Жудаг дуусна гэж байх уу

Галт сум хаанаас л бол хаанаас нисээд ирж болзошгүй газийн зурваст өдөрт дунджаар таван хүн нас бардаг гэж дуулсан санагдана. Нас барах тохиолдлын олонх нь дэлбэрэлт, эсвэл тэнэсэн суманд өртсөн байдаг гэсэн үг л дээ. Гэтэл энх цагт ардчиллыг тайван замаар цогцлоосон Монголд юу гээч болоод байна вэ. Өдөрт арваад хүн үхэх нь бараг л байдаг л зүйл мэт хүлээж авдаг болчихож та бид.

 

Үдшийн бүрийд жаахан бүсгүй гөлөмцүү найгана, гудамжаар…Одооны хүүхэд, хүүхнүүд ийм болчихсон гэж хижээл насныхан шүүмжлэн зөрж, үе тэнгийнхэн нь дэрвэж алсархуй, гудамжны гэх тодотголтой хэсэг нь хүнгүй газар аваачиж байгаад сэгсрэх алтан боломж олдох эсэхийг тандан араас нь сэмхэн дагана. Маргааш нь цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан жигтэйхэн сүрхий мэдээ уншина, цэнхэр дэлгэцээр. 20 хүрээгүй бүсгүй согтуугаар осгож үхсэн, хүчиндүүлсэн шалтгаан нь богино банзалтай нь холбоотой гэх ухааны утга агуулгатай мэдээллийг… Хөөрхий учир мэдэхгүй хүүхэд анх удаа архи уугаа л биз, гэрт нь хүргээд өгч чадахгүйгээс хойш ядаж цагдаа сэргийлэх рүү залгая гэх  сэтгэл нийслэлчүүдийн дийлэнхэд төрөхгүй.

 

Янз бүрийн юм болбол байн байн дуудаж байдаалт авна гээд ажлын садаа гэж түвэгшээдэг учраас тэр л дээ. Хэд хоногийн өмнө нийслэлчүүд 100 жилийн баталгаатай Нарны гүүртэй болсон. Наран улсын “ах” нар хийж өгсөн юм, тэр гүүрийг. Харин яг маргааш нь Нарны гүүрний дараагийн лаг гүүр болох Энхтайваны гүүрэн дээр осол болсон.

 

Машин шатаж, дотор нь суусан иргэд гарч чадахгүй сандарч, зарим нэг нь ухаан алдсан байх тэр үед гүүр дүүрэн машинууд шахцалдаж байсан хэрнээ сигналдаж, зам чөлөөлөхийг шаардсанаас бус самбаачлаад аврах сэтгэлтэн хуруу дарам цөөн байдгийг бид харсан, гашуунаар мэдэрсэн, ямар жудаггүй болж хувирснаа… Ингэхэд жудаг гэж юусан билээ.

 

Монгол эр хүн гүндүүгүй байхдаа сайхан гэдэг шиг Монгол хүмүүс жудагтай байдаг гэдэг ойлголт бидний хувьд, хүн хөлтэй байдаг гэдэг шиг хэвийн ойлголт байдаг тэр цаг хэдийнэ байж билээ гэх өнгөрсөн цагийн дурдатгалаар солигдчихоод буйг бид анзааралгүй явсаар өнөөдрийг хүрчихэж. Хүн чанараа хүнд бэрх амьдралтайгаа хамт үрэн таран хийчихэж.

 

Саяхан автобусанд суугаад явж байтал арын хоёр охин ийн ярилаа. Хэзээний хэрэгт дуртай зангаараа чих тавин чагнархсан хэрэг л даэ. Хүний хувийн хэрэгт дурласан ч гэж бас болох юм. Нэг нь, манай ангийн Дорлигийн аавынх нь бие муудаад ангийнхан маань 20,000 төгрөг татаж, хандив өгөх гэсэн юм. Найз нь ойрд зоос багатай тусламж үзүүлээч, гэрээс мөнгө ирэхээр өгчихье.

 

Пөөх, юун өгөөмөр юм бэ. Танай анги хэдэн хүүхэдтэй билээ? 42. Паах 840 мянга болох юм байна ш дээ. Нэг орой зад шоудах мөнгө. Хайран юм гээд писхийтэл инээхээрнь өөриин эрхгүй эргээд хараадхав. Яаж ч харсан бас л 20 хүрээгүй болов уу гэмээр жаахан охид. Нэг найзынх нь аав, үхэл амьдралтай тэмцэж байхад туслах сэтгэлийн оронд нэгэн үдшийн зугааг илүүд үзэх нь тоогүй. Нэг ийм л ёс зүйд дарлуулсан өнөөгийн монголчуудад жудаг, хүн чанар гээч юм байхгүй болчихож.

 

Хаа нэг наргиан болгон хүн чанар мухар олгойтойгоо хамт авахуулчихсан гэж наргианы үг биелээд бидний, тодруулбал, чиний бас миний амьдралын хэв маягт суурьшчихсан гэдгийг сая л мэдэрлээ. Баахан гунигтай Монгол хүний гэгддэг сайн сайхан уламжлал сэтгэхүйн гэгээлэг хэв маяг суурин амьдралд шунан дурласан биднээс өдөр өдрөөр алсарсаар буйг хүлээн зөвшөөрөх жаахан тиймхэн ч яг л тийм болчихож.

 

Харсаар байгаад нэгийгээ үхүүлэх сэтгэлийн хөрөлт хэзээнээс бидэнд хэвшчихвээ… Ядаж байхад гадаа сэрүүн орж, үдэш оройдоо баахан жиндэх маягтай. Үнэхээр их даарч байна, жудаггүй аж төрөх хэв маяг хүйтэн ажээ. Өвлийн тэсхийм хүйтэнд хайрах жавар мэт…

Х.Хүслэн

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих