Б.Чойжилсүрэн: АН-аас асуугаад байх ч зүйл биш

Өвөрхангайн тойргийн маргаанаас болж улс төрийн нөхцөл байдал хурцдаж, асуудал ар араасаа хөврөх болсон. Үүнтэй зэрэгцэн Увс, Дархан-Уул, Дорнод аймгуудад нэр дэвшиж ялалт байгуулсан МАН-ын гишүүдийг эргүүлэх татах асуудал ч хөндөгдөх болов. Энэ тухай хариуцлагатай алба хашиж буй цөөнгүй эрхмийн амнаас ч цухалзаад өнгөрсөн билээ. Тэр дундаа сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараасан гэх үндэслэлээр Увсын гишүүдийг эргүүлэн татна гэх мэдээлэл нэлээд газар аваад буй. Тэр ч бүү хэл, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн туслах хэргээ хүлээсэн талаар ч чих дэлссэн. Энэ талаар эрхэм гишүүнээс цөөн асуултад тодруулсан юм. Мөн түүнээс ойрын өдрүүдэд хэлэлцэж буй ирэх оны төсвийн төслийн талаар ч байр суурийг нь сонирхлоо.

 -Ирэх оны төсвийг төслийг хэлэлцэж байна. МАН-ынхан ихэд шүүмжлэлтэй хандаж буй бол таны хувьд өөр байр суурьтай байгаа бололтой байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ирэх оны төсөв нэлээд эрсдэлтэй батлагдаж байна уу даа гэсэн бодолтой байгаа. Дэлхийн зах зээл гол түүхий эд болох нүүрс, зэсний үнэ тогтворгүй байна. Тийм учраас ирэх оны төсвийн тухайд орлого тал нь нэлээд эрсдэлтэй байж магадгүй гэсэн төлөөлөл бий. Сөрөг хүчин болсон учраас дандаа сөрөх, шүүмжлэх бодлого баримтлахыг урьтал болгохыг хүсэхгүй байна. Тэд олонхиороо ажлаа хийг, харья. Засгийн эрхийг аваад удаагүй байна. Магадгүй бал сар нь ч дуусаагүй бололтой.

-Тэгвэл эхлээд тэдний юу хийж чадахыг нь харж сууна гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно.

-Та сөрөг хүчин боллоо гэж тодотголоо. Гэвч МАН өнөөдрийг хүртэл албан ёсоор бүлгээ баталгаажуулж чадаагүй байна. Үүнээс харахад парламент дахь сөрөг хүчин мөн гэж үү?

-Юу ч гэж хэлэх вэ дээ. Бид байнгын хорооны хуралдаанд ч орж болдоггүй. Уг нь гишүүд тэгш эрхтэй гэж ярьдаг биз дээ. Гэтэл санал гаргах ч эрхгүй байдалтай л байна. Олон нийт энэ талаар мэдэж байхад юу ч гэж тайлбарлах билээ.

-Бүлгийн асуудал нэлээд сунжрах бололтой. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг эрх баригчид долоо хоногоор хойшлууллаа. Энэ байдлаараа ирэх оны төсөв ч сөрөг хүчний оролцоогүйгээр батлагдах нь?

-Бүлэг байгуулах эрх нь Үндсэн хуулиараа хэдийнэ олгогдчихсон. АН-аас асуугаад байх ч зүйл биш. Ард түмэн өөрсдөө сонголтоо хийнэ биз. Монголчууд ардчилсан нийгэмд шилжээд 22 жил боллоо. Сүүлийн үед суурь зарчмууд их алдагдаж байгаа даа. Ард түмний үндсэн эрх сонгох, сонгогдох эрх тэгш байх ёстой. МАН өнгөрсөн 20 гаруй жилийн дийлэнх хугацаанд нь Засагласан нам. Гэхдээ цөөнхийг хэзээ ч иймэрхүү үндсэн эрхээр нь боомилж, хааж байгаагүй. Ойлгоцгоох байлгүй дээ.

-Сонгох, сонгогдох эрх… Увсын хоёр гишүүнийг эргүүлэн татах тухай түймэр шиг дүрэлзэж байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Би хууль зөрчөөгүй. Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёрт хуулийн байгууллагаа эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн гүтгэлгийн шинжтэй зүйл л яваад буй. Хариуцлагатайгаар хэлэхэд, Эрүүгийн, иргэний, захиргааны ямар нэгэн хэрэг бид хоёрын нэр дээр үүсгэгдээгүй. Ер нь энэ байдлаараа МАН-аас гишүүн үлдэх юм уу, энэ парламентад. Бүгдийг нь эргүүлэн татах юм биш үү. Бараг эргүүлэн татчихвал ч амар ч юм уу. Сөрөг хүчингүй болж, дур зоргоороо авирлахад нь.

-Таны туслахыг хэргээ хүлээсэн гэсэн шүү дээ. Сонгуулийн үеэр мөнгө тараасан тухай?

-Тийм зүйл огт байхгүй. Хийсэн хэрэггүй учраас хүлээх зүйл байхгүй гэдгийг л хэлье.

-Тэгэхээр хуулийн байгууллагаас шалгаагүй гэсэн үг үү?

-Өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаас ямар ч албан бичиг надад ирээгүй.

 Л.НИНЖ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.