Ц.Нямдорж гишүүнд өгөх зөвлөгөө

Монгол оронд олон “юм” дутуу. Хүн чанар бол бараг үгүйтэй адил. Үүнийг маш товчхондоо “Шинэчлэлийн эрэлхийлэл хэмээн” нэрлэж ч болох юм. Гэтэл хамгийн хачирхалтай нь хамгийн хуучин хүн өөрийгөө шинэ гэж дүгнэдэг “хачин” цаг үед амьдарч байгаагаа би сая мэдэв. Уг нь Шинэчлэлийг шинэ Засгийн газар л хийх учиртай. Яагаад гэвэл МАН-гарууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд ядахад V цахилгаан станц барьчихсан байх байлаа. Тэгсэн бол тэр мөнгөөр өдийд хүн ам олонтой багийн төвд ч цэцэрлэг барьж болох. Ингээд бодоод үзэхээр тэд шинэчлэл байтугай “сөнөөлт” хийжээ гэж ойлгоход ихэнх талаараа хангалттай мэт.

Одоогийн байдлаар бүхий л салбар нь шинэчлэл үгүйлж байгаа манай улсад ирэх онд хэдэн төгрөг юунд зарцуулах вэ гэдгээ хууль тогтоох дээд байгууллагаараа хэлэлцэж байна. Товчхондоо Шинэчлэлийн Засгийн газрын анхны төсвийг хэлэлцэн баталж байгаа юм. Мэдээж ирэх жил бүтээн байгуулалт өрнөх нь гарцаагүй. Харин өрнүүлэхгүй байх далд санаа, санаатайгаар улс орны хөгжил дэвшлийг нураах гэсэн оролдлого хамгийн хуучин хүмүүсээс гарах болсон нь дэндүү ойлгомжгүй байдал үүсгээд байна. Тухайлбал хуучны “Ху” намын, одоогийн МАН-ын “манлай” хуульч гэж өөрийгөө өргөмжилж, өхөөрдөх УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэж нэг нөхөр байна. Энэ хүн сүүлийн үед бүр “хувхай” амтай болж гүйцлээ. Түүний амнаас унах үгийг цөөн үгээр илэрхийлбэл “Буруу, зөрүү, болохгүй бүтэхгүй, нурна, бутарна”… Яг үнэндээ төсөв нь тэдний хэлээд байгаа шиг буруу батлагдвал, шинэ Засгийн газрын ажил нь бүтэлгүй байвал түүнд л сайн биз дээ.

Бүр МАН-ынханд. Гэтэл гэнэт “сайн” андын дүр эсгэж, төрийн дансыг сонгуульд зориулан улайлгачихаад мань нөхдүүд гэнэт эх орончид болж тодрох нь өөрсдийнх нь хэлсэн шиг дэлхийн хаана ч байхгүй онигоо гэдгээ мэдэхгүй дуусах бололтой. Тэд одоо болж л өгвөл “шинэчлэл” хийлгэхгүй, сургууль ч нэмж бариулахгүй, ирэх оны төсөв ч батлуулахгүй хэл ам хэрүүл тэмцэл үүсгэдэг болов. Асуудлыг олонхоороо шийддэг ардчиллын зарчмыг эсэргүүцэхдээ “Хүчирхийллээ, түрэмгийллээ” энэ тэр гэж тэнэгтэх нь бол энүүхэнд. Тэгэхээр тэдний хувьд төсөвт санаа зовох биш, түмэн олныг яаж дөрвөн жил арчаагүй байлгаж байгаад Ардчилсан намаас төрийн эрхээ булааж авах вэ гэсэн муухай санаа байж магадгүй.

Харин Ц.Нямдорж гишүүнийн араншинг ажиглахад амь наана там цаана байгаа нь нэвт шувт ажиглагдах болов. Цөөн үгээр хэлбэл тэрбээр өмнө нь сайд байсан бол одоо эсэргүүцэгч болчихсон. Бүр бүтээн байгуулалт, хөгжил шинэчлэл бүрийг шүү дээ.

Уг нь сайд асан ард түмнийг өөртэйгээ адилхан өндөр өртөгтэй /магадгүй ам.доллараар тооцоогоо хийдэг байх/ үнэтэй тансаг хауст түрээс төлөөд сууж чадалгүй гэдгийг мэдмээр л юм. Тийм байтал гэр хорооллынхон шавар байшиндаа халуун хүйтэн усаа авчихаад суух бололцоог эсэргүүцээд байх юм.

Хөвсгөл, Сүхбаатар аймгийн гэр хорооллын иргэд шавар байшиндаа халуун устай, дэд бүтэцтэй болж байгаа нь сайн хэрэг. Энэ бол хөгжил. Тухайлбал, Сүхбаатар аймгийн бүтээн байгуулалтыг би биеэр очиж хараагүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай харлаа. Бахархах сэтгэл төрснөө нуух юун.

Шинэчлэлийн Засгийн газар дөрвөн жилийн дотор 20 аймгийн төвийг өөрчилнө гэсэн зорилт тавьсныг сонсоод “арай үгүй байлгүй дээ” гэж бодож байсан бодол маань өөрчлөгдсөн гэдгийг ч танд хэлмээр байна.

Нээрэн яагаад гэр хорооллын иргэд сайн амьдарч болохгүй гэж. 90 жилийн турш нэг графикийн шугам дээр болон доор амьдарсан иргэд яагаад дээшээ явж болохгүй гэж.

“Хөвсгөл, Сүхбаатар аймагт л мөнгө хуваарилаад байх юм. Сайд дарга нартай аймаг нь мөнгө авдаг байдлыг би ойлгохгүй байна. Би уншаад уншаад ойлгохгүй байна” гэдгийг чинь гишүүд битгий хэл жирийн иргэд бид сонсоод хөх инээдээ барьж ядаж байна. Тэгээд ч танай нам өнгөрсөн хугацаанд сайд дарга нарт зориулсан төсөв баталж байсан гэдгийг ангийн анд С.Бямбацогт хэлсэн шүү дээ. Тэрээр “Шинэчлэлийн Засгийн газар анхны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирлээ. Шинэчлэлийн Засгийн газрын төсвийг би шинэчлэгдсэн, арай өөр, ард түмэн рүүгээ хандсан төсөв байх болов уу гэж бодож байлаа. Гэтэл тэгсэнгүй. Хуучинсаг, байдаг л нэг төсөв оруулж ирлээ. Энэ төсвийн онцлог нь ард түмэн рүү биш сайд дарга нарыг дэмжсэн, хуучин төсөв оруулж ирж хэлэлцүүлж байна” гэж ярьсан. Тэгэхээр танай намынхан танд зориулж төсөв баталдаг байсан болж таарах нь ээ. Та 16 жил сайдын алба хашсан биз дээ. Та бүтээн байгуулалтыг битгий эсэргүүц л дээ. Ингэж байж л шинэчлэгдэнэ шүү дээ.

Б.ГАЛ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.