйлдвэрийн ажилчдыг харж хандах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Налайх дүүргийн удирдлагууд амьжиргааныхаа төлөө зүтгэж буй дүүргийнхээ эгэл иргэдэд биш хэтэвчээ зузаалж буй хятадуудад илүү анхаарал тавьдаг гэсэн гомдлын үг ч хүмүүсийн амнаас унаж байлаа.

 

Тоосгоны үйлдвэрүүд Налайхын уурхайн бөөрийг түшиж олноороо буй болсон нь цаанаа л учиртай. Нүүрсний амны малталт хийсэн сул цагаан шороо, газрын гадаргуу нэвчин ундрах ус, тоосго шатаахад хэрэглэж бэлэн нүүрстэй орчинд тоосго үйлдвэрлэхэд эдийн засгийн ямар ч гарзгүй ажээ. Ийм бэлэн түүхий эдээр тоосго цохиж ашиг олдог атлаа ажилчдынхаа цалинг тав, арван мянган төгрөгөөр нэмчихэж болмоор л санагдана.

 

Хамгийн наад зах нь өдрийнх нь хоол унданд гар татаад баймааргүй. “Хойд эцгийн гар харж өссөн хүүгийн харцанд үргэлж айдас байх агаад тогооны хусам босоогоороо хам хум идэж ажилдаа гарав” гэсэн дүрслэл бүхий наяад оны зохиолчдын богино өгүүллэгийг санагдуулах мэт энэ амьдралд хэзээ жаргал ирнэ дээ. Үйлдвэр дээрээ ширхэг тоосго 300 төгрөгийн үнэтэй байна.

 

Хятад тоосгоны үйлдвэрт ажиллаж буй хүмүүсийн өдрийн хөлсийг тоосгоны үнэд шилжүүлбэл 17 ширхэг тоосго болно. Үүнээс харахад эх орондоо байгаа монголчууд бид хятад хүмүүсийг хөрөнгөжүүлэхэд ямар их хувь нэмэр оруулж байна вэ.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих